151214-3

Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны XVI хуралдаан Белгийн нийслэл Брюссель хотноо 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр амжилттай болж ѳнгѳрлѳѳ. Хуралдааныг Монголын талаас Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Европын Холбооны талаас Европын Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал У. Астуто нар тус тус ахлаж оролцов.

Хамтарсан хорооны хуралдааны хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хорооны хуралдааныг зохион байгуулж, Монголын талаас Монгол Улсын Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал А.Ариунаа, Европын Холбооны талаас Худалдааны ерѳнхий газрын Алс Дорнодтой харилцах хэлтсийн дарга П.Берц нар тус тус ахлав.

Хуралдааны үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны ѳнѳѳгийн байдлыг дүгнэн ярилцаж, хэтийн зорилтыг тодорхойлохын зэрэгцээ ѳѳрсдийн улс тѳр, нийгэм, эдийн засгийн байдлын талаар харилцан мэдээлэл солилцов. Түүнчлэн талууд бүс нутаг дахь хамтын ажиллагаа, олон улсын байдал, хүний эрхийн асуудлаар санал солилцохын сацуу Европын Холбооноос олгосон GSP+ хөнгөлөлтийн ерөнхий системийн ашиглалт, Монгол Улсын дэлхийд өрсөлдөх чадавхийг сайжруулах үүднээс Европын норм, стандартыг монголын нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт нутагшуулах, 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах АСЕМ-ын дээд түвшний чуулга уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Европын Холбооноос техникийн туслалцаа авах болон хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх болон хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар ѳргѳн хүрээнд санал солилцож, хуралдааны үеэр хэлэлцэж тохирсон асуудлаар хамтарсан мэдэгдэл боловсруулж, гарын үсэг зурав.