Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Гааль, татварын ерөнхий газарт ажиллах үеэр “НӨАТ-ын буцаан олголтыг ирэх сардаа багтаан олгоно” хэмээн мэдэгдсэн. Яагаав бид худалдан авалт бүртээ НӨАТ төлж, улмаар бар код бүхий сугалаатай тасалбар авдаг болоогүй юу. Тэгвэл тэрхүү үйл ажиллагаанаас иргэд татвар төлөгчид бид улиралдаа нэг удаа буцаан олголт авна гэж ойлгосон. Эхний буцаан олголт Ерөнхий сайдын хэлснээр дөрөвдүгээр сард хийгдэх байлаа. Гэвч сураг тасрав.

Тэгээд яав гээд сураг ажиг тавьтал, “угаасаа эрх зүйн орчин нь бүрдээгүй, хууль өөрчлөлт оруулах гэсээр байтал энэ жилдээ багтахгүй” гэдэг тайлбарыг албаны хүн өгдөг юм байна.

Угаасаа айхтар их мөнгө, төгрөг авч шалихгүй л дээ. Тиймээс иргэд ч Ерөнхий сайдыг худал үнэн ярьсанд нь нэг их ач холбогдол өгсөн ч үгүй. Хамгийн гол нь улс орон хямралтай байгаа гэдгийг иргэд Ерөнхий сайдаасаа “сайн мэдэж байгаа” учраас элдэв мөнгө төгрөг тараах асуудалд нэг их анхаарлаа хандуулж, олноороо хуйлрахаа байчихсан цаг үе юмдаг.

Тэгсэн өчигдрийн Засгийн газрын хурлаар өнөөх НӨАТ-ын анхны буцаан олголтын асуудлыг авч хэлэлцсэн байна. Хуулийн хэллэгээр “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл, “УИХ-ын 2015 оны 108 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” зэрэг асуудлуудыг хэлэлцээд хурлаас гарсан шийдвэрийг Засгийн газарт өргөн мэдүүлэхээр тогтсон байна.

Энгийнээр тайлбарлавал, НӨАТ-ын буцаан олголтыг иргэдэд улирал тутам буцаан олгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх тухай хуулийн төслийг өргөн барихаар болоод байгаа аж л дээ. Одоо л хууль нь боловсруулагдаж, өргөн баригдахаар болж байна гэсэн үг. Юун дөрөвдүгээр сардаа багтааж мөнгө төгрөг авах. Ёстой “бухын доодохыг харж, үнэг турж үхнэ” гэдэгчлэн улс бидний худалдан авалтыг үнэлж тодорхой хувь хүртээх байх гээд хүлээсэн бол “хэцүүдэхгүй юу”. Даанч бид чинь улсаас 21 мянган төгрөг сар бүр аваад сурчихсан, арилжаалагдах боломжгүй ч нэр дээрээ 1072 ширхэг хувьцаатай хашир хүмүүс байхгүй юу.

Гэтэл Засгийн газраас “чимх” тэтгэмж өгөх гээд л сүр болгоод л түүнийгээ синсаацлаад л хууль мууль боловсруулж, түүнийгээ батлах гээд л бөөн юм болж байна цаана чинь.

Жич: 2016 оны нэгдүгээр улирлын байдлаар Татварын албаны цахим төлбөрийн системд 31758 ААН, иргэд бүртгүүлж, 38 сая 310 мянган баримт хэвлэгдэж, үүнээс 15 сая 771 мянган баримт нь баталгаажээ. Мөн хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу өнгөрөгч таван сарын хугацаанд иргэд, ААН-үүд нийтдээ 385 тэрбум төгрөгийн худалдан авалт хийснээс НӨАТ-ын 20 хүртэлх хувийг буюу 5.8 тэрбум төгрөгийг буцаан олгохоор болсон.

Гэвч хууль нь УИХ-д ч өргөн баригдаж амжаагүй байна. Энэ янзаараа ирэх жилтэй золгохыг үгүйсгэхгүй. Дургүйд хүчгүй гэдэгдээ. За тэгээд 2.8 тэрбум төгрөгийг 31758 лаа тэнцүүхэн хувааж авна ч гэж юу байхав.

Ugluu-logo202