Хүүхдүүд өөрсдөд нь зориулсан тоглолтыг үзэж чадсан уу
2016/06/02
Өчигдөр олон улсын хүүхдийн баярын өдөр тохиож их хотын гудамж хүүхдүүдийн хөлд дарагдав. Өдрийн 12 цагийн үед талбай руу алхаж явтал нэгэн ах "утсаараа нэг яриулаач хүүхдээ алдчихлаа. Дөнгөж сая л миний ард явж байсан юм. Хойноос явж байгаа байх гэж бодоод алхаад байсан эргээд хартал алга. Энэ хавиар нэг хайгаад олсонгүй ээ. Ээжид нь хэл дуулгаад цагдаад хэлье" хэмээв. Тэр ах бас нэг цэцэрлэгийн насны охин дагуулж явсан бөгөөд нөгөө алга болдог нь хоёрдугаар ангийн сурагч охин байжээ. Баяр эхлээд удааж үгүй байхад гэр бүлийнхээсээ төөрсөн хүүхдийн эрэлд цагдаа нар гарах нь тэр.
Хүүхэд битгий хэл том хүн ч хамт яваа хүнээсээ төөрмөөр бужигнасан их хүнтэй талбай дээр инээсэн, уйлсан хүүхдүүд эрхийн өдрөө тэмдэглэв. Тэд талбай дээр болж буй тоглолтыг үзэх гэсэн ч тэдэнд зориулсан сандал байхгүй нь улмаас аавынхаа мөрөн дээр гарч тоглолтоо үзсэн. Харин ихэнхи хүүхдүүд урдуур нь зогссон том хүмүүсийн ард, хажуу хавиргаас хөлөө өргөн үзэх гэж мэрийсээр тусыг эс олсон юм. Тэгэхээр аливаа хүүхдэд зориулсан тоглолтоо суудалтай засаж баймаар байна Хотын дарга аа. Тэд чинь жоохон, халхаж зогссон томчуудыг давж гарах өндөргүй шүү дээ. Гадны улсад өндрөөсөө намруу /циркийн үзэгчдийн суудал/ гэсэн суудал дээр суулгаж хүүхдүүддээ зориулсан тоглолтыг сайхан үзүүлдэг юм байна лээ. Цөөхөн ч гэсэн ийм суудлыг хийчих хэрэгтэй.
Монголдоо ганц хүүхдийн парк дээр хэдэн цаг дугаарлан зогсож хэдхэн минут тоглох тоглоом нь дээр тоглох нь хүндхэн. Гэсэн хэдий ч эцэг, эх нь хүүхдийнхээ хүслийг биелүүлж тоглоё, авья гэсэн үг бүрийг өчигдөр биечлэн дагасан. Улсдаа том цэцэрлэгт хүрээлэнг зориход машин тавих нь бүү хэл хүн ч зөрөх зайгүй хөдөлгөөнд дарагдав.
Ийнхүү нийслэл хотынхоо алаг үрсийг баярлуулчих газар хомс дутагдалтайгаас болж хүүхдүүд халуун найранд хөлсөө дуслуулан барин дугаарлаж ганц тоглож сэтгэлээ амраасан хүүхдийн баяр замын түгжрэлээр гэрээ зүглэсээр дууслаа.
Эцэг эх, асран хамгаалагчийн анхаарал болгоомжгүйгээс нэг хүүхэд ноход хазуулж, 100 гаруй хүүхэд төөрсөн, нэг хүүхэд золгүй байдлаар амиа алдсан сэтгэл түгшээсэн хэрэг гарав.
Ирэх жил хүүхдийнхээ эрхийг сайн хамгаалж тэд өөрсдөд нь зориулсан тоглолтыг сууж үзэх, чөлөөтэй дугуй унах, тоглох газартай болгочихвол дугаарлаж биш тоглож өнжих нь дамжиггүй ээ.
Зочин · 2016/06/02
super