Увс аймгийн удирдлагууд буюу Увсын Ардчилсан намынхан 90 жилийн ойн баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэхдээ нэгэн төрийн бус байгууллагын дансаар хандив цуглуулж, заримаас нь хувьдаа завшсан байж болзошгүй бөгөөд ашиг сонирхлын зөрчилтэй компаниудаас ямар нэгэн болзолтойгоор хандив авсан нь байна гэх мэдээллийг бид өчигдөр онцолсон билээ.

Хамгийн гол нь тухайн үед хандив цуглуулсан “Увс нутгийн хөгжлийн хөтөч” төрийн бус байгууллагыг Увс аймгийн Ардчилсан намын дэд дарга Т.Эрдэнэбат өөрөө үүсгэн байгуулсан байжээ. Мөн хандив цуглуулах үеэрээ буюу өнгөрсөн оны зургадугаар сард хаан банкны данс нээж, хандиваа авч эхэлсэн байна.

Тус аймгийн хэмжээнд олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан 20 гаруй төрийн бус байгууллага байдаг ч шинээр байгуулагдсан эл байгууллагыг өөрсдийн эрх мэдлийн хүрээнд дур мэдэн сонгож, хандивын мөнгөөр сонгуулийн сурталчилгааны зардал босгосон байж болзошгүй байгаа юм.

Үүнээс гадна хандивын мөнгийг Орон нутаг захиран зарцуулсан уу, Т.Эрдэнэбат өөрийн эрх мэдлээр зарцуулсан уу гэдэг нь ч тодорхойгүй байгаа юм байна. Тэрбээр ярилцлага өгөхдөө “ Ойн арга хэмжээний үеэр Увс аймагт 56 сая төгрөгийн хүүхдийн урлагийн хувцас, 420 сая төгрөгийн ном сурах бичиг, 46 сая төгрөгийн хөгжим, техник хэрэгсэл нийт дүнгээрээ 720 сая төгрөгийн хөрөнгө үлдсэн хувилбал нийт хандивын 44.4 хувь нь” гэжээ.

Гэтэл бодит байдал дээрээ тайзны чимэглэл болон урлагийн хувцас нэрээр 2015.07.01 нд 57 сая төгрөг 2015.07.07 нд 60 сая төгрөг тус тус бэлнээр гарсан байгаа юм. Т.Эрдэнбат даргын хэлснээр дээрх 117 сая төгрөгнөөс 53 саяын хувцас хэрэглэл л үлдсэн бололтой. Мөн 420 сая төгрөгийн ном сурах бичиг гэдэг нь хандивын дансанд хуримтлагдсан мөнгөнөөс худалдаж аваагүй харин “Шинэ тэмүүлэл” ТББ-аас явуулсан “Book challenge” аянаар цугласан ном байжээ.

Тэгэхээр эцсийн эцэст “Увс нутгийн хөгжлийн хөтөч” ТББ-ын дансанд хандиваар цугласан 1 тэрбум 556 сая 414 мянга 710 төгрөгнөөс Хүүхдийн хувцасны 56 сая төгрөг , хөгжим хэрэгслийн 46 сая төгрөг, Х.Баянмөнх аваргын хөшөө цогцолбор 350 сая төгрөг нийт 452 сая төгрөгийн үр өгөөж үлджээ. Үлдсэн 1 тэрбум гаруй төгрөгийн хандивын зарцуулалт бүрхэг, үр дүн хангалтгүй байна. Тэгвэл тэр мөнгө хаашаа оров.

Үргэлжлэл бий...

өмнөх нийтлэлийг энд дарж унш

Н.Ганаа