Гадаад хэргийн яамны ээлжит “Мэдээллийн цаг” өчигдөр зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн мэдээллийн цагаар Серб Улсын нийслэл Белград хотноо 2015 оны 12 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд зохион байгуулагдсан ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 22 дугаар уулзалтад Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оролцсон талаар болон ирэх 7 хоногт БНХАУ-ын Жэнжоу хотод зохион байгуулагдах Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд Шадар сайд Ц.Оюунбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцохоор төлөвлөж буй талаар мэдээлэв.

Мөн түүнчлэн Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Монгол Улсын Эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөр”-ийг баталсан талаар мэдээлж уг хөтөлбөр батлагдсанаар улс орны хөгжлийг эрчимжүүлэхэд гадаад таатай нөхцөл бүрдүүлэх, гадаад улс оронтой эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үзүүлэх эерэг нөлөө, ач холбогдлын талаар мэдээлэл өгөв.

“Мэдээллийн цаг”-ийн төгсгөлд хилийн чанадад суугаа Монгол Улсын иргэдийн эрх ашиг, АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын явц болон ДТГ-т холбоотой асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.