Анх Монголбанкны ерөнхийлөгчийн суудалд суухдаа инфляцийг нэг оронтой тоонд барина хэмээн ам бардам амалж байсан хүн бол Н.Золжаргал. Гэвч өнөөдөр инфляци хоёр оронтой тоонд шилжсэн талаар зарим нэгэн улс төрчид хэлэх боллоо.
 
Тэгэхээр Н.Золжаргалын амлалт талаар болж байх шиг байна. Тухайн үед Н.Золжаргал “Инфляци буурах ёстой, олон жил өндөр инфляцитай явсан. Инфляци өндөр байснаас зээлийн хүү ч өндөр тогтоогдож ирсэн. Ирэх жилээс төсвийн Тогтвортой байдлын тухай хууль хэрэгжинэ.
 
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт инфляцийг нэг оронтой тоо руу буулгаж, зээлийн хүүг бууруулна гэж заасан. Тиймээс хоёр жилийн хугацаанд инфляцийг бууруулна, дөрвөн жилийн хугацаанд зээлийн хүүг нэг оронтой тоонд орох бодитой шаардлага бий” гэж мэдэгдэж байжээ.
 
Харин өнөөдөр түүний энэ амлалт талаар болж байна.  Долларын огцом өсөлт нийгэмд нөлөөлж, зарим нэгэн бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. “Самурай” бонд гаргах сургаар сүүлийн өдрүүдэд долларын өсөлт саарч, төгрөг чангарч байгаа ч үнийн өсөлт байсаар байгаа юм.
 
Түүнчлэн засгийн газрын амлалтаа биелүүлэх гэсэн улайрал нь хэрээс хэтэрч 8 хувийн хүүтэй орон сууцны зээл олгосноор орон сууцны үнийг 20-30 хувиар нэмчихлээ. Өмнөх засгийн газрын үед олгохоор болсон 6 хувийн зээлийг буруу шааж байсан хүмүүс алдааг дахин давтаад байгаа юм биш үү.
 
Өнөөдөр 8 хувийн хүүтэй орон сууцны зээлд ямар хүмүүс хамрагдаад байгаа нь хачирхалтай. Ажил хийж, өдөр хоногийнхоо хоолыг залгуулж байгаа хүмүүс өнөөдөр тэр их үнэтэй байрны урьдчилгааг төлж чадахгүй. Харин энэхүү зээл орон сууцны “ченж” нарт л ашигтай байх шиг байна.
 
Ард түмэнд таалагдах гэж аливаа зүйлийг хүчээр хийж, хүчээр барьдаг энэ байдлаа одоо зогсоовол ямар вэ. Тэгэхгүй бол Монголын эмзэг эдийн засаг удахгүй сөхрөх юм биш үү.
 
Ард түмэнд хүртээлгүй, хэдхэн хүнд ашигтай энэ зээл чинь цааш үргэлжилсээр санхүүгийн зах зээлээ ч унагахыг хэн байг гэхэв. Одоо нэгийг бодож, хоёрыг тунгаах цаг нь болж ээ. Алийн болгон галыг унтраахын тулд балга ус цацах гээв.
 
Өнөөдөр махны үнэ 200-300 төгрөгөөр буурсан ч ард түмэн мах авч чадахгүй болжээ. Үүнийг дайвар бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэн тухай мэдээлэл гэрчлэх биз. Ард түмэн өнөөдөр гэдэс тодроор хоногийн хоолоо залгуулж байна. Энэ бол ард түмний амьдрал дээрдсэний дохио биш биз. Харин ч дордоод байгааг илтгэж буй.
 
Хэн нэгний суудалд үлдэх гэсэн хий хийрхэлийг харж УИХ, Засгийн газар толгойг нь илж суухын оронд одоо хариуцлага ярих цаг нь болжээ. Яагаад та нар Н.Золжаргал гэдэг хүний толгойг илээд буйг ойлгох юм алга.
 
Урьд нь Монголбанкны ерөнхийлөгч н.Батсүхийг үнийн өсөлт, инфляцийг барьж чадаагүйн төлөө ажлаас нь халж байсан туршалага байдаг юм билээ. “Зээлийн хүүг, инфляцийг нэг оронтой тоонд барихын төлөө тууштай тэмцэнэ. Тийм итгэл үнэмшил байгаа” гэж хэлж байсан хүн. Долларын ноёрхолын үед юу хийсэн юм бэ.
 
Өнөөдөр Монголбанк засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах ёстой газар уу. Эсвэл Монгол улсын мөнгөний бодлогыг барих газар уу? Засгийн газар болон Монголбанкны хамтран хэрэгжүүлж байгаа бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах хөтөлбөр хэр амжилттай хэрэгжиж байгаа юм.
 
2012 онд л 1400 хүрчихээд байхдаа манай эдийн засагт хүчтэй нөлөөлж байсан долларын ханш өнөөдөр 1670-тай байгаа. Тухайн үед хүчтэй нөлөөлж байсан юм чинь өдөө бүр их хүчтэй, магадгүй хямрал дагуулах хэмжээнд хүрсэн байж болох юм.
 
Гэвч албаныхан үүнийг их гоёор тайлбарлаж, түрхэн зуурын хүндрэл гэсээр өдийг хүрч байна. Н.Золжаргал ч Монголбанкны ерөнхийлөгчийн хувиар ямар нэгэн тайлбар хийхгүй байсаар өдий хүрч, энэ долоо хоногийн эхээр хэдэн сонинд өөрийн үйл ажиллагаагаа сурталчилсан, худлаа үнэн нь тайлан тавьсан байдаг.
 
Монголбанк улс төрийн нөлөөнд авахгүйгээр үйл ажиллагаагаа явуулах учиртай. Гэвч улс төрийн нөлөөнд автаж, хэн нэгний халаасанд багтаж үйл ажиллагаагаа явуулаад байх шиг.
 
 
Н.Чинзориг