Шившиг ба шинэчлэл
2013/09/11
Улс төрд удахгүй их цэвэрлэгээ хийгдэх шинжтэй. Н.Алтанхуягаар ахлуулсан шинэчлэлийн багийнхан хөнжилд өө хөлөө жийлцэж, сандал суудлаа булаалдаад сүйд. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяраас эхлээд гүйцэтгэх засаглалын тэргүүний суудалд санаархагчид эрх баригч намд олширчээ.
Баярын бялууны хуваарилалт шог байсан тухай яриа өнөөдрийг хүртэл хөвөрч байна. Сүүлийн үед нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал эвгүйтсэнтэй холбоотой шинэчлэлийнхнийг шинэчлэх ажиллагаа улам ч эрчимжиж эхэлсэн гэж болно.
Ам нээх бүртээ алдаа гаргаж байдаг намын даргыг огцруулахад тийм ч төвөгтэй биш гэх яриа намын нөхдийнх нь амнаас цухалзах боллоо. Тиймдээ ч сүүлийн үед түүнийг буруутгасан, зэмлэсэн өнгө аястай мэдээ, мэдэгдлүүд улс төрийн хүрээнийнхнийг түймэрдэж байна.
Одоогоор дараагийн ээлж гарч ирснээр түймэр унтрах магадлалтай гэх хошин яриа эл хүрээнийхний цайны хачир болжээ. Хэрэв Н.Алтанхуягийг огцруулбал кабинат бүрэн бүрэлдэхүүнээрээ задрана.
Ямар нэгэн шалтаг шалтгаан тоочиж, тохиролцоо хийж хэн нэгэнд суудлаа өвлүүлдэггүй л юм бол танхимын гишүүд бүрэлдэхүүнээрээ шинэчлэгдэх заалттай. Ядаж байхад кабинатын гишүүдийн 90 хувь нь давхар дээлтэй тул суудалтайгаа хоцроно гэдэг хоцрогдсон зүйл биз.
Давхар дээлтнийг халах санаачилгыг Төрийн тэргүүнээс эхлэн аминчлан захиж байсан ч Н.Алтанхуяг ажил хэрэг болгоогүй. Иймээс энэ алдааг давтахгүйн тулд дараагийн ээлжийнхэн дан дээлтнүүд байна гэх мэдээлэл хашааны гаднах эрхмүүдийн аазгайг хөдөлгөөд амжлаа.
Саяхан ажлаасаа “халагдсан” Ц.Сэдванчиг хүртэл салбар хариуцах санаатай яваа гэдэг шүү. Энэ мэтчилэн ардчиллынхан 16 жилийн өмнөх адал явдалтай амьдралаа санагалзан, сандал суудлаа булаалдаж сууна.
Харин ах намынхан Н.Алтанхуягаар дөрөөлөн ард түмнээс оноо цуглуулах санаатай хор найруулаад завгүй. Ирэх сард болох намын их хурлаар өнөөгийн удирдлагуудын цаашдын хувь заяа шийдэгдэнэ. Үүнээс урьтаж хийсэн ганц ч болтугай ажилтай байхын тулд амрах завгүй ажиллаж байна.
“Шинэчилье” хөдөлгөөний санаачилга болоод шаардлагын дагуу хуралдсан бага хурлаас их хурлыг 1143 гишүүнтэйгээр буюу өргөн бүрэлдэхүүнтэй хийхээр болсноос өөр дорвитой үр дүн гараагүй. Тус бага хурлаар гишүүд намын шинэчлэлийн талаар үзэл бодлоо илэрхийлцгээсэн ч, шийдвэрлэх алхмууд их хурлаас гарахаар болж, хойшлогдсон юм.
Анхан шатны байгууллагын төлөөллийг оролцуулан хуралдах их хурлын гол хөзөр нь намын удирдлагуудын асуудал. Өнөөгийн намын дарга болох Ө.Энхтүвшин албан тушаалаасаа татгалзаж, хариуцлага хүлээхээ мэдэгдээд буй.
Энэ тухайгаа Удирдах зөвлөлдөө танилцуулсан гэх мэдээллийн дараахан “шинэ” удирдлагуудын нэрс цухалзаж, шат шатанд нь шинэчлэл хийнэ гэх явган яриа бий. Их хурлын томоохон асуудлуудын нэг нь Монгол Улсын хөгжлийн хөтөлбөр.
Төөлж биш төлөвлөж амьдардаг болохын тулд хөгжлийн хөтөлбөр боловсруулж, түүнийгээ УИХ-аар хэлэлцүүлэн, батлуулах гэнэ. Одоогийн байдлаар хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд Т21 загвар дээр тогтож ажиллахаар болоод байгаа бололтой.
Мянганы Институтээс боловсруулсан Босго 21 загвар нь үндэсний хэмжээний бодлого боловсруулах түвшний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой бүтээгдсэн аж. Энэхүү загвар нь эдийн засаг, нийгмийн социал хүрээ, хүрээлэн байгаль орчин зэргээс бүрдэнэ.
Дээрх үндсэн элементүүд дээр нэмэн дэд элемэнтүүдийг нэмж улс орны нийгэм, эдийн засгийн талаар ерөнхий дүр зураг гаргах боломжтой байдгаараа бусад загвараас ялгаатай. Уг загвар нь ядуурлыг бууруулах сайн загваруудын нэг.
Дотоодын нийт бүтээгдэхүүн, орлогын хуваарилалтыг хэмждэгээс гадна хүний хөгжлийн индексийг ядуурал ажил эрхлэлтийн түвшинтэй хамт тогтоох боломжтой талаар ажлын хэсгийнхэн тодотгож байсан.
Өнөөгийн удирдлагууд ийнхүү ажил ихтэй байгаа бол зарим нэг нь их хурлыг хуруу даран хүлээж, намын даргын тамгыг гартаа оруулахын тулд элдэв арга сүвэгчилж сууна. Нэр хүнд муутай хотын фракцийнхан хүртэл намын даргын марафонд дээгүүр байр эзлэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа гэдэг шүү.
Сонгуульд өвдөг шороодсон шокноосоо болж сэхээний тасаг руу шилжсэн ах намынхан энэ удаад нам доторх бүлэглэлүүдийн хуйвалдаанаас болж дахин уналтад орж ч мэдэх талтайг учир мэдэх хүмүүс хуучлах болсон.
Юутай ч, ах намынхны шахалт, шаардлагаар ээлжит бус чуулган товлогдлоо. Одоо гагцхүү санаснаа хэрэгжүүлэх л үлдэх шив. Харин ирэх сард нам доторх бүлэглэл үүдтэйгээ учраа ололцож, өөр хоорондоо наймаалцах шаардлагатай болох нь.
Л.Нинжсэмжид
Эх сурвалж: