Яг одоо Тусгаар тогтнолын ордонд МАН-ын V бага хурал болж байна. Хуралдаанаар УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах юм. Хуралдаан дөнгөж сая эхэллээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлээс цөөн зүйл тодрууллаа.

- Эмэгтэйчүүдийн квотын асуудал хөндөгдөж байгаа. Энэ асуудал дээр МАН ямар байр суурь баримтласан бэ?

-Квотын тухайд гэвэл намынхаа дүрэмд УИХ-д 25-аас доошгүй хувьд нь эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлнэ гэсэн дүрэмтэй. Энэ дүрмийнхээ хүрээнд болон хуульд заасны дагуу манайх 16 эмэгтэйг УИХ-д нэр дэвшүүлэхээр дөнгөж сая Удирдах зөвлөл маань шийдээ гаргалаа. Миний хувьд Хан-Уул дүүргийн 55 дугаар тойрогт нэр дэвшихээр сая Удирдах зөвлөлөөсөө эрхээ авлаа. Үүнийг манай Бага хурал баталгаажуулна.

-МАН “иргэдийн санал дээр үндэслэж, нэр дэвшигчдээ тодруулна” гэсэн. Биелэлт нь ямар байгаа бол?

-Анхан шатныхаа намын үүрүүдээс санал авсан. Түүнээс гадна судалгаа явуулж, үүн дээр үндэслэн УИХ-д нэр дэвших гишүүдээ тодруулсан байгаа.

А.Баярмаа