Шинэ парламент чуулганы анхдугаар хурлаа хийж тангарагаа өргөж, УИХ-ынхаа даргаар М.Энхболдыг томилсон. Үүний дараагаар намууд бүлгийнхээ даргыг сонгосон юм. МАН бүлгийн даргаар Д.Хаянхярвааг сонгосон бол АН С.Эрдэнийг сонгов.

Ийнхүү суудлын томилгоо үргэлжилж Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбат томилогдлоо. УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар томилогдсон тэрбээр өчигдөр тамгаа гардаж авсан юм.

 

АТГ-ын дарга эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөөд байсан. Хуулийн дагуу түүний орны хүнийг Ерөнхийлөгч “оруулж ирсэн” ч асуудлыг хэлэлцэхгүй гацаад байсан. Тэгвэл шинээр бүрэлдсэн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан авлигатай тэмцэх газрын даргад Х.Энхжаргалыг томилох эсэхийг хэлэлцэж, 88,2 хувь дэмжиж, асуудлыг Улсын их хуралд оруулсан юм. Түүнийг өчигдрийн чуулганы хуралдаанаар АТГ-ын даргаар томилохыг 88,1 хувиар гишүүд дэмжлээ.

11 гишүүнийг эргүүлэн татаж магадгүй боллоо

Учир нь УИХ-ын 2016 оны 7-р сарын 05-ны өдрийн тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн байх магадлалтай аж. Монгол улсын үндсэн хуулийн Хорин ес дүгээр зүйлийн нэгд “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэснийг УИХ зөрчин нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоолыг баталжээ.

Үүнд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн засаг дарга Д.Ганболд, МАН-ын Стратеги академийн захирал А.Ундраа, Мишээл экспо группын захирал Б.Энх-Амгалан, Монголын зохиолчдын эвлэлийн хорооны тэргүүн Г.Мөнхцэцэг, Монполимет группын Ерөнхийлөгч Ц.Гарамжав, Тес Петролиум ХХК-ийн захирал Б.Баттөмөр, Роял академийн Ерөнхийлөгч Н.Учрал, “Очир төв” ХХК-ийн захирал Д.Дамба-Очир, Ачлал их дэлгүүрийн захирал М.Билэгт, Бишрэлт группын ерөнхийлөгч Б.Ундармаа нарын хүмүүс хуучин ажил, албан тушаалаа хүлээлгэж өгөлгүйгээр УИХ-ын гишүүний тангараг өргөсөн гэж үзэж байгаа аж.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаа хүлээлгэж өгөлгүйгээр тангараг өргөсөн нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36.2 дахь хэсэгт “Сонгогдохоосоо өмнө энэ хуулийн 36.1-д зааснаас бусад ажил, албан тушаал эрхэлж байсан бол гишүүн тангараг өргөхөөсөө өмнө чөлөөлөгдөх шийдвэр гаргуулсан байна”, Монгол ардын намын дүрмийн 29.2 дахь хэсэгт “Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно” (http://nam.mn/c/c ) гэснийг тус, тус зөрчсөн нь Үндсэн хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжуудтай харшилжээ.

Иймд УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгох гомдлыг Монгол улсын Үндсэн хуулийн цэцэд гаргасан байна. УИХ-ын тогтоол нь “Монголын улсын Үндсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай” хуулийн 13.1.1, 13.2.3 заалтыг тус, тус зөрчсөн гэж иргэд үзжээ.

Эх сурвалж: www.24tsag.mn

 

Хөхнөөсөө гараагүй өөдөсхөн үр нохойн “идэш” болсон түүх битгий давтагдаасай

 

2016.03.16-нд хөхнөөсөө ч гараагүй дөрвөн настай хүү эмээгийнхээ гэрээс бие засахаар гэр рүүгээ гүйхдээ нохойд бариулсан байдаг. Хүүг хамар хашаанийх нь Б-ийн "Дундад Ази” үүлдрийн нохойд хазсан бөгөөд салгах гэж оролдоход тавихгүй нохой хүүг зуусан чигтээ зугтсан.

Арай гэж хүүг салган авахад бүх бие нь цусаар будагдан, гүрээний судас нь тасарч, гэдэснийх нь хажуугаар сэмж нь цувсан, дунд чөмөг нь бяцарсан байсан аж. Хүү ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн ирсэн ч маргааш нь нас барсан байна. Хэргийг СХД-ийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байсан бөгөөд мөрдөн байцаалтын ажил дуусаж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Тэгвэл маргааш нохойгоо сул тавьсан хариуцлагагүй эзний гэм бурууг шүүнэ. Тодруулбал, нохойн эзэнг нохойгоо сул тавьснаас болж бага насны хүүхэд нас барсан тул Эрүүгийн хуулийн 201.2-д заасны дагуу яллах санал прокурорын байгууллагаас гаргаад байгаа юм. Хэрвээ шүүх нохойн эзнийг буруутай гэж үзвэл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм билээ.

Энэ бол зөвхөн олны анхааралд орсон хэрэг. Үүний цаана өчнөөн хүүхэд нохойд хазуулан гэмтсээр байгаа. Өнгөрсөн онд 6436 хүн нохойд хазуулсны улмаас галзуугийн вакцин хийлгэсэн байна. Он гараад хоёр сарын хугацаанд 463 хүн нохойд хазуулж эмчилгээ хийлгэсний 23 нь тав хүртэлх насны хүүхэд байгаа юм. Тэдний ихэнх нь гудамжны буюу золбин нохойд хазуулсан байна.

Өчигдөр л гэхэд 21:00 цагийн үед хашааныхаа үүдэнд тоглож байсан 07 настай хүүг Буянт-Ухаагийн ... тоотод суух Э /эм,22н/-ын тэжээвэр нохой хазаж гэмтээсэн байна.

Тэгвэл нохойгоо сул тавьсан этгээд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээдэг гэдгийг нохой тэжээгчид анхаарна уу.

Хуулийн заалтыг эндээс харна уу

Төгрөг суларч, зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ өслөө

Засаг солигдож сандал суудлынхаа хуваарилалтыг хийж эхэлсэн энэ өдрүүдэд гадаад валютын ханш чангарч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч нэмэгдэв.

Өнгөрөгч сард 1950 төгрөгөөс хэтрэхгүй байсан ам.долларын ханш огцом өсч 2000-т хүрлээ. Өнөөдрийн байдлаар монголбанкнаас нэрлэсэн ханш 2012 төгрөгтэй тэнцлээ. Харин арилжааны банкууд 2010-2014-өөр авч, 2020-2028 төгрөгөөр зарж байна.

Ам.долларын ханш ийнхүү өссөнөөр төгрөгийн нэрлэсэн ханш суларч эхлэв. Төвбанкнаас мягмар гарагт болсон гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкуудад 2,006 төгрөгийн ханшаар 22.7 сая ам.доллар нийлүүлсэн юм.

Монголбанкны зүгээс ам.долларын ханшийг тогтворжуулах, төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор валютын дуудлага худалдаанд оролцдог. Энэ үүргээ биелүүлж долдугаар сард алгасахгүй оролцож байна.

Харин манай улсын бичигдээгүй хуулийн дагуу ноён ногооны дагаж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх байдал дахин ажиглагдлаа.

Өнгөрсөн долоо хоногийн ажиглалтаар өмнөх 12 нэрийн барааны үнэ тогтвортой, 12 нэрийн барааны үнэ буурсан, 8 нэрийн
барааны үнэ өссөн гэж статисикийн газраас мэдээлэв. Тодруулбал, Гурил, цагаан будаа, гүрж цай, Элсэн чихэр, ямааны мах, хонины мах, манжин зэрэг хүнсний бүтээгдэхүүний үнэ өсчээ.

 

Э.Сумъяагийн олимпийн наадамд оролцох эрхийг сэргээлээ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо ( UWW ) - ноос чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяагийн олимпийн наадамд оролцох эрхийг сэргээсэн тухайг мэдэгдэж, Монголын үндэсний олимпийн хороонд албан ёсоор бичиг ирүүлжээ.

Түүнийг Допингийн эсрэг зөрчил гаргасан хэмээн үзэж, шинжилгээгээр 0.7 микрограм бодис илэрсэн гэх үндэслэлээр 2016 оны олимпод оролцох эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сард Дэлхийн нэгдсэн бөхийн холбоо /UWW/ гаргаж байсан юм.

Дэлхийн нэгдсэн бөхийн холбоо /UWW/, Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/ хэд хэдэн тамирчинд хамаарах энэ асуудлыг эргэн харж, 2016 оны аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл тамирчдын допингийн шинжилгээгээр мельдониум бага хэмжээгээр илэрсэн бол "Хэвийн" гэж үзэхээр шийдвэрлэснээр манай тамирчин олимпийн наадамд оролцох боломжоо хадгалж үлдэв. Ийнхүү түүний эрх сэргэснээр олимпод оролцох чөлөөт бөхийн тамирчдын тоо 10 болж, Монголын тамирчид 41-үүлээ буюу өмнөх олимпийн наадмуудынхаас хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэйгээр РИО-2016 олимпийг зорих болж байна.