Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургууль 2016-2017 оны хичээлийн жилд 1+(1)+1 шинэ хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаагаа эхлэхээр төлөвлөжээ. Шинээр хэрэгжих хөтөлбөрт хамрагдахыг хүссэн элсэгчдийг зургадугаар сарын 6-наас 30-ны хооронд бүртгэнэ. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр дээд боловсролтой иргэд богино хугацаанд суралцан цагдаагийн офицер болох боломж нээгдэх юм. Энэ талаар Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал, дэд комиссар Д.Эрдэнэбаатараас тодрууллаа.

-Хууль сахиулагчдыг бэлтгэх шинэ хөтөлбөрийг танай сургууль хэрэгжүүлэхээр болоод байна. Энэ хөтөлбөрийн талаар сонирхуулахгүй юу?

-“Хууль сахиулахын их сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 240 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тус их сургуулийн сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Хууль зүйн Сайдын 2016 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/26 дугаар тушаалаар байгуулсан. Ажлын хэсгээс “Цагдаа-хууль сахиулах ажил” сургалтын хөтөлбөрийг бүрэн дунд боловсролтой иргэдээс 2.5+1.5 хөтөлбөрөөр, бакалаврын боловсролтой иргэдээс 1+(1)+1 гэсэн хөтөлбөрөөр элсүүлэн эчнээ суралцуулахаар боловсруулсан.

ХСИС-ийн захирлын 2016 оны А/05 тоот тушаалаар цагдаагийн сургуулийн бакалаврын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн, Хууль зүйн сайдын 2016 оны А/146 дугаар тушаалаар “Цагдаагийн мэргэшсэн алба хаагч бэлтгэх, мэргэшлийг дээшлүүлэх хөтөлбөр, цагдаагийн сургуульд суралцагч элсүүлэн суралцуулах журам”-ыг тус тус баталсан. Үүний дагуу 2016-2017 оны хичээлийн жилд шинэ хөтөлбөрөөр элсэлт авах нөхцөл бүрдэж байна.

-Тус хөтөлбөрт бакалаврын боловсролтой хичнээн суралцагчийг элсүүлэх вэ?

-2016-2017 оны хичээлийн жилд эрх зүйн бус бакалаврын боловсролтой иргэдээс 150 хүртэл суралцагчийг 1+(1)+1 шинэ хөтөлбөрт элсүүлэхээр төлөвлөөд байгаа.

-Энэхүү хөтөлбөр нь цагдаагийн гурван жилийн эчнээ сургалтаас ямар ялгаатай вэ?

-Одоо цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа дээд боловсролтой албан хаагчдаас жил бүр сонгон шалгаруулж, эчнээ хэлбэрээр суралцуулдаг. Ингэхдээ жилд 1-2 удаа, гурав хүртэл сараар Цагдаагийн сургуульд суралцаж, бусад үед нь үндсэн ажлаа хийдэг.

Харин Цагдаагийн сургуульд анх удаа хэрэгжих 1+(1)+1 хөтөлбөрт дээд боловсролтой иргэдээс сонгон шалгаруулж элсүүлэх болсноороо онцлогтой. Тодруулбал, суралцагч нэг жил танхимын сургалтад хамрагдаж, дараагийн нэг жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад ажиллах юм. Үүний дараа дахин нэг жил танхимд үргэлжлүүлэн сурч, “Цагдаа-хууль сахиулах ажил” мэргэжлээр бакалаврын боловсролтой төгсөж, офицер бүрэлдэхүүнд ажиллахаар томилогдоно.

-Шинэ хөтөлбөрийн давуу тал нь юу бол. Элсэх суралцагчдад тусгай шаардлага тавигдах уу?

-Тус сургуульд сонсогчоор суралцсан нэг жилийг цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд дүйцүүлэн тооцно. Түүнчлэн сургалтын зардлыг төр хариуцахаас гадна сонсогчоор суралцсан гурван жилийг төрийн албанд ажилласнаар тооцох юм.

Мөн 20-оос доошгүй жил ажилласан эмэгтэй, 25-аас доошгүй жил ажилласан эрэгтэй алба хаагч цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох эрхтэй болох зэрэг давуу талтай. Хамгийн гол нь дээд боловсролтой иргэн тус хөтөлбөрт нэг жил суралцаад хоёр дахь жилээс цалин хөлс олгогдож эхэлнэ.

“Цагдаа-хууль сахиулах ажил” хөтөлбөрт элсэхийг хүсэгч иргэн ”эрх зүй”-чээс бусад чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, дипломын голч дүн 3.2-оос дээш, 25 хүртэлх насны, 170 см буюу түүнээс дээш өндөртэй, нүүрийн хэлбэр төрх зөв, ил харагдах 20х05 мм-ээс том сорви, шивээсгүй, суурь өвчин, ял шийтгэлгүй, гэмтэлгүй эрүүл байх зэрэг тусгай шаардлага тавигдана. Мөн захиалагч буюу цагдаагийн байгууллагын судалгаанд тэнцсэн байх ёстой. Түүнчлэн нэмэлт шалгалт, цэргийн хэргийн анхан шатны бэлтгэл сургалтад тэнцсэн байх шаардлагатай.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

А.Баярмаа