Хүний амьдралын баяр баясгалан бол үр хүүхэд. Үр хүүхэдтэй болох гэсэн хүний сэтгэл, итгэл, хүсэл мөрөөдлөөр тоглож ашиг хонжоо хийдэг байгууллага байгааг сэрэмжлүүлж байна. Хүний хүсэл мөрөөдлөөр тоглоод зогсохгүй эрүүл мэндээр нь хохироосон байж болзошгүй тохиолдол гарчээ.

 ”Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төв байгуулагдаад нэг жилийн нүүр үзэж байгаа. Энэ хугацаанд хохирсон хүн ганц нэгээр зогсохгүй бололтой. Тус эмнэлгээр үйлчлүүлээд сэтгэл санаа, итгэл, мөнгөөрөө тоглуулахаас гадна эрүүл мэндээрээ хохирсон байж болзошгүй тохиолдол гарсан байна. Тодруулбал, 42 настай эмэгтэй Өмнөд Солонгост дурангийн хагалгаанд орж өөрөөрөө жирэмсэн болсон байжээ. Улмаар өөрийгөө жирэмсэн болсноо мэдэлгүйгээр “Өөжинмед” төвд хандсан байна.  ”Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төв үйлчлүүлэгчийг жирэмсэлсэн эсэхийг нь оношлолгүйгээр Үр шилжүүлэн суулгах хөтөлбөрийг эхлүүлсэн байна. Улмаар доош бага зэрэг цусархаг юм гарч байхад Өөжинмед эмнэлгийн зүгээс зүгээр байна гэж хэлсэн бөгөөд, энэ хугацаанд тус эмнэлгийн хэт авиа/ эхо- оор хэд хэдэн удаа үзүүлэхэд жирэмсэнг оношлоогүй байна. Өндгөн эсийн хатгалт хийж, жирэмсэн эмэгтэйг үтрээгээр хатгаж, өндгөн эсийг авахаар оролдсон байна. Үүний улмаас 7-8 долоо хоногтой ураг зулбаж, өндгөвчид олон тооны уйланхай үүссэн байна. Одоо тус өвчтөн эмэгтэйчүүдийн уйланхай авахуулах мэс засалд орох шаардлагатай болсон ажээ. Энэ асуудлыг өнөөдөр цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажлыг эхлүүлээд байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийж хариугаа гаргаад байгаа. Буруутай эсэхийг цагдаа, шүүх нь тогтоох биз. Хэрвээ буруутай бол “Өөжинмед” төвийн эмч, удирдлагууд хуулийн дагуу хариуцлага хүлээх юм.

Өнөөдөр Монгол улсын хэмжээнд үр шилжүүлэн суулгах 6-7 эмнэлэг үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээрээс хамгийн ёс зүйгүй авирлаж байгаа нь “Өөжинмед” эмнэлэг гэж хэлж болохоор байна. Тодруулбал өнөөдөр дэлхий дахинд үр шилжүүлэн суулгаад амжилттай болох магадлал 30 гаруй хувьтай байдаг. Тэгтэл “Өөжинмед” төв 35-аас доош насныханд 50-70 хувийн баталгаа өгч байгаа нь дэлхийд байхгүй магадлал, баталгаа юм. Улмаар өндөр хувийн баталгаа өгч иргэдийн сэтгэл зүйгээр тоглохын зэрэгцээ, үйлчлүүлэгч татаж байгаа нь шударга бус үйлдэл, ёс зүйгүй авир. Эднийх үр шилжүүлэн суулгахад 9-10 сая төгрөгт багтана, эхний үеийн эмчилгээ болон шинжилгээнд 800-900 мянган төгрөг шаардлагатай байдаг. Тэгтэл энэ эмчилгээг нь хийлгээд тэнд хэвтэн эмчлүүлэх болон үр шилжүүлэн суулгуулсан хүнд гэнэтийн зүйл тохиолдон хэвтэн эмчлүүлэх гэхэд “Өөжинмед” төвд хэвтэн эмчлүүлэх тасаггүй. Дээрээс нь үр шилжүүлэн суулгаад амжилтгүй болсон тохиолдолд чиний эрүүл мэнд, биеийн байдлаас болсон гэх зэргээр үйлчлүүлэгчид бүх бурууг тохдог.

Уг нь үр хүүхэдтэй болохыг чин сэтгэлээсээ хүссэн иргэд үр шилжүүлэн суулгах эмнэлгүүдэд хандаж байгаа. Тэгтэл хэдэн төгрөгийн төлөө ийнхүү өндөр хувь амлан иргэдийн сэтгэл зүйгээр тоглож байгааг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь шалгаж зохих хариуцлага тооцно бизээ.

Жич: Бид энэхүү мэдээллийг аль нэг байгууллага хувь хүний нэр төрд халдах зорилгоор нийтлээгүй бөгөөд олон нийтэд сэрэмжлүүлэх зорилгоор бэлтгэсэн болно.

А.Баярмаа