Сүүлийн үед  хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Увертюра” хамтлаг тоглолтоо хийнэ, хийхгүй  гэсэн мэдээлэл гарсан билээ. Тэгвэл тоглолт болох эсэх талаар тус хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагваас тодрууллаа.

“Хамтлагийн маань анхны бие даасан  “Төгсгөлгүй эхлэл”  тоглолт ирэх сарын 23,24-нд Улсын драмын эрдийн театрт болох гэж байна.  Монгол поп опера  урсгалыг Монголын хөрсөн дээр буулгах гэж дөрвөн жил ажилласныхаа үр дүнг тоглолтоороо харуулахаар зэхэж байна” хэмээсэн юм.  

Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Анир” дуу бичлэгийн студи, ерөнхий найруулагчаар Төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам, хөгжмийн найруулагчаар тус хамтлагийн продюсер МУСТА Б.Алтанхуяг ажиллах юм байна. Тоглолтод  Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгийн оркестр, Хөгжим бүжгийн коллежийн нийт хамт олон оролцох ажээ.  

Үүсгэн байгуулагдаад дөрвөн жил болж байгаа тус хамтлагийн хувьд чамлалтгүй олон уран бүтээлээ Улсын баяр наадмын нээлт хаалт болон олон улсад тоглож байсан юм.  Тухайлбал “Өнө мөнх орон”, “Цагийн аяс”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Халуун элгэн нутаг”, “Дөрвөн цагийн тал”, зэрэг Монголчуудын сонсох дуртай дуунууд болон өөрсдийн шинэ уран бүтээлүүдийг  Монгро поп опера чиглэлд оруулан дуулсан нь үзэгч, сонсогч түмний таашаалд нийцсэн юм.  Тэр ч утгаараа үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан бөгөөд энэхүү тоглолтын тасалбар удахгүй худалдаанд гарах юм байна.  Ингэхдээ тасалбарыг  www.uvertura.mn сайтаараа дамжуулан худалдах ажээ.  

А.Баярмаа