Сүүлийн үед Батлан хамгаалахын яам нь байнга хүртэж, балаг тарьж явсан газар болж хувирлаа. Уг нь Монгол улсын тусгаар тогтнол, халдашгүй дархан байдал зэргийг хянах гол байгууллага гэдэг утгаараа хамгийн төлөв, биеэ даасан баймаар юм. Гэтэл аар, саархан хэл ам, хэрүүл тэмцэл тус яамнаас салахаа больжээ. Тодруулбал, Ц.Цолмон гэх хүн Батлан хамгаалахын яамны сайдаар очсоноос хойш хэл, ам тасрахаа больсон гэж хэлж болно. Өнгөрсөн оны сүүлээр тус яамны сайдаар томилогдохдоо “Би дипломатч хүн. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай. Энэ салбарыг бодлогоор зангидаад удирдаж чадна гэж бодож байна. Батлан хамгаалахын салбар миний хувьд шинэ салбар биш” хэмээн ярьж байсан Ц.Цолмон сайд өөрөө янз бүрийн асуудалд орооцолдох болов. Хамгийн сүүлд Ц.Цолмон сайдын туслах Ж.Алтансүхийг иргэн М ээс хахууль авч байхад нь АТГ-ынхан баривчилсан гэж буй. Туслах залуу өөрөө хахууль авч байсан уу эсвэл хэн нэгэн даргын тушаалаар мөнгийг нь авч байгаад баригдсан уу гэдэг нь олны анхаарлыг ихээхэн татаж байгаа. Гэхдээ уг асуудал одоог хүртэл тодорхой болоогүй байгаа юм.

Мөн Ц.Цолмон сайд нь Батлан хамгаалахын яамны “Алдар" спорт хорооны тамирчин С.Цэрэнчимэдийн тив дэлхийд гаргасан амжилтыг урамшуулж өгсөн хоёр өрөө байраа нэг өрөө болгож, сайд болохдоо дагуулж ирсэн өөрийнхөө хүмүүст байр өгсөн нь нотлох баримттай дэлгэгдэж, “булайгаа чирсэн”.

 

Энэ үеэр тус яамны нэгэн албан тушаалтан Ц.Цолмон сайдын хууль бус үйлдлийг эсэргүүцэж хэвлэлд хүртэл мэдээлэл өгч байсан билээ. Түүнийг төсвийн их хэмжээний мөнгөөр эхнэрээ гадаадад зугаацуулсан гэх мэдээлэл ч мөн хэвлэлд гарч байсан юм.

 

Энэ мэт тус яамтай холбоотой хэл ам тасраагүй байхад дахин нэг шинэ мэдээлэл гарч эхэллээ. Тодруулбал, Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн тавдугаар сарын 10-20-ны өдрүүдэд Батлан хамгаалах яаманд шалгалт явуулсан байна. Шалгалтаар хэд, хэдэн ноцтой зөрчилж илэрчээ. АТГ-ын ажилтнууд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон болон Төрийн нарийн бичгийн даргаас “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-гийн хөрөнгийг захиран зарцуулахтай холбогдуулан 2015, 2016 онд гаргасан тушаал шийдвэр, дүрэм журам болон бараа материал худалдан авах үйл ажиллагаатай танилцжээ. Шалгалтаар Батлан хамгаалах яам нь өөрийн албан ёсны цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-гийн санхүү, үйл ажиллагааны тайлан, холбогдох тушаал, шийдвэр, хэм хэмжээ тогтоосон шийдвэрүүдийг олон нийтэд мэдээлж үйл ажиллагаагаа ил тодоор явуулдаггүй, сангийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ, бараа материал худалдан авах ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулж хэвшээгүй, албан тушаалтнууд өөрийн эрх хэмжээг хэтрүүлэн шийдвэр гаргах зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Эдгээр зөрчил, дутагдлыг арилгуулахаар АТГ-аас Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонд 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр албан бичиг хүргүүлжээ.

 

Мөн тус яамны нээлттэй тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны дарга, гишүүд нь Сангийн сайдын тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлэг”-ийг бөглөсөн боловч холбогдох хууль тогтоомжид заасан “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг тухай бүр гаргаагүй байв. Мөн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа тендерийн нээлтийн хурлын тэмдэглэл хөтөлж хэвшээгүй, хуралд оролцсон зарим гишүүд нь гарын үсэг зурж баталгаажуулаагүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасныг зөрчжээ. Шалгалтаар тогтоосон дээрх нөхцөл байдал нь “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэх ойлгогдохуйц нөхцөл байдал”-ыг бий болгосон байх тул Үнэлгээний хорооны дарга, гишүүдэд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасны дагуу хариуцлага тооцож, хариу ирүүлэхийг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайханаас хүссэн байна.

 

Т.Энхэлээ

24tsag.mn