Танилц: Засгийн газрын ээлжит томилгоо
2016/08/18
Өчигдөр Засгийн газрын хуралдаан болж зарим газрын дарга нарыг томилсон байна. Тухайлбал Г.Ганболдыг өөрийнх нь хүсэлтээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаас чөлөөлж, тус газрын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр У.Бямбасүрэнг томилсон байна. У.Бямбасүрэн нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт мэндэлсэн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Улаанбаатар хотын 33 дугаар сургуулийг 1990 онд, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг 1994, Итали Улсын Бокконийн их сургуулийг 1998 онд төгссөн. БНСУ, Их Британид менежментийн чиглэлээр, Малайз Улсад даатгал, Тайванд хөгжлийн бодлогын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Багш мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. 1994-1997 онд “Монгол даатгал” ТӨУҮГ мэргэжилтэн, менежер, 1999-2004 онд “Монгол даатгал” ХХК-д ерөнхий менежер, 2004-2007 онд Хүнс, хөдөө аж ахуйн яаманд сайдын зөвлөх, 2007-2010 онд Монголын ардчилсан социалист Залуучуудын холбоонд ерөнхий нарийн бичгийн дарга, 2010-2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2012-2015 онд “Миг даатгал” компанид зөвлөх, ТУЗ-ын даргаар ажиллаж байсан. 2015 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж байсан. Төрийн албанд 12 жил ажилласан.
Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн асан, ЦЕГ-ын дарга асан Д.Мөрөнг томилжээ. Д.Мөрөн Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. 1977 онд нийслэлийн арван жилийн гуравдугаар сургууль, 1980 онд Нийгмийн аюулаас хамгаалах яамны Цэргийн тусгай сургууль, 1988 онд ЗХУ-ын Дотоод явдлын яамны академийг төгссөн. Хуульч мэргэжилтэй. 1980-1983 онд Төв аймгийн Цагдан сэргийлэх ангид хэсгийн төлөөлөгч, 1988-1990 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Эрүүгийн хэргийн эрэн сурвалжлах хэлтэст төлөөлөгч, ахлах төлөөлөгч, 1990-1994 онд Цагдаагийн ерөнхий газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах төлөөлөгч, чиглэлийн ахлах ажилтан, 1994-1997 онд Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, 1997-1998 онд Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, 1998-1999 онд Цагдаагийн ерөнхий газрын дарга, 2000-2004 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанд ахлах референт, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2006-2007 онд Монгол Улсын сайдын зөвлөх, 2007-2012 онд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн газрын даргаар ажиллаж байсан.2015 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн Хууль, эрхзүйн бодлогын газрын даргаар ажиллаж байна. Төрийн албанд 25 жил ажиллаж байна.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Алтансүхийг томилсон. Хүүхдийн төлөө үндэсний газрыг Ж.Эрдэнбатын Засгийн газар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон өөрчилсөн бөгөөд ийнхүү даргыг нь томилов. О.Алтансүх нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Увс аймгийн ерөнхий боловсролын сургуулийг 1996 онд, МУИС-ийн Нийгмийн ухааны факультет 2000 онд, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг 2009 онд төгссөн. Улс төр судлаач, нийгэм судлалын багш мэргэжилтэй. 2000 онд “Зууны мэдээ” сонинд сэтгүүлч, 2003-2004 онд Ховд аймгийн МАХН-ын хороонд улс төрийн ажилтан, 2004-2005 онд Нийслэлийн хүүхэд залуучуудын ерөнхий газарт менежер, 2005-2008 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын холбоонд нарийн бичгийн дарга, 2008 онд УИХ-ын Тамгын газрын Бодлогын шинжилгээний хүрээлэнд референт, 2008-2009 онд УИХ-ын гишүүний шадар туслах, 2009-2012 онд НАМЗХ-нд ерөнхий нарийн бичгийн дарга, 2012 онд МАН Хэрэг эрхлэх газар Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2015 онд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын Ачаа, шуудан терминалын газрын дарга, Монголын залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Төрийн албанд найман жил ажиллаж байна.
Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Чинбатыг томилсон. Б.Чинбат нь ШУТИС-ийн Холбоо, мэдээлэл технологийн сургуулийг мэдээллийн технологийн инженер мэргэжлээр төгссөн. 2002-2004 онд Япон улсад AOTS /Association for Overseas Technical Schorlarship/-д мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж, Японы Yamamoto Mfg компанид ажиллаж байжээ. Франц, ХБНГУ, Эстони, БНСУ, Финлянд зэрэг улсуудад мэдээллийн технологи, цахим үнэмлэхийн үйлдвэрлэл, хэрэглээ, цахим засаглал, цахим сонгууль зэрэг чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн.Гаалийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг байгууллагуудад програмист, хэлтэс, газрын даргаар ажиллаж байсан туршлагатай, мэргэжлийн хүн юм. Б.Чинбат “Иргэний бүртгэлийн улсын нэгдсэн сүлжээ байгуулах төсөл”, “Сонгогчдын бүртгэлийн системийг автоматжуулах төсөл”, “Иргэний цахим үнэмлэх төсөл”, “Иргэний бүртгэлийн цахим архив төсөл” зэрэг томоохон төслүүдийн удирдагчаар ажиллаж, амжилттай нэвтрүүлсэн. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарын болон Улсын бүртгэлийн тэргүүний ажилтан цол, тэмдэгтэй. 2011 онд төр, засгийн дээд шагнал Алтан гадас одон хүртсэн юм байна.
Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр С.Энхтүвшинг томиллоо. Тэрээр өмнө нь тус газрын даргаар ажиллаж байсан. Засаг төр солигдоход ажлаа Д.Цогт-Очирт хүлээлгэн өгч байсан ч "суудалдаа" эргэн ирлээ.
Зочин · 2016/08/19
Энхтүвшин бол цаг уурч мэргэжлийн хүн зөв томилгоо болжээ. Цогт очир шоучин зайлсанд баярлалаа
Зочин · 2016/08/18
nice
cudabo · 2016/08/18
Чинбат гэдэг хүнийг л ганц мэргэжлийн нүдээ олсон томилгоо гэж үзэхээр бна.Аль ч нам засаг барисан яг үүн шиг томилгоо хийхэд бол ч.Даанч өмнө ч тэр,одоо ч тэр ингэж томилох алсын хараа,ухаан энэ улс төрийн намуудын толгойд суугчид ч,даган баясагч далдагануур нарт ч алинд ч алга болохоор монгол улсын хөгжил яст мэлхийн алхаагаар урагшилж бна даа.