МАН-ыг хүнд өдрүүд хүлээж байна

АН-ын дарга асан З.Энхболд ялагдлаа хүлээн “тайз”-аас буухдаа “Төр барихад амаргүй дөрвөн жил байсан. Эдийн засгийн хүндрэл дараагийн жилүүдэд үргэлжилнэ. АН 4 жилд их ажил амжуулсан. Үүнээс ч илүү ажиллахыг МАН-д хүсье” гэсэн. МАН-ынхан хэцүүхэн даваа хүлээж байна. Ерөнхий сайд ажилдаа ханцуй шамлан орохоор сайд нарынхаа нэрсийг барин дээгүүр доогуур гүйсээр... Тэр сайд болох хүсэл өвөрлөсөн МАН-ын олон гишүүдийн эрх ашиг дундуур гүйсээр 16 сайдын нэрсийг тодруулж Ерөнхийлөгчид өргөн барьсан. Гэвч олон нийт тэд хэн хэн байх вэ, гэхээс илүү юу чадах вэ гэсэн хүлээлт байна.

УИХ-ын дарга З.Энхболд 2015 онд ард түмэнд “Төсвийн алдагдал 2017 онд ТЭГ болно. Учир нь бид өрөө төлөх нөөцөө гаргаж байна” хэмээн амлаж байсан. Түүний амлалтыг МАН үргэлжлүүлнэ.

Энэ долоо хоногт гаргасан сангийн яамны тайлангаар төсвийн алдагдал 1.1 их наяд төгрөгт хүрсэн гэжээ.

Тодруулбал, Монгол Улсын нэгдсэн төсөв эхний хагас жилийн байдлаар 1.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, төлөвлөсөн гүйцэтгэлээс 671 тэрбум төгрөгөөр дутуу биелсэн. Улсын төсвийн алдагдал ийнхүү эрчимтэй өссөн шалтгаан нь орлогын төлөвлөгөө биелээгүй, зардал нэмэгдсэнтэй холбоотой аж.

Мөн хүүхдийн мөнгөний санхүүжилт тасарсан тухай ч энэ тайланд нийтлэгдсэн байх. Хүний хөгжлийн санд 63.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн нь төлөвлөгөөнөөс 17.6 тэрбум төгрөгөөр дутуу байжээ. Ийнхүү дутуу орлого төвлөрсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлоготой холбоотой хэмээн албаныхан тайлбарлаж байна. Түүнчлэн нийгмийн даатгалын санд 854.8 тэрбум төгрөг төвлөрсөн нь төлөвлөгөөнөөс 14.7 тэрбум төгрөгөөр давжээ. Тус сангаас хүүхдийн мөнгөнд 143.5 тэрбум төгрөгийг олгоод байна. Нийгмийн даатгалын сангийн төлөвлөсөн зардал 91.8 хувийн буюу 802.9 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарсан бөгөөд өөрөөр хэлбэл хүүхдийн мөнгөний санхүүжилт тасраад байгаа аж.

Монгол Улсын өнөөгийг эдийн засаг ийм байна.

Иймээс МАН-ынхан юун түрүүн УИХ-ын Хаврын чуулганаар заавал хэлэлцэх ёстой хэд хэдэн асуудалд анхаарч эхлэх хэрэгтэй байгаа юм. Хамгийн эхэнд ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл багтдаг. Уг бол Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, батлахад бэлэн болчихсон байв. Гэтэл Зи даргын парламентын ирц бүрдэхгүй байснаар тавдугаар сард баталчих байсан хуулийн төсөл хав дарагдсан хэвээр байна. Одоо бол төсөвт байгууллагууд ирэх оны төсвийг боловсруулах боломжгүйд хүрчихээд байна.

Үүнээс гадна УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхээр хуульд заасан 2015 оны төсвийн гүйцэтгэлийг Засгийн газар одоог хүртэл УИХ-д өргөн бариагүй байна. Өмнөх оны төсвөөс сургамж авч, залгамж чанараа хадгалж байж төсөв боловсруулдаг.

Гэвч З.Энхболдын парламентад энэ асуудал анхаарах хүн байсангүй. Одоо бол олонх болсон МАН-ынг М.Энхболд даргыг хүлээж байна.

П.УНДРАМ
Оллоо.мн