Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Ж.Батсуурийг томилов
2016/07/23
УИХ-ын нэгдсэн чуулган 21:40 цагт эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын 64 гишүүн санал хураалтад оролцсноос 61 буюу 95.3 хувь нь дэмжснээр У.Хүрэлсүхийг Шадар сайдаар, Ж.Мөнхбатыг ЗГХЭГ-ын даргаар, Д.Оюунхоролыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилов. Мөн УИХ-ын 64 гишүүн санал хураалтад оролцсноос 58 буюу 90.6 хувь нь дэмжснээр Б.Бат-Эрдэнийг Батлан хамгаалахын сайдаар томилсон.
УИХ-ын 63 гишүүн санал хураалтад оролцсноос 59 буюу 93.7 хувь нь дэмжснээр Ц.Мөнх-Оргилыг Гадаад харилцааны сайдад томилов. Мөн Б.Чойжилсүрэн гишүүнийг Сангийн сайдад томилох эсэхэд санал хураалтад УИХ-ын 61 гишүүн оролцсноос 58 буюу 95.1 хувь нь дэмжснээр Б.Чойжилсүрэнг Сангийн сайдаар томилсон юм. Үүний дараа С.Бямбацогт гишүүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад томилох эсэхэд санал хураахадУИХ-ын 59 гишүүн оролцсноос 59 буюу 94.9 хувь нь дэмжснээр С.Бямбацогтыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилов.
Дараагаар Н.Номтойбаяр гишүүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад томилох эсэхийг хэлэлцсэн. Санал хураахад УИХ-ын 58 гишүүн оролцсноос 55 буюу 94.8 хувь нь дэмжснээр Н.Номтойбаяр гишүүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилсон юм.
Үүний дараа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ж.Батсуурийг томилох асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал,
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Зун ажилуулж байгаа цэцэрлэгүүдийг дэмжиж өгөөрэй. Малчдын хүүхдүүдийн боловсрол анхаараарай. Сүүлийн үед соёл, шинжлэх ухааны салбар орхигдоод байгаа.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Оюутны сургалтын төлбөр, төлбөрийн зээлд анхаарах хэрэгтэй байна. Багш нарын цалин дээр нэг ч төгрөг нэмээгүй. Түүнд анхаараарай. Өнгөрсөн хугацаанд ШУА-ийн тараах гэж байсан. Энэ салбарт анхаараарай.
Үүний дараа Я.Содбаатар гишүүн горимын санал гаргасан. ЗГ-ийн гишүүнээр томилох асуудалд нэр дэвшигч тус бүр дээр байнгын хороо болон чуулганы хуралдаанд дор хаяж 10 хүн асуулт асууж байна. Тиймээс асуулт асуухгүй, санал хэлэхгүйгээр шууд томилох эсэхийг шийдэх горимын санал хураасан. Горимын санал хураалтад 55 гишүүн оролцсон. Улмаар 31 гишүүн буюу 56.4 хувийн саналаар горимын саналыг дэмжсэн.
Үүний дараа Ж.Батсуурийг БСШУС-ын сайдад томилох эсэхэд санал хураахад УИХ-ын 55 гишүүн оролцсноос 46 буюу 83.6 хувь нь дэмжснээр Ж.Батсуурийг БСШУС-ын сайдаар томилсон юм.
БСШУС-ын сайд Ж.Батсуурийн намтар:Ж.Батсуурь 1978 онд Дорноговь аймгийн Сайншанд хотын 10 жилийн сургууль,1983 онд Братислава хотын Техникийн их сургуулийг тус тус төгссөн. Барилгын инженер- эдийн засагч мэргэжилтэй. Докторын зэрэгтэй. Тэрбээр 1983-1987 онд Политехникийн Дээд Сургуульд, 1987-1988 онд Техникийн Их Сургуульд багш, 1988-1990 онд Техникийн Их Сургуульд Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны дарга, 1990-1994 онд Техникийн Их Сургуулийн МТС сургуульд дэд захирал, 1994-1998 онд Чех улсын Прага хотын ТИС-д докторант багш, 1998-2000 онд Улаанбаатар хотын *Ус орчин* ХК-ий гүйцэтгэх захирал, 2000-2008 онд Дорноговь аймгийн Засаг даргын албыг тус тус хашиж байв.
2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж ирсэн тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр улиран сонгогдсон. Улмаар 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 24 хүртэл УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонгогдон ажилласан.
2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2003 онд " Алтан гадас" одон, 2010 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, 2010 онд Чех Улсын Карл Кармерын одонгоор шагнагдсан, англи, орос, чех хэлтэй юм.
Зочин · 2017/05/31
Огцор огцор