Архустын эмнэлгийн нам даралтын зуух дэлбэрч, хүүгээ сахиж байсан ээж амиа алдлаа (II)
2016/05/10
-ХОЁР ГАЛЧИЙН БУРУУГААС БОЛЖ ЭМНЭЛЭГ ДЭЛБЭРСЭН ГЭВ-
Түрүүч нь №103, 104 (5368, 5369) дугаарт
Халгамаар хэцүү байна лээ, Ц.Ням-Оргилын гэрт очиход. Гурван настай хүү нь “Би ээж дээрээ очмоор байна” гээд өдөр бүр ааваасаа ээжийгээ нэхээд уйлах юм. Амьдралын хатуу хөтүүг ойлгох нь битгий хэл дөнгөж хэлд орсон ангаахай бяцхан хүүдээ ээжийнх нь талаар юу гэж хэлэх учраа олохгүй доошоо хараад суух аавд нь бүр ч хэцүү байгаа. Ц.Ням-Оргил “Сумын эмнэлэг нам даралтын зуухаа дотроо байрлуулаагүй байсан бол өдийд сайхан хань минь амьд мэнд байх байсан юм. Хүүхдээ эрүүл саруул болгох гэж эмнэлэгт хэвтүүлсэн болохоос ээжийг нь байшингийн нурангид даруулах гэж явуулаагүй. Би гомдолтой байна” гэж хоолой зангируулан ярьсан. Эхнэрээ харамсалтайгаар алдсан түүнээс бид ослын талаар асууж зүрхэлсэнгүй.
“Эмнэлгийн ажилтнууд дэлбэрэлт болох үед бүгд ажлынхаа байран дээр байгаагүй”
Харин эгч Ц.Нарангэрэлээс дэлбэрэлтийн талаар цөөн асуултад хариулт авлаа.
-Хүүхдийн биеийн байдал ямар байгаа вэ?
-Хүнд байгаа. Гавлын яс зүүн талаасаа цуурсан. Нүдний ухархай хугарсан, эрүү, нуруундаа гэмтэл авсан байна лээ. Ээжийнхээ мөөмнөөс ч гараагүй байсан юм. Бэр дүү маань төрөөд удаагүй байгаа. Эмнэлэгт очоод дүүг маань сахиж байна. Удахгүй бие нь сайжирч, эрүүл саруул болох байх гэж найдаад л сууж байна.
-Эмнэлгийн нам даралтын зуух юунаас болж дэлбэрсэн юм бол. Танд энэ талаар мэдээлэл өгөх боломж байна уу?
-Аав, ээж минь биднийг хар бага байхаас шударга бай гэж захиж сургаж, хүмүүжүүлж ирсэн. Тиймээс болж өнгөрсөн бүгдийг үнэн шударгаар хэлнэ. Миний бие Архуст сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажилладаг. Сумынхаа соёлын төвд ажилд ороод долоон жил болж байгаа. Манай байгууллага мөн л нам даралтын зухаар халдаг. Дөрвөн галч ээлж ээлжээр гардаг юм. Би галч нартаа хэд хэдэн зүйлийг байнга сануулж хэлж, ажлын хамгийн чухал мөрдлөг болгосон. “Та нар ажил дээрээ гарах болгондоо нам даралтын зуухны тогоогоо дүүрэн устай байлга. Галлагаа хийхдээ 60-70 хэмийн дулаантай байлга. Халууныг 60 хэмээс доош буулгах юм бол өвлийн улиралд шугам, паар хөлдөнө. Харин 70-аас дээш хэмийн халуунтай байлгах юм бол нам даралтын зуухны тогоо улайсаад дэлбэрнэ. Үүнийг анхаарч ажилла” гэсэн үүрэг даалгавар байнга өгсөөр ирсэн. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа байнга өгдөг юм. Мөн ажлын ээлж хүлээлцэх болгондоо хэдэн хэмийн халуунтай байсан. Хаанаас хий авсан талаараа тэмдэглэл хөтөлж ажил хүлээлцэж гарын үсэг зурж баталгаажуулдаг. . Хэрэв тэнд эвдрэл гарсан гэвэл нийлээд засч янзалдаг. Манай сумын эмнэлгийн үйл ажиллагаа сүүлийн үед илтэд сайжирсан. Хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг ажилтнууддаа надтай адилхан л өгдөг байсан. Нам даралтын зуухны тогоонд эвдрэл гарлаа гэхэд сигнал, дуут дохио өгдөг. Усны халуун дулааны хэмжүүр хүртэл байдаг. Юунаас болж дэлбэрэлт болсон бэ гэдэг нь тодорхой байгаа. Тухайн үед нам даралтын зуухны чайяны ус нь дундарчихсан байсан юм байна лээ. Чайяны ус нь дундарч, бага устай болохоор тогоонд байгаа ус гүйцэд эргэхгүй, даралтаар ирэх ус дутуу шахагдаад байхаар аль нэг шугамын хэсэгт хий хуримтлагдчихдаг. Шугамын ихэнх нь хийгээр дүүрэхээр дэлбэрэлт үүсдэг юм. Шуудхан хэлэхэд миний дүүгийн үхэлд дэлбэрэлт болохын өмнөх орой гарсан галч, тухайн үед гарч байсан галч залуу шууд буруутай. Яагаад тэгж хэлж байна вэ гэхээр Т.Алтанхуяг гэх галч залуу ажил хүлээж авахдаа тогоонд байгаа ус ямар хэмжээтэй байсан, хэдэн хэмтэй байсан бэ гэдгийг огт мэдээгүй байна лээ. Эмнэлгийн дарга нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөө аваад гадаад руу явснаас хойш ажил хүлээлцэх тэмдэглэл огт хөтлөөгүй байсан. Халаах тогоонд хэр ус байгааг огт мэдэхгүй Т.Алтанхуяг зуухандаа их хэмжээний нүүрс хийчихээд гараад явчихсан байсан. Тэгээд ус багатайгаас болж хийгээр дүүрээд дэлбэрэлт болсны дараа ажил дээрээ эргэж ирсэн байгаа юм. Энэ бүгдэд хоёр галч буруутай гэж үзэж байна. Тэдний ажилдаа хайнга хандаж, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөнөөс болж дэлбэрэлт болж, дүү маань амиа алдсан гэдгийг дахин хэлмээр байна.
-Эмнэлгийн ажилтнууд дэлбэрэлт болох үед ажлынхаа байран дээр байгаагүй гэх мэдээлэл байна лээ. Энэ талаар сонссон уу?
-Эмнэлгийн галч залуу ажлынхаа байран дээр байгаагүй нь бүх зүйлээр тодорхой байгаа. Нам даралтын зуухны чайяны ус дундарч багасах үед ёнгинож дуугардаг. Дуут дохио маш чанга дуугардаг. Үүний дараа паарнуудад чичрэлт өгч байгаад дэлбэрдэг. Тэгэхээр галч ажлынхаа байран дээр байгаагүй. Хэрэв ажил дээрээ байсан бол нам даралтын зуух дэлбэрэх гээд дуут дохио өгч байхад сонсохгүй байна гэж байхгүй. Мөн албан газруудад осол аваарын үед хэрхэн ажиллах нарийн заавар зөвлөгөө бүхий төлөвлөгөө гаргадаг. Үүнийг нь сумын Засаг дарга гарын үсэг зурж баталгаажуулдаг. Галч ажлын байрандаа байсан бол дэлбэрэлт болох шинж тэмдэг илэрсэн үед бүх хүнийг эмнэлгээс гаргах арга хэмжээ авах ёстой. Гэтэл үүнийг огт мөрдөөгүй нь шууд харагдаж байгаа. Мөн тухайн өдрийн ээлжийн ахлах сувилагч, асрагч нар байгаагүй. Дэлбэрэлт болсны дараа “Ойрхон явчихаад ирэхэд ийм зүйл болчихлоо” гээд зогсож байсан гэсэн. Галч залуу дүүгийн маань хүүхдийн амь насыг аварсан гэж сумаар яригдаж байгаа юм байна лээ. Тэр худлаа шүү гэдгийг хэлмээр байна. Тэр үед эмнэлэгт явж байсан жирэмсэн эмэгтэй хүүхдийн амь насыг аварсан байсан. Эмнэлгийн зүүн захаас баруун захад очиж аварсан гэсэн. Эхний тэсрэлтийн дуунаар очиж хүүхдийг аварсан. Дахиж тэсрэх үед барилгын таазны хавтан доош тэр чигтээ нурсан байсан. Тэгээд талийгаач маань дарагдчихсан юм билээ. Нам даралтын зуух дэлбэрч, гурван өрөөний ханыг бүхэлд нь цөм цохиж нураасан байсан. Тэгэхээр ямар хүчтэй дэлбэрсэн нь харагдаж байна.
-Та нарт дэлбэрэлт болсон гэдгийг анх хэн хэлсэн бэ?
-Эмнэлгийн эх баригч над руу утасдаж хэлсэн. Тэр үед 21:05 цаг болж байсан. “Та эмнэлэг дээр яаралтай хүрээд ир. Ням-Оргил, Мөнхтүшиг эгч нарыг дуудаарай гэж хэлээд л утсаа салгасан. Нөхөр бид хоёр “Хүүхдийнх нь бие муудлаа гэж хоорондоо ярилцаад ирсэн. Тэгсэн эмнэлгийн гадаа бөөн машин болчихсон, цагдаа нар хамгаалалтад авчихсан байсан. Бидэнд “Дэлбэрэлт болсон. Хүүхэд нь зүгээр байгаа. Ээж нь нас барчихлаа” гэж хэлсэн. Тэнд байсан хүмүүс дэлбэрсэн газарт талийгаач дүүг маань дараатай байгаа гэсэн ойлголтыг өгсөн. Гэтэл аль хэдийнэ талийгаач дүүгийн маань цогцсыг гаргаад ирчихсэн. Хүлээн авахын өрөөнд аваачиж цус, шороог нь бүрэн цэвэрлээд тавьчихсан байсан. Маш богино хугацаанд энэ ажлыг эмнэлгийн ажилтнууд хийсэн байгаа юм. Бидэнд яагаад цогцос нь барилга доор дараатай байгаа гэж ойлгуулсан, цаг алдаж мэдээлэл өгсөн гэдгийг ойлгохгүй байна гэв.
Архуст сумын цэцэрлэг, сургууль, дотуур байр нам даралтын зуухаа барилга дотроо байрлуулжээ
Архуст сумын цэцэрлэг, сургууль, Засаг даргын тамгын газар гээд бүх төрийн байгууллага барилга дотроо нам даралтын зуухыг суурилуулсан байх аж. 50 гаруй хүүхэдтэй цэцэрлэгийн нэгдүгээр давхарт нам даралтын зуух байрлаж байх жишээтэй. Гэтэл хоёрдугаар давхарт буюу яг дээд талд ахлах ангийн арав гаруй хүүхэдтэй анги байх юм. Ерөнхий боловсролын дунд сургууль гэхэд спорт заалтайгаа залгаад нам даралтын зуух байршуулаад олон жил болж байгаа гэнэ. Сургуулийн дотуур байрны хөндлөн модон барилга мөн л нэг өрөөндөө нам даралтын зуухтай юм байна. Засаг даргын Тамгын газар ч ялгаагүй, байшингийнхаа урд талд наалдуулаад жижигхэн амбаар бариад уурын зуухаа барьчихсан байна. Нам даралтын зуух дэлбэрч, олон хүн амиа алдахгүй гэсэн баталгаа байхгүй юм билээ. Зөвхөн Архуст сум гэлтгүй Монгол Улсын 300 гаруй сум, нийслэлийн хэдэн мянган айл өрх нам даралтын зуухаа ингэж байршуулчихсан байдаг юм байна. “Тэсрэх бөмбөг” байршуулчихаад юу ч болоогүй юм шиг олон жилийн нүүрийг үзжээ. Нийслэлд олон айлын нам даралтын зуух дэлбэрч, хүний амь нас нь хохирсон байдаг юм байна. Холбогдох газрууд үүнд огт анхаарлаа хандуулахгүй байсаар өдий хүрчээ. Нам даралтын зуух гэх “тэсрэх бөмбөг”-ийг ямар нэгэн хяналтгүйгээр энд тэдгүй байршуулчихсан. Хаана ч хэдийд ч тэсэрч дэлбэрч, хүний аминд хүрэхийг мэдэхгүй байгааг Онцгой байдал, мэргэжлийн хяналтын эх сурвалжууд хэлж байв. Нам даралтын зуухыг стандартыг баталж, албан газруудаас тусад нь барилга барьж байршуулах шаардлагатай байгааг ч онцолж байсан.
Ц.Ням-Оргил гэх 24 настай залуу гурван жилийн өмнө ногоон дэнж дээр шинэ гэрээ барьж, айл гэр болсон гэнэ. Тэд сайхан амьдралыг цогцлоон бүтээх гэж зорьж, тэмүүлж байжээ. Гараасаа хөтлөх хоёр ч сайхан хүүтэй болсон байна. Гэвч сумын эмнэлгийн зуух дэлбэрч, эхнэр нь харамсалтайгаар амиа алджээ. Жаахан хоёр хүү ээжгүй болон өнчирч, эр нөхөр нь залуухан эхнэрээсээ хагацсан байна. Талийгаач М.Отгонсүрэн хамгийн сүүлд эмнэлэгт хэвтэхээр гэрээсээ гарахдаа том хүүгээ үнсээд нөхөртөө “Удахгүй хүүгээ эрүүл болгочихоод эргээд ирнэ. Чи харин хүүгээ сайн харж байгаарай. Сумын төвийнхөн бид хоёрт хоол цай зөөж өгнө байх. Санаа битгий зовоорой ” гэж хэлээд гарсан гэсэн.
21 · 2016/05/10
нам даралтын зуух аюултай шүү .Их бодож сайн хүнээр хийлгэх хэрэгтэй, болдог бол хороглох ёстой. гар хийцийн зуух бол бүр аюултай, орос, полшийн зуух сайн байдаг юм. би нам даралтын зуухнаас болж гэр бүлээс нэг хүнээ алдаж байлаа, аюултай шүү,