Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр өнөөдрөөс буюу 2016 оны зургадугаар сарын 7-ны өдрөөс хэрэгжиж эхэллээ. Хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр Япон улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн Монгол Улсын хилээр татваргүй орж ирэх боломж бүрдэж байна. Тухайлбал, Япон улсад үйлдвэрлэсэн автомашины татварыг 0 хүртэлх хувиар бууруулахаар тохиролцсон байгаа.

 

 

 

Монголчууд бид Япон улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр авах боломж бүрдэж байгаа нь таатай. Гэвч энд нэг "дургүй хүрэм” асуудал байна. Юу вэ гэвэл автомашины гаалийн татвар.

 

 

Япон машины гаалийн тариф "0” болох вэ гэсэн асуултад албаны эх сурвалж "0-3 хүртэлх жилийн насжилттай, 4501 см.куб-ээс доош цилиндрийн багтаамжтай, Япон автомашины гаалийн тариф шууд "тэг” болно. 4-9 жилийн насжилттай бол тодорхой хугацааны дараа аажим буурч, тэг болно. Харин 10-аас дээш насжилттай автомашины гаалийн тарифт өөрчлөлт орохгүй. АНУ болон бусад орнуудаас оруулж ирж буй Япон машинд гаалийн хөнгөлөлттэй тариф хамаарахгүй” гэж хариулсан байна. Энэ хариултаас харахад 0-3 хүртэлх жилийн насжилттай буюу шинэ автомашин, 4501см.куб-ээс доош цилиндрийн багтаамжтай гэхээд Ланд, Лексус зэрэг автомашинууд нүдэнд харагдаад байгаа юм.

 

Тэгэхээр хоёр улсын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь алсдаа манай томчуудын, түшээдийн, олигархуудын унааг татвараас хөнгөлөх, бүр чөлөөлөх зорилготой байж гэж хардахад хүргэж байна.

 

 

0 км гүйлттэй, 2015 онд үйлдвэрлэсэн Лексус-570 автомашиныг хэн худалдаж авдаг вэ? Гээд асуулт асуугаад үзье. Жирийн иргэд лав тухай автомашин руу хялааж ч харахгүй. Харин өөртөө, эхнэртээ, хүүхэддээ, Ну А-даа хүртэл аваад өгчих чадалтай хүмүүс бол олигархууд буюу уул уурхайгаас баяжигсад, эсвэл төрийн түшээд.

 

 

За тэгвэл тэд л өөрийн худалдан авах автомашиныхаа гаалын татварыг тэглүүлэхээр болчихлоо. Нөгөө "гаалийн татвар тэглэлээ” гээд алга ташаад баярлаад байгаа хүмүүс нь бид биш тэд болж таарч байна л даа. Өөрөөр хэлбэл жирийн иргэн бидэнд энэ тэглэж байгаа эсэх огтхонч падлийгүй зүйл аж. Албаны хүний хэлснийг уншсан биз дээ. Түүний хэлснээр бидний авч унадаг машины гаалийн тарифт ямар нэгэн өөрчлөл ороогүй. Бахь байдгаараа. Харин баячууд, томчууд, түшээд, дээдсүүд маань татваргүй машин унаад л салхи татуулж өгөх нь дээ.Баяжих тусмаа л "горгор” болцгоох юм даа.

 

Гэтэл гадны улс оронд татварын хууль шал өөрөөр хэрэгждэг байх юм. Жишээ нь бидний олноороо ажиллаж, амьдарч буй БНСУ-д дотоодын автомашинаас татвар бага авдаг бол гадны автомашинаас өндөр татвар авдаг байна. Тиймээс дундаж иргэд нь солонгос машинаа унаж, харин баячууд нь татвар өдөр гадаад машин хөлөглөдөг байх юм. Энэ татварын тарифийг БНХАУ, Энэтхэг, ОХУ зэрэг өөрсдөө үйлдвэрлэгч орнууд ашигладаг байна. Эндээс хэн хөрөнгөтэй, хэн баян хүн байна тэр татвар их төлдөг гэх ойлголтыг өгч байгаа биз.

 

 

Гэтэл манайд бүгд эсрэгээрээ хөрөнгө мөнгөтэй л бол татвараас зугтаад л, чөлөөлөгдөөд л байх жишээтэй. Жирийн иргэд нь харин татварт дарлуулаад нуруу тэнийх ч завдалгүй ажилласаар.

 

 

Амар