Леброн түүхэн ялалт байгууллаа
2016/06/20
NBA-гийн шигшээ цувралын 7 дахь тоглолт өнөөдөр боллоо. Долоо дахь тоглолтыг гэртээ хийсэн өнгөрсөн жилийн аварга баг “Голден Стэйт”, “Кливлэнд”-ийн өрсөлдөөн сүүлчийн нэг минут хүртэл тун ширүүн өрнөсөн.
Хоёр баг ээлжилж, тэргүүлэл авсаар шийдвэрлэх дөрөвдүгээр үе 89:89-өөр тэнцээд байв. Тоглолт дуусахад цөөн минут үлдсэн, хэн нь ч аварга авч магадгүй эгзэгтэй үед Леброн ба түүний нөхөд тун сайн хамгаалж, шийдвэрлэх мөчид К.Өрвингийн холын зайн шидэлтийн ачаар гурван оноогоор илүү гарч, Морин Цэргүүд 1978 оноос хойш эсрэг багийнхаа талбайд долоо дахь тоглолтыг хийгээд ялалт байгууллаа.
Шийдвэрлэх дөрөвдүгээр үед оноо тэнцүү явахад Жэймс тав дараалсан шидэлтээ алдсан. Энэ боломжийг аваргууд ашиглаж чадсангүй. Игоудала, Карри, Томпсон гээд шилдэг тоглогчид нь ээлж дараалан оноо авах боломжтой шидэлт гүйцэтгэсэн ч бөмбөг цагаригт орох тун дургүй байв. Ийм үед хэн оноо авсан нь сэтгэлзүйн хувьд том давуу тал үүсэх байлаа. Яг энэ үед Өрвинг нэгэн цаг үед өрсөлдөж байгаа шилдэг холбогч Карригийн эсрэг гурваас оруулж, багтаа том тус боллоо. Тэр яагаад драфтын нэгээр сонгогдсон, бас энэ багт ямар хэрэгтэй тоглогч болохоо энэ нэг шидэлтээр харууллаа. Эцэст нь 93:89-өөр Морин Цэргүүд энэ цувралд ялагч болж, NBA-гийн аварга цомыг анх удаа хотдоо залсан юм. “Хаан” Жэймс багаа удирдсаар 1:3 цувралаас эргэн ирж, ялалт байгуулсан анхны, Огайо мужийн 52 жил хүлээсэн аваргын цомын эзэн болж, түүх бүтээлээ
Зочин · 2016/06/20
great