УИХ-ын сонгуулийн булхай, луйвар жил ирэх тусам нарийсаж байгаа. Харин тэдгээрээс зарим нэг азгүй нэр дэвшигчдийнх нь булхай луйвар илэрч, шүүхийн байгууллагад дуудагддаг.

Гэхдээ энд шүүхийн хэрхэн шийдэхийг улс төрчид шийддэг. Хамгийн гол нь асуудал гээндээ ч бий, гоондоо бий болохоор хэн нь УИХ-ын гишүүн болохыг АН, МАН-ын төлөөлөл хоёр талаасаа тулж ярилцаад win win буюу харилцан ашигтай байхаар тохиролцдог. Тэр ч утгаараа Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшсэн Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын УИХ-ын гишүүний мандатыг АН-ын нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарт өгсөн. Тохиролцоо хийх болсон шалтган нь УИХ дахь МАН-ын гишүүд бүлгээ албан ёсны болгох байсан. Үүн дээр АН гэдийж, гуйлгаж, шаардуулан байж дуртай дургүй хүлээн зөвшөөрсөн түүх бий. Увсын маргаан ч гэсэн мөн л шүүхийн байгууллагын тусламжтайгаар намын дарга нарын ханцуйн дахь наймаагаар шийдэгдсэн. Тухайн үедээ талууд тохиролцоод л салсан гэдгийг олон хүн гадарлаж байгаа. Өөрөөр хэлбэл улс төрийн уур амьсгал энэ тохиролцооны ачаар нэг хэсэгтээ л нам гүм болсон. Харин сүүлийн үед нам гүм байсан улс төрийн дуулиан дахин дгдэх эхлэл тавигдаад байна. Тодруулбал Өвөрхангай аймгийн иргэн Ц.Нямсүрэн, Б.Ганбат, Ё.Оргодол, Ж.Жаргалсайхан, Г.Даваатогтох нар Үндсэн хуулийн цэцэд УИХ-ын гишүүн Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татахыг хүссэн 22 мянган иргэний гарын үсэгтэй өргөдлийг хүргүүлсэн юм. Өвөрхангай аймгийн иргэд 22 мянган сонгогч гарын үсгээ зурж баталгаажуулсан нь нийт сонгогчийн 51 хувь МАН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшин өрсөлдсөн нэр дэвшигчдийг дэмжиж саналаа өгсөн юм гэдгийг баталгаажуулсан нь энэ юм.УИХ-ын сонгуулийн аравдугаар тойрог буюу Өвөрхангай аймагт явагдсан сонгуулийн санал хураалтын дүнгээр С.Чинзориг 23493, Н.Төмөрхүү 21267, Г.Батхүү 19939, Д.Зоригт 16795 хүний санал авсан байдаг.

СЕХ нь хууль шүүхийн байгууллагаар албан ёсоор тогтоогдоогүй байгаа зүйлийг үндэслэн, үйл ажиллагаагаа бие даасан хараат бус байдлаар явуу¬лахдаа баримтлан ажиллах ёстой хууль дээдлэх, улс төрийн хувьд төвийг сахих, асуудлыг хамтран хэ¬¬лэлцэж шийдвэрлэх, ил тод, шудрага байх гэсэн үн䬬сэн зарчмуудаа зөрчин дээрх шийдвэрийг гар¬га¬сан гэж үзэж Үндсэн хуулийн цэцэд хандаад байгаа. Үүнтэй зэрэгцэн АН-аас сэтгүүлчтэй уулздаг 4-11 уулзалтаараа Увс аймагт МАН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын туслах, сонгуулийн сурталчилгааны үеэр сонгогчдод мөнгө тараасан болохыг шүүхээр нотолсон хэмээн тайлбарлав. Тодруулбал, Увс аймгийн Өмнөговь суманд оюутнуудад мөнгө тараасан, Улаангом суманд айлд орж мөнгө тараасан, Тариалан суманд мөнгө тараасан гэнэ. Энэ хэрэгтэй холбоотойгоор шүүхээс долоон хүн ял авсан. Тиймээс одоо СЕХ-ны шийдвэрийг харан маргааныг эцэслэх үлдсэн гэлээ. АН-аас нэр дэвшигчдийн хэлснээр СЕХ-нд есдүгээр сарын 13-нд гомдол гаргасан бөгөөд СЕХ нэг сарын хугацаанд буюу аравдугаар сарын 13-ны дотор дээрх асуудлыг шийдвэрлэх хуулийн заалттай. Тиймээс энэ хугацаанд СЕХ-ноос Тойргийн хорооны холбогдох тогтоолыг хүчингүй болгох, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35.34-т заасны дагуу УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг хүчингүй болгох, санал хураалтын дүнг дахин гаргаж, УИХ-ын гишүүнээр сонгогчдын нэрийг шинээр өргөн барих боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл өмнө нь хэлэлцэж байсан тохиролцоогоо умартан энэ удаад АН, МАН түнжин хагарсны улмаас эвдэж байгаа бололтой юм. Өөрөөр хэлбэл Загсийн газрыг огцоруулна, энэ оны төсвийн тодотгол хийх замаар хямраад байгаа эдийн засгаа “дээрдүүлэх”, байнгын хороон дахь МАН-ын гишүүдийн тоог нэмэх зэрэгт МАН сүүлийн үед ихээхэн анхаарал хандуулж байгаа. Тэгэхээр энэ удаагийн АН, МАн-ын түнжин хагарал дээрх асуудлуудаас үүсэлтэй болж таарч байгаа юм. Улс төрчид бол яахав талцаад, тохиролцоод сурчихсан улс. Харин цаана нь Өвөрхангай, Увс аймгийн сонгогчид л хохирчих гээд байгаа юм. Сонголт нь баталгаажаад ч байгаа юм шиг үгүй ч юм шиг энхүү ойлгомжгүй байдалд сонгогчид лав таатай хандахгүй байга нь тодорхой.

Харин УИХ-ын гишүүн болохыг дөрвөн нөхөр мөрөөдөж байгаа бол өөр дөрвөн нөхөр суудалдаа үлдэхийн өөрийгөө болон өрөөл бусдыг шаналган толгойгоо өвтгөн яваа. Бөхөөр харьцуулах юм бол уначихаад тахимаа өгдөггүй, сэргээш хэрэглэсэн нь тогтоогдчихоод байхад үгүй гэж гүрийж байгаагаас ялгаагүй юм уу даа. Улстөрч бай, бөх ч бай уг нь Монгол эрх хүний жудаг заагаад ялсан бол ялсан шиг байж, ялагдсан бол хоншоор заачих хэрэгтэй юм байгаа юм. АН, МАН хурдан тохиролцоогоо хурдан хийж, сонгогч түмнийнхээ итгэлийг эртхэн олсон нь дээр дээ. Сонгогчид энэ будлианаас чинь залхаж гүйцээд дараа дахин сонгох эсэхдээ эргэлзэж эхлээд байна. Тиймээс сонгогч түмний эрх ашгийг бодсон нь дээр дээ.

А.Баярмаа