Бусдаас их хэмжээний мөнгө залилсан иргэн С-г цагдаагийн байгууллагаас хайж, эхнэрээр нь дамжуулан байгаа газрыг нь хэлүүлсэн байна. Гэтэл тэрбээр цагдаад барьж өгсөн хэмээн эхнэртээ өс хонзон санаж, эхнэр О-г хуурч ажлаас нь дуудаж гаргаж ирээд, Баянзүрх дүүрэгт байрлах “Л” зочид буудалд дагуулан ороод, хоолойг нь боож, амийг нь хороосон хэрэг саяхан гарчээ.

Талийгаач О-г хэд хоног гэртээ ирээгүйд ар гэрийнхэн нь сураггүй алга болсон хэмээн цагдаагийн байгууллагад тэмдэглүүлж, эрэн сурвалжилж эхэлсэн ба түүний цогцсыг нас барснаас хойш дөрөв хоногийн дараа дээрх зочид буудлын өрөөнөөс олжээ.

Гэмт хэрэгтэн эхнэрээ дагуулан буудалд орохдоо гурван хоногийн мөнгө төлж, орсон өдрөө эхнэрээ хөнөөгөөд, өөрөө хажууд нь гурав хоног байсан нь гэрчийн мэдүүлгээр тогтоогджээ. Буудлын өрөөнд үйлчлэгчийг ороход эхнэр нь хөнжлөө нөмрөөд хэвтэж байсан гэх ба тэр өрөөнөөс нь эхүүн үнэр үнэртэж байсан учир буудлын ажилчид цагдаад дуудлага өгснөөр хэрэгтнийг газар дээрээс нь баривчилсан байна.

Н.Чимэг