Палеонтологи, геологийн салбараас Монголыг хасуулах 270 дугаар тогтоол
2016/06/17
Өөрийн хүүхдийг өрөөлийнхөөс ялгаварлаж, эрх ямбатай байлгахын тулд юу ч хийхээс буцдаггүй хойд ээжүүд байдаг даа. Манай Засгийн газар сар хүрэхгүйн өмнө яг ийм “ааш” гаргаж, нэгэн тогтоол баталчихаж. Тэр нь явж, явж дэлхийн шинжлэх ухааны салбараас Монголынхоо нэрийг хасуулах аюул дагуулж мэдэхээр байна.
Засгийн газар өнгөрсөн сарын 23-ны өдрийн хуралдаанаар “Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх тухай”, “Шинжлэх ухааны байгууллагуудын талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэж баталсны нэг нь 270 дугаар тогтоол юм. Тус тогтоолд “... Шинжлэх ухааны академийн харьяа Палеонтологи, геологийн хүрээлэнгийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 63-т байрлах хавсралтад дурдсан албан конторын барилга байгууламжийг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт балансаас балансад шилжүүлсүгэй” гэжээ. Энэ тогтоолд хүрээлэнгийн ажилтнууд, хамгийн гол нь дэлхийд хосгүй үнэт олдворуудыг хэрхэх талаар нэг ч үсэг дурдаагүй нь шинжлэх ухааны салбарынхны бухимдал, зэвүүцлийг хүргээд байна.
Прокурорын байгууллагад барилга шилжүүлснийг буруутгах гэсэнгүй. Засгийн газар нэг байгууллагыг харж үзэхдээ нөгөө байгууллагыг зольсон шийдвэр гаргачихаад даруй 20 хоножээ. Нийслэл, дүүрэг, аймаг бүрт прокурорын газрууд ажиллаж байхад Палеонтологи, геологийн хүрээлэн Монголд ганц. Тэгээд зогсохгүй дэлхийн палеонтологи, геологийн салбарт Монгол Улс нөлөө бүхий.
Манай улс палеонтологи, геологийн салбараар дэлхийд нэрээ таниулах эх суурь нь 100 орчим жилийн өмнөх Судар бичгийн хүрээлэнгээс тавигдсан түүхтэй. Нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр дэлхийд эхний 20-т жагсдаг Монгол Улс геологийн шинжлэх ухааны онолын цөөнгүй тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой обьектуудыг олноор агуулдаг. Зөвхөн манай орны хэмжээнд гэхэд Палео-Азийн, Монгол-агнуурын, палео-тетис зэрэг эртний далайн үүсэл, хувьсал болон хөгжлийн зүй тогтлыг илрүүлэх боломжтой гэж үздэг. Төв Азийн эртний шим ертөнцийн үүсэл, хөгжлийн түүхийг гэрчлэх палентологийн хосгүй олдворт газрууд оршдогоос гадна олон төрлийн хүдрийн ордоор баялаг Төв-Азийн металлогенийн бүслүүрүүд Монголоор дамжин өнгөрдөг юм байна.
Монголын геологийн судлалын гол ололтууд 1950-иад оноос эхэлж өнөөг хүртэл тасралтгүй үргэлжилж, геологийн зураглал, ашигт малтмалын эрлийн ажлын шинжлэх ухааны үндэслэл болсоор байна.
Тэгвэл энэхүү ололтын үндэс суурь тавигдаж, монгол эрдэмтэд ур ухаанаа уралдуулан ажиллаж байгаа талбар болох байрыг 1975 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Палеонтологи, геологийн хүрээлэнд эзэмшүүлж байж. Түүнээс хойш газрын татвараа хуулийн дагуу төлж, үл хөдлөх хөрөнгийг ашиглаж иржээ. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн нэгдүгээр сард хүрээлэнгийнхэн газраа 25 жилээр эзэмших гэрчилгээг авчээ. Хууль журмаар бол 2041 он хүртэл эзэмших эрхтэй газрыг Засгийн газар булааж авснаас өөрцгүй тогтоолыг баталжээ.
Дэлхийн аль ч орон шинжлэх ухааны салбараа хөгжүүлж, дэмжиж байж улс өөрөө даган хөгжих үндэс болох учиртай. Харин манайд эсрэгээрээ хэрэгжиж байгааг хүрээлэнгийн мэргэжилтнүүд онцолж байна. Тэд “Палеонтологи, геологийн хүрээлэн Монголын геологийн хөгжлийн тулгуур болсон геологийн тогтоц, түүний гарал үүсэл, ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг судалдаг шинжлэх ухааны томоохон салбарын нэг. ШУА-ийн харьяанд орсон цагаас манай улсын нутаг дэвсгэрт хийгдсэн өргөн хүрээний ажлуудын үр дүнд Монголын болон олон улсын хамтарсан экспедицүүд, эрдэм шинжилгээний хурлууд, олон арван бүтээл туурвисаар байгаа. Манай орны палеонтологи, геологийн судалгааны хамгийн үнэт олдвор, ном, тайлан, зураг хадгалагддаг. Засгийн газар энэ шийдвэрийг гаргахдаа Монголын палеонтологи, геологийн салбарын хөгжлийн түүх, түүний шинжлэх ухааны ач холбогдлыг бодолцоогүй бололтой. Шинжлэх ухааны онцгой ач холбогдолтой олдворуудыг хаашаа зөө гэж, бидний хаана ажилла гэж энэ шийдвэрийг гаргасныг асуумаар байна” гэв. “Шинжлэх ухаанаа аваръя” түр хорооны дарга, доктор Т.Баясгалан “Хүрээлэнгийн ажил улсын төсвөөс хамаардаггүй, гадаад, дотоодын хандивлагч байгууллага, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагсдын хөрөнгө оруулалтаар хийгддэг. Монголын палеонтологи, геологийн салбарын олдворууд дэлхийд данстай. Монголын шинжлэх ухааны нүүр царай болсон байгууллага. Жил бүр палеонтологийн шугамаар хэдэн зуун сая төгрөг орж ирдэг. Тэрбум ч хүрнэ. Үндсэндээ манай хүрээлэн улсын төсөвт тээг дараа байхгүй. Хүрээлэнгийн байранд маш олон үл хөдөлгөж болох олдвор байгаа. Цаашид шинжлэх ухааны нүүр царай болсон салбар дэмжиж хөгжүүлнэ үү гэхээс унагаж болохгүй” гэсэн юм.
Төрийн байгууллагын нэг хэсэг нь байртай болж, нөгөө нь гудамжинд гарсан энэ шийдвэрийг зөвхөн хүрээлэнгийн ажилтнуудаас гадна салбарын сайд ч эсэргүүцэж Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хандаж байжээ. Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтод хандаж санал хүргүүлсэн байна. Тус саналд “...Палеонтологи, геологийн хүрээлэнд геологийн салбар бүхэлдээ, мөн палеонтологийн салбарын урьд кембр-палеозойн судалгааны хэсэг, мезо-кайнозон нуур усны амьтан ургамлын хэсгийн 48 судлаач ажилладаг. Түүнээс гадна хүрээлэнгийн региональ геологи ба тектоникийн лаборатори, магматизм ба металлогений лаборатори, шлиф хийх, дээж бутлах цехийн геологийн судалгааны багаж төхөөрөмжөөс эхлээд Монгол орны эртний ургамлын сан, сээр нуруугүй амьтдын, геологийн суурь судалгааны боловсруулагдаагүй чулуун дээжийн сан хөмрөг, агуулах зэрэг судалгааны анхдагч болон эталон материал хадгалагддаг учраас нүүлгэн шилжүүлэх боломжгүй...” гэжээ.
Монгол Улс палеонтологийн олдвороор дэлхийд эхний гуравт ордог, үлэг гүрвэлийн хамгийн их олдвортой бүс нутаг. Тиймдээ ч олон улсын анхааралд өртөж, тэр хэрээр зарим нь гадагшаа алдагдсаар байгаа билээ. АНУ-аас үлэг гүрвэлийн олдвороо буцааж авах ажил үргэлжилж байгаа энэ үед БНСУ руу ч олон тооны үлэг гүрвэлийн олдвор гаргасан хэргийг манай хууль, хяналтын байгууллагууд шалгаж байна. Лениний музейг Үлэг гүрвэлийн музей болгох шүүхийн шийдвэр гараад байхад одоо ч ажил хэрэг болоогүй байна. Гэтэл одоо энэ салбарын мэргэжилтэн, олон арван жилийн турш хөлс хөдөлмөрөө шингээн олсон үнэт олдворуудыг гудамжинд гаргах шийдвэрийг Засгийн газар гаргачихлаа.