Манай улсын дунд сургуулийн сургалтын хөтөлбөр 2014 онд шинэчлэгдсэн. Шинэчлэл хийхдээ зарим өгөөжтэй зүйлсээ гээжээ.

Тухайлбал, Бага ангид унших бичгийн хичээл орохоо больсон юм. Уг нь дөнгөж уншиж бичиж сурч буй хүүхдүүдэд хамгийн хэрэгтэй хичээл. Гэтэл өдгөө сургалтад хэрэглэгдэж байгаа "Монгол хэл"-ний сурах бичиг энэ үүргээ төдийлөн сайн биелүүлж чадахгүй байгаа юм.

Тодруулбал, 2005 оноос унших бичиг, монгол хэлний сурах бичгүүдийг нэгтгэсэн байдлаар хэвлэж сургалтад ашигласаар иржээ. Өөрөөp хэлбэл, монгол хэлний сурах бичигт, унших бичгийн хичээлийн сэдвүүд багтсан байсан гэсэн үг. Үүнээс өмнө "Цагаан толгой" номоор нэгдүгээр ангийнхан үсгээ үзэж, нүдэлж, үеэр уншиж ирсэн. Мөн монгол хэлнийхээ яруу сайхныг хүүхдүүдэд таниулан мэдүүлэх "эх"-үүдийг номонд багтаадаг байв.

 

 

 

Харин 12 жилийн сургалттай болсон цагаас эхлэн уншиж ярилцах сэдэвгүй сурах бичгээр хичээл зааж байгааг анхаарах сэхээтэн тун ховор болж. Зургаан настай багачуудад зориулсан болохоор нэгдүгээр ангийн "Монгол хэл"-ний ном зөвхөн үсгээ сурахад зориулагдсан гэж бодъё. Гэтэл "Унших бичгийн хичээл" огт ордоггүй бөгөөд түүнийг "Иргэний боловсрол" гэх хичээлээр сольжээ. Энэхүү айхтар нэртэй хичээлээр өнгөрсөн жил нэгдүгээр ангийн хүүхэд маань ямар ч мэдлэг олж авсангүй.

Хичээлийн агуулга хязгаарлагдмал багш нь сурагчдадаа юу заах уу гэдэг нь тун эргэлзээтэй, алдаа мадаг ихтэй "Иргэний боловсрол" г хасаж "Унших бичгийн хичээлээ оруулмаар байна Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Ж.Батсуурь сайд аа.

"Өнгөрсөн жилээс эхлээд Иргэний боловсрол /унших бичгийн хичээл/ гэдэг хичээл нэгдүгээр ангиас тавдугаар анги хүртэл ордог болсон. Иргэний боловсрол гэдэг хичээл нь хүүхдэд ёс суртахууны хүмүүжил олгох үүрэгтэй хичээл л дээ. Хаалтан дотор “УНШИХ БИЧИГ” гэж оруулж ирсэн. Гэтэл энэ хичээлээр Монголын гэх тодотголтой хүүхдийн хүмүүжил, соёлтой холбоотой "Оюун түлхүүр" сургуулиас эхлүүлээд монгол гэсэн зүйлүүдийг уншихаасаа илүүтэй Солонгос, Японы зохиолыг маш муу монгол орчуулгатай зөвхөн асуулт, даалгавар боловсруулсан сурах бичиг гэж хэлэхэд тун хэцүү ном гарсан. Сонгож авсан сэдэв нь явцуу. Хүний ёс суртахууны төлөвшилтэй холбон зөв хүн байх, буруугийн тухай шүүмжлэх хүрээнд л эргэлдсэн зүйлийг уншуулахаар орсон нь хүүхдийн сонирхолд нийцэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ дотор уран сайхны сэтгэлгээд нь нэмэр болох үлгэр, домог, уул усны магтаал, шүлэг, туулиас гадна төрөл бүрийн сэдэвтэй шинжлэх ухаан, танин мэдүүлэх, монголын амьдрал, мал аж ахуйтай холбоотой сэдэв сонгож оруулсан зүйл байхгүй.

Агуулгын хувьд тун хязгаарлагдмал хичээл. Иргэний боловсрол гэдэг хичээлийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод цахим ертөнцөөр их шуугиж байгаа. Агуулга, алдаа ихтэй гээд байгаа нь үнэн. Миний санаж буйгаар хуудас болгонд Монгол агуулгатай зүйр цэцэн үгийг оруулсан нь алдаа ихтэй. Тухайлбал, Хүмүүн гэдэг үгийг буруу бичсэн байна лээ. Би засаж өгсөн. Дахин засвар оруулж хэвлэнэ гэж байсан. Энэ хичээл нэгэнт сургалтын төлөвлөгөөнд оруулсан юм чинь агуулгыг өргөжүүлээд өмнө нь үзэж байсан унших бичгийн хичээл болгомоор байна. Тэгвэл хүүхэд уншихын зэрэгцээ төрөл бүрийн сэдэвтэй эхийг уншиж танин мэдэх, хүмүүжил, төлөвшилд нь ихээхэн дэмтэй. Жишээлбэл, Бусад хичээлтэй холбогдох байгалийн шинжлэлийн сэдэв, газар зүй, гадаад ертөнц, хүний амьдралын тухай гээд цаашид нь сурахад нэмэр нөөлөг болох өргөн агуулгатай унших бичиг гэдэг хичээлийг сэргээгээсэй гэсэн бодолтой явна" хэмээн Ерөнхий боловсролын Монгол хэл, Уран зохиолын сургалтын хөтөлбөрийн агуулга арга зүйн багийн гишүүн, судлаач эрдэмтэн багш ярилцлагадаа дурдаж байсан юм.

 

Унших зүйлгүй сурах бичгээс улбаалан хүүхдүүдэ эх хэлээрээ зөв бичиж, ярьж чадахгүй болсон. Нөгөөтэйгүүр хоёрдугаар ангид ч мөн "Унших бичиг"-ийн хичээл ордоггүй. Үүнээс үүдэн багш нар хүүхдүүдийнхээ зуны амралтаар үлгэрийн ном уншиж ир хэмээдэг. Гэтэл болсон болоогүй зохиогчидтой ном уншдаг.

 

 

Хичээлээс гадуур унших зохиол гэж "Уран зохиолын ном"-ыг хэвлэн нийтэлдэг байж. Өдгөө хичээлээс гадуур битгий хэл хичээлийн цагаар ч унших номгүй. Дээр үед найман настай сургуульд суудаг байсан. Одооны багачууд зургаан настай "Унших бичиг"-ийн хичээл ороход балчирдана гэж үзэж байгаа бол эндүүрэл. Тэдний насанд тохирсон зохиол, шүлэг, тууж Монголын уран зохиолд олон бий гэдгийг эрдэмтэн, багш нар минь умартаагүй биз ээ.

 

 

 

 

 

 

 

 

 

Уг нь "Унших бичиг"-ийн хичээлээр хүүхэд эх зохиол уншиж, ярих чадвараа дээшлүүлдэг. Мөн эх хэлний яруу сайхныг мэдэж, үгийн баялаг нь нэмэгддэг. Гэтэл одоо үгийн баялаг хомсдож, хэдхэн үгээр ярилцдаг болсонг хэн хүнгүй анзаарч буй биз ээ. Өмнө нь хоёрдугаар ангид ч сурах бичгийн хичээл орж түүгээр бид олон зүйлийг таньж, мэдэж авдаг байсан сан.

 

 

 

 

 

Хүүхдүүд ном уншихаа больсон юм биш тэднийг номонд дурлуулах "цаг"гүй болсон. Боловсролын тогтолцоондоо бага ангиас нь номонд шимтүүлэх хичээлийг нь прагроммаас хассан болохоор яаж хүүхдүүд номтой нөхөрлөх вэ?.

 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ:

Бага ангийн боловсрол /цуврал-1/ - Иргэний боловсрол хичээл Уран зохиолын хичээлийг орлож чадах уу

Бага ангийн боловсрол /цуврал-2/: Зөв бичих дүрмийн аль нь зөв бэ? буюу Цээж үү, Чээж үү

Хүүхдэд зориулсан бүх ном, зохиолд цензур тавья Л.Гантөмөр сайд аа!!!

Сурагчдын болон эцэг, эхчүүдийн толгойг эргүүлсэн "монгол хэл"-ний хичээлийг яах вэ!