Эдийн засгийн хямрал арилахгүй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэдэнтээ өслөө. Тэгвэл иргэдийн гар дээрээ авдаг хэд нь үл нэмэгдэв.

Цалингаас цалингийн хооронд амьдарч буй ард түмэн хоногийн хоолоо арайхийж залгуулж байгаа нь олонхи. Харин энэ сарын 08-ны өдөр Монголын үйлдвэрчний эвлэл цалин нэмэхийг Засгийн газраас шаардлаа. Тодруулбал, Тус хорооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Өмнөх Засгийн газрын үед Монголын үйлдвэрчний холбоо, Монголын ажил олгогч, эздийн нэгдсэн холбооны хооронд “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээр”-ийг баталсан. Харамсалтай нь цалин хөлс нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалж, хамгаалахтай холбоотой хууль эрхзүйн чиглэлээр тодорхой хуулиудыг батлах хүлээсэн үүрэг хүлээсэн байсан ч биелүүлж чадалгүй сонгуультай золгосон. Тиймээс “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн өмнө хүлээсэн үүргийг дараагийн Засгийн газар үргэлжлүүлэх ёстой. Энэ оны улсын төсөвт тодотгол хийхдээ төрийн албанд ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх 90 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хэрэгжүүлэхийг шаардаж байна” хэмээн онцолсон юм.

Ганцхан төрийн албан хаагчдын цалинг л нэмэх юм бол хувийн хэвшилд ажилладаг хүмүүс яах болж байна. Манайд нэг буруу тогтолцоо тогтоод удаж буйг хэн хүнгүй анзаарсан биз. Улсад л ажиллаж байгаа бол түүний цалинг нэмнэ. Хүүхдийг нь үнэгүй цэцэрлэгт хамруулна.

Гэтэл ажилгүй, орлогогүй дэмий гараа хумиад суухыг хүсээгүй иргэд хувийн хэвшилд ажилладаг тэд ч бас хүн. Адилхан л цалингаас цалингийн хооронд ажиллаж яваа улс. Ажлын цагаасаа хором ч хоцорч болохгүй. Сарын сүүлд авдаг хэдийнх нь тал нь байхгүй болсон байх учраас тэд өвдөх ч эрхгүй. Тэгэхээр төр болон хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүсийн цалинг нэмэх хэрэгтэй байна. Мэдээж төрийн алба хаагчдын цалинг улсаас даах нь ойлгомжтой. Тэгвэл хувийн хэвшлийнхэний бага цалинтай ажилчдынхаа цалинг нэмэхийг шаардаж яагаад болохгүй гэж. Хуулиндаа энэ хувийн компаниудын ажилчдын цалин, халамж, нийгмийн даатгалыг талаар чангатгах хэрэгтэй байна. Ажилчдынхаа цалингаас нийгмийн даатгалыг нь хасаад авчихсан байж нийгмийн даатгалдаа төлөөгүй өртэй компаниуд олон. Тухайлбал, Японоос машин оруулж ирж худалдаалдаг мөн авто оношилгоо хийж засварладаг томоохон компани сүүлийн жил гаруй ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлөөгүй аж. Хэн нэгний нэр төрд халдахыг хүсээгүй учраас компанийн нэрийг дурдсангүй. Хамгийн гол нь ийм нэгэн буруу тогтолцоо Монголд тогтчихоод удаж байна. Ажилчдаа боддоггүй, хөдөлмөрийн гэрээнд л заасан үүргээ хүлээнэ гэсэн заалтаар өөрсдийгөө тахалдаг. Гэтэл тэрхүү гэрээндээ байгууллага ажилтны нийгмийн даатгалыг төлөөгүй бол ямар үүрэг хүлээх талаар огт тусгаагүй байдаг. Жишээлбэл, жирэмсэн ажилтан дикритний мөнгөө бодуулж авах гэтэл нийгмийн даатгалаа төлөөгүй улмаас авах ёстой тэтгэмжээ авч чадахгүйд хүрлээ. Ийм нөхцөлд яах уу? шүүхээр явна. Олон хоног бөөн асуудал үүснэ. Ингэсээр байтал нөгөө ажилтан хүүхдээ төрүүлнэ дахиад төрсний дараах дикритний мөнгөний асуудал сөхөгдөж эхэлнэ. Хариуцлагагүй байгууллага, компаний улмаас иргэд л хохирч байна.

Төрийн ч бай, улсын ч бай албан хаагчдын цалинг нэмэхийг үйлдвэрчний эвлэл яагаад шаардаж болдоггүй юм. Эсвэл хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллаж болно доо. Хамгийн ихээр ажил хаялт зарладаг хүмүүс бол багш, эмч, автобус баазын ажилчид. Хувь, төр Монголын үйлдвэрчний эвлэлээс эрх баригч намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан яаралтай шийдвэрлэх 10 асуудлыг танилцуулсан юм. Үүнйиг бүрэн эхээр нь хүргэе.


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тулгамдсан, хүлээгдэж буй асуудлаар Засгийн газарт хүргүүлсэн санал

  • МҮЭ-ийн холбооноос иргэд, хөдөлмөрчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах үндэсний байгууллагын хувьд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлзлцээр, Улсын Их Хурлын 2016 оны сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдэд хүргүүлсэн “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичиг болон УИХ-ын 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын мөрийн хөтөлбөрийг үндэслэн төрийн залгамж чанар, улс төр, нийгэм, эдийн засаг, иргэдийн хөдөлмөр, аж байдлын өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төлөвлөгөөнд тусган яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа тулгамдсан асуудлуудыг хүргүүлж байна.
  • Хямралын нөхцөлд ажилчдыг цомхотгохгүй байх бодлого баримталж төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний мэргэшсэн удирдлага, албан хаагчдыг улс төрийн үзэл бодол, намын харьяаллаар нь үндэслэлгүй халж, сольж төрийн байгууллагуудын залгамж чанар, тогтвортой үйл ажиллагааг алдагдуулахгүй байх.
  • Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрийн 3.4 дэх заалтыг хэрэгжүүлэх хүрээнд байгуулсан нэмэлт хэлэлцээр болох “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2015 оны 108 дугаар тогтоолын 1.10 дахь заалтыг хэрэгжүүлж Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголын хүрээнд төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх.
  • Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрт туссан Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр чөлөөлөх эрх зүйн орчинг бүрдүүлэх арга хэмжээг авч иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх.
  • Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг батлахдаа иргэдийн нийгмийн хамгаалал, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх замаар ядуурал, орлогын хомсдолыг арилгахад чиглэсэн бодлого баримтлах, Төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 40-өөс доошгүй хувиар нэмэгдүүлэх.
  • Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлтөөс хамгаалж жил бүр индексжүүлж, хөрөнгийн эх үүсвэрийг холбогдох төсөвт тусгаж байх асуудлыг цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг индөксжүүлэх хууль гарган зохицуулах, төгрөгийн худалдан авах чадварыг хадгалах, зах зээл дээр хэрэглэгчийг хамгаалах, шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн "Үнэ бүрдэлтийн тухай хууль"-ийн төслийг нийгмийн түншүүдтэй хамтран боловсруулах.
  • Дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн бууралтыг харгалзан дотоодын түлш шатахуун, бензиний үнийг бууруулах.
  • Эдийн засгийн хямралын үед тогтвортой, бүтээмжтэй, баталгаатай зохистой хөдөлмөрийн үзэл баримтлалыг хангасан ажлын байрыг олноор бий болгох, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн бүгээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зэрэг асуудалд онцгой анхаарсан бодлого хөтөлбөрийг нийгмийн түншлэлийн талуудтай хэрэгжүүлэх.
  • Эдийн засгийн хямралыг даван туулахад иргэн бүрийн хүч, сонирхол, идэвх чармайлтыг дэмжих, оролцооны эдийн засгийг хөгжүүлэх, компанийн нийгмийн хариуцлагыг бодитой болгохын тулд ажиллагчид, тэдгээрийн гэр бүлийн хүмүүсийн нийгмийн баталгааг нэмэгдүүлэх, ажилтанд цалингаас өөр орлогын шинэ эх үүсвэр бий болгох үүднээс “Ажилчдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр /ESOP/-ийг хөгжингүй орнуудын туршлагаар хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчныг буй болгох асуудлыг шийдвэрлэх.
  • Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Аж үйлдвэр, худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81, “Хөдөө, аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129, “Нийгмийн хамгааллын тухай” 102 дугаар Конвенцуудад нэгдэн орох
  • Монгол Улсын 2016 оны төсвийн тодотгол, 2017 оны төсвийн төсөөлөлтэй холбогдуулан нийгмийн түншүүд болох МАОЭНХ, МҮЭ-ийн холбооны саналыг авч тусгах.

Эдгээр саналуудыг нухацтай судлан үзэж хөдөлмөр, нийгмийн хамгааллын читэлээр Засгийн газрын шинэ бодпого, зорилтыг тодорхойлон хэрэгжүүлэхдээ анхааран үзэж нийгмийн түншпэлийн хүрээнд МҮЭ-ийн холбоотой идэвхтэй ажил хэрэгч хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.