"Ганц дайчин ганцаардахгүй” гэдэг ч үнэндээ ганцаарддаг юм. Тиймдээ ч С.Ганбаатар өмгөөлж хамгаалах ар талтай болохоор нам бараадсан. Харин түүний элссэн ХҮН /Хөдөлмөрийн үндэсний нам/ дээрээс оролцоотойгоор бужигнаж, өдгөө сонгуульд оролцож чадахгүй болсон. С.Ганбаатарын адилаар өнгөрсөн дөрвөн жилийг "өвөр хоосон” бие даагч хэмээх ганц биеэр өнгөрөөсөн Ч.Болорчулуун, Ц.Даваасүрэн нарын гишүүд хуучин гишүүнчлэлээ сэргээж, МАН-д элссэн. Тэгвэл ХҮН-ыг удирдах хувь дутсан С.Ганбаатарт уг нь Дарханд дахиад бие даавал ялахгүй гэх санаа зовох зүйл байхгүй. Гэсэн хэдий ч намын амьдрал сонгохоор эрс шийдсэн С.Ганбаатар удаан дуншсаны эцэст ТТЭНН-ыг сонгожээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр УИХ-ын гишүүн Г.Уянгын тэргүүлсэн Тусгаар, тогтнол, эв нэгдлийн намд элсч, гишүүн болохоор шийдсэн байна. ТТЭНН-ын хувьд Дархан-Уур аймгаас баттай нэг суудалтай болж байгаа учраас С.Ганбаатараас татгалзаад байх юм байхгүй. Харин С.Ганбаатар болон Г.Уянга нарын цаашдын хамтын ажиллагаа хэр нийцтэй байх вэ гэдэг л сонин. Мэдээж улстөрд мөнхийн нөхөрлөл гэж байдаггүй, зөвхөн мөнхийн эрх ашиг л байдаг болохоор тэдний зам салахыг үгүйсгэхгүй. Юутай ч, хүчтэй гарч ирсэн ХҮН хэмээх нам С.Ганбаатаргүй цаашлаад улстөрөөс "арчигдаж”, эсрэгээрээ Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам хэмээх хүчтэй улстөрийн нэгдэл улам дээш цоройлоо.

Нинж