Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат шинээр байгуулагдах Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөн барьсан. Ерөнхийлөгчид барьсан төсөлд Засгийн газар 13 яамтай, Ерөнхий сайдтай нийлээд 16 сайдтай байхаар тусгажээ. Тэгвэл 13 яамны харьяанд 10 тохируулагч, 17 хэрэгжүүлэгч агентлаг байхаар зааж өгсөн байна.

 

 

Ингэхдээ өмнөх Засгийн газрын үед нэгтгээд байсан зарим агентлагуудыг салгаж, татан буугдсан агентлагийн үйл ажиллагааг сэргээж, чиг үүрэг ойролцоо төрийн байгууллагуудыг нэгтгэхээр болоод байна.

 

Тодруулбал, шинээр дөрвөн агентлаг байгуулагдана. Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Үндэсний хөгжлийн газрыгЗасгийн газрын тохируулагч агентлаг болгон шинээр байгуулахаар, мөнхүрээнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг хэрэгжүүлэгч агентлагийн чиглэлээр шинээр эмхлэн байгуулахаар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хүрээнд Биеийн тамир, спортын газар болон Соёл урлагийн газрыг тус бүр хэрэгжүүлэгч агентлаг болгон шинээр байгуулахаар тусгасан байна.

 

Харин дараах таван агентлагийн нэрийг сольсон байна. Тодруулбал, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын нэрийг Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газар болгон өөрчилж, Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг байхаар, Хүүхдийн төлөө үндэсний газрын нэрийг Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон өөрчилж, хүүхэд төдийгүй залуусын хөгжил боловсролын асуудлыг хариуцуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа, хэрэгжүүлэгч агентлаг байхаар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрыг Гадаадын иргэн, харьяатын газар болгон нэрийг нь өөрчилж, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа, хэрэгжүүлэгч агентлаг байхаар, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрыг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар болгон өөрчлөхөөр тусгаж, Барилга, хот байгуулалтын яамны харьяа, хэрэгжүүлэгч агентлаг байхаар, Нийгмийн даатгалын ерөнхий газрыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар болгон өөрчлөхөөр тусгаж, шинээр байгуулагдах Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд харьяалагдах хэрэгжүүлэгч агентлаг байхаар тусгажээ.

Тэгвэл Газрын тосны ерөнхий газар болон Ашигт малтмалын газрыг нэгтгэн Ашигт малтмал, газрын тосны газарболгон шинээр байгуулагдах Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяа, тохируулагч агентлаг байхаар, Бүртгэл статистикийн ерөнхий газар болон Оюуны өмчийн газрыгнэгтгэн Улсын бүртгэл, оюуны өмчийн газар болгон Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа, хэрэгжүүлэгч агентлаг байхаар, Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Нийгмийн халамж, үйлчилгээний газрыг нэгтгэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болгон байгуулах Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа хэрэгжүүлэгч агентлаг байхаар тусгасан байгаа юм.

 

Харин Гааль, Татварын ерөнхий газрыг задлан Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газруудыг байгуулж, хоёуланг нь Сангийн яамны харьяа, хэрэгжүүлэгч агентлаг байхаар тодорхойлжээ. Тэгвэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хөрөнгө оруулалтын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн халамж, үйлчилгээний газруудыг татан буулгахаар Ерөнхий сайдын өргөн барьсан төсөлд дурдсан байна.

 

А.Аюуш

Үндэстэн агентлаг