Сонгуульд өвдөг шороодсон Ардчилсан намынхан алдаа, онооныхоо талаар одоо л ярилцах сөхөөтэй болж байна. Тус намыг шинэчлэх цаг нь болсон гэж олон нийт ч шүүмжилдэг намынхан ч ярьдаг. Харин АН-ынхан шинэчлэгдэх нь бүү хэл фракцуудынхаа тэмцэлд идэгдсээр өнөөдрийг хүрсэн нь сонгуульд амаараа шороо үмхүүлэх гол шалтгаан болсон гэж хэлж болно.

 

Сонгуульд ялагдуулсан гол буруутнаар З.Энхболдыг тодруулж намын даргаасаа мулталсан ч халж, солиод өнгөрөхөөс илүүтэй засч, сайжруулах шаардлагатай олон зүйл тус намд бий. Тиймээс тус намынхан болж бүтэхгүй асуудлуудаа болон намын шинэ даргыг томилох асуудлыг ирэх сарын арванхоёрдугаар сарын 6-нд Их хурлаараа шийдвэрлэхээр тов гаргажээ. Уг Их хурлаас өмнө ҮЗХ-г энэ сарын 25-нд хуралдуулахаар болсон байна. Уг хурлаар долдугаар сард хуралдахдаа хэлэлцэж амжаагүй намын дүрмийн шинэчлэлд санал авах, УИХ, аймаг, нийслэлийн сонгуулийн ялагдлын шалтгаанд үнэлэлт өгөх, орон нутгийн сонгуульд оролцох бэлтгэлибн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

АН-ын даргад гурван хүний нэр яригдаж байна

 

Одоо тус намын даргын ажлыг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат түр оролж байна. Харин намын жинхэнэ даргаар хэн сонгогдож ирэх жилүүдэд АН-ыг удирдах нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байгаа юм. Иргэдийн дунд Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, С.Эрдэнэ, Лу.Болд, Х.Тэмүүжин нарыг намын даргад өрсөлдөнө гэсэн мэдээлэл байна. Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар эдний хэн нь биш харин УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөр, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Г.Батхүү нар намын даргад горилж байгаа юм байна. Дээрх хүмүүс даргын төлөөх марафоноо аль хэдийн эхлүүлсэн бөгөөд намын гишүүдтэйгээ хэсэгчилж уулзах хөдөө орон нутгаар явж намын анхан шатны нэгжүүдээр хурал, уулзалтуудыг хийж яваа сурагтай.

 

Ирэх жилүүдэд Ардчилсан намыг удирдаж 2020 оны сонгуульд авч орох хариуцлагатай хүн дээрх гурван хүнээс сонгогдох магадлал тун өндөр байна. Намаа хүнд хэцүү үед удирдаж хариуцлагатай сайн ажиллан, зоригтойгоор алдаагаа засч чадвал дараагийн сонгуульд АН ялалт байгуулахад ойрхон байна. Ингээд Ардчилсан намын даргаар сонгогдох магадлал бүхий дээрх гурван эрхмийн хэн нь, хэн бэ гэдэгтэй танилцъя.

 

УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөр

 

- Түүнийг “Нэг ардчилал”, “Алтангадас” фракцаас зүтгүүлж байгаа аж. Тус хоёр фракцийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байгуулсан гэдэг. Ихэвчлэн залуу гишүүдийн бүрэлдэхүүнтэй тус фракцаас нэр дэвших Л.Гантөмөр Ерөнхийлөгчийн хүчтэй дэмжлэгтэйгээр намын даргад өрсөлдөх магадлал тун өндөр байна. Түүний хувьд 1991 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн дунд сургууль, 1996 онд Японы Сэндай коллежийг Цахилгаан холбооны инженер, 1999 онд Японы Нагаока технологийн их сургуулийг Электроникийн инженер мэргэжлээр тус, тус төгссөн. Тэрбээр 2000-2004 онд “Сэтгэшгүй трейд” ХХКомпанид дэд захирал, 2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч, 2007 оноос Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж, улмаар 2004-2008, 2008-2012, 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон 2006-2007 онд Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байв. Япон, англи, орос хэлтэй. Өнгөрсөн дөрвөн жил Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажилласан. АН-ын нэр цэвэр залуу улс төрчдийн нэг. Түүний боловсролын салбарт хийсэн шинэчлэлүүд, инженерүүдийг олноор бэлтгэх бодлого, мэддэгээс чаддагийг бэлтгэнэ гэсэн нь нийгэмд таалагдсан.

 

Харин Г.Батхүүг МоАН зүтгүүлж байгаа аж. УИХ-д гурав дараалан сонгогдсон тэрбээр энэ удаа намтайгаа хамт сонгуульд өвдөг шороодсон. Түүнийг хүмүүс “АПУ”-ийн гэж цоллодог. УИХ дахь бизнесмэн гишүүдийн нэг байсан. Г.Батхүүгийн хувьд УИХ-д 1996-2000 онд УИХ-ын гишүүн болсон ч дараагийн сонгуульд ялагдал хүлээсэн. Харин 2004-2008 онд тэрээр ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Мөн 2012 оны сонгуульд шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүн болж 2016 он хүртэл ажилласан юм. Тэрбээр 1978 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10 жилийн дунд сургууль, 1983 онд ЗХУ-ын Харьков хотын инженер-эдийн засгийн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр, 1999 онд ШУТИС-ийн Бизнесийн удирдлагын ухааны магистрантурыг тус, тус төгссөн. Бизнесийн удирдлагын ухааны магистр зэрэгтэй. Харин хэр сайн улс төрч вэ гэдгийг монголчууд дор бүрнээ тодорхойлно.

 

Харин Д.Эрдэнэбатыг МҮДН, Шонхор фракци зүтгүүлж байгаа гэх юм. Д.Эрдэнэбатын хувьд энэ жил хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдон ажиллаж байна. Өнгөрсөн дөрвөн жилд АН-ын бүлгийн дарга, Аж үйлдвэрийн сайдаар ажилласан. Өмнө нь Багануур дүүргийн Засаг дарга. "Ноён" группын ерөнхий захирал. "Залуучууд зочид буудал"-ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. ОХУ-ын Эрхүү хотын дээд сургуулийг авто инженер, механикийн мэргэжлээр 1983 онд төгссөн. ХБНГУ, Японд мэргэжил дээшлүүлсэн.

24tsag.mn