Үнэ цэнэгүй хүмүүс


Социализмын үед "мал бол Монгол орны үнэт баялаг" гэж тунхагласны уршгаар малынхаа төлөө хүмүүс амиа алдах тохиолдол багагүй гарч байв. Аймшигт хар шуурганд уруудсан мал сүргийг аварч өөрөө амиа алдсан малчныг "баатар" хэмээн нэрийдэж алдаршуулан магтаж байхдаа, хүнд хэцүү нөхцөлд хүний амь аварсан эмч нараа тэгтлээ тэгтэл тоож урамшуулдаггүй л байсан юм даа. Учир нь мал бол нийгмийн баялаг, харин хүн бол...


Их л олон жил тасралтгүй байгуулж байсан "социализмын материал техникийн бааз" бол улсын баялаг байв. Тэр үед одоогийн 1-р хорооллын урд талаас Толгойт хүртэл үргэлжилсэн "материал техникийн бааз" нэртэй том агуулахыг хүмүүс тэгж ойлгодог байсан юм. Улс олон нийтийн өмчийг идэж завшсан, эсвэл үрэгдүүлсэн бол тэгээд л дуусаа. Толгойгоо авахуулдаггүй юм аа гэхэд олон жил шоронд сууна, бас ард нь үлдсэн гэр бүл , үр хүүхдийг нь цаг ямагт "хялайж харан", жигшүүлж "нүд үзүүрлэнэ".  Учир нь материал техник бол улсын өмч төдийгүй нийгмийн үнэт баялаг, харин хүн бол...

 


Ардчиллын шуурган жилүүдэд бүгд л мөнгөний эрэлд гарцгаав. 8 настай балчраас 80 настай хөгшид хүртэл "гахай үүрч" наймаа хийж, мөнгө олохын төлөө өрөөл бусадтай ч өөр хоорондоо ч "алалцав". Тэр дотор чинь одоогийн УИХ-ын олон гишүүд явж байсан юм шүү дээ. Бүгдээрээ л мөнгө бол "баялаг" гээд бодчихсон учраас Замын -Үүдийн вокзал дээр хөлөө даавуугаар ороочихсон балчир хүүхдүүдийг ч, вагон дамжин өлсөж үхэхгүйн тулд хулгай хийх балчир хүүхдүүдийг ч "өрөвдөх" сэтгэл байгаагүй. Учир нь мөнгө бол баялаг, харин хүн бол...


"Хүнлэг энэрэнгүй нийгэм" байгуулахаар тунхаглаж байхдаа хэзээ ч билээ дээ, бараг мартаж орхиж хүмүүс эрх мэдлийн төлөө уралдаж эхлэв. Анхны Ерөнхийлэгч Очирбат гуай улс орноо "Азийн бар" болгохоор амалж, Ерөнхий сайд асан Жасрай гуай "Хонгилын үзүүрт сүүмэлзэх" гэрлийг харж, хожим нь олон намууд улс орноо "дэлхийн хөгжилд хүргэнэ" хэмээн амалж байхдаа, хөгжилд чадах хүмүүсийнхээ тухай бодолгүй, өөрийнхөө эрх мэдэл албан тушаалд л "согтож" байлаа. Тэд албан тушаалын амтанд "мансуурч" байв. Учир нь эрх мэдэл бол баялаг, харин хүн бол...


Монгол оронд уул уурхайн асар их баялаг нээгдэж дэлхий нийтийн анхаарлыг татаж эхлэх дор улс орон даяар түүнийгээ зарж завших их өрсөлдөөн эхлэв. Гадаадын хөрөнгө оруулагчидтай уулзаж тохиролцох боломж нь эрх мэдэл, олдох ашиг нь тэднээс авах "авилгалын" их мөнгө."Ялаа яаж заан болсны үлгэр"лугаа, өчүүхэн баянаас дэлхийн хэмжээний тэрбумтан болох аугаа их шуналын шуурган дор тэд улс орны тусгаар тогтнол, бусдын эрх ашиг,өөрийн хүн чанараа огтод огоорно. Тэд өөрсдөө хүн чанар, ухамсраа алдах дор өөрсдөө хүн төрхөө алдаж байна. Юуг ч хайрлахгүй, юуг ч ухаарахгүй, яг л адгуус шиг. Учир нь эрх мэдэл бол баяжих боломж, харин хүн бол...


...Саяхан 3 настай охин эмчийн хариуцлагагүй үйлдлээс болж харамсалтайгаар амиа алдав. Хариуцлага алдсан эмчийг ажлаас халж, уучлал гуйгаад л өнгөрөв. Бидний хүндээ хандаж байгаа хандлага ийм л өчүүхэн, бас хямдхан. Хүмүүс өрөвдөн халаглаж, зэвүүцэн уурсав. Гэвч төд удалгүй мартаж орхих. "Үхсэний нь хохь, амьдын зол". Ийм байдалд хүргээд байгаа нийгмийн тогтолцооны тухай бид огт ярихгүй байнаа. Салбраа ийм хариуцлагагүй, замбараагүй, арчаагүй байлгаж байгаагийн төлөө сайд нь огцрохгүй байна, Засгийн Газар нь ичихгүй байна. Хэзээ бид хүний төлөө дуугарах юм бэ? Хэзээ?


                                                           Баялаг нь тэгээд юу юм бэ?


МОНГОЛ ОРНЫ БАЯЛАГ нь мал сүрэг биш, газар тариалан биш, уул уурхай биш, мөнгө биш, эрх мэдэл биш ердөө л МОНГОЛ ХҮН өөрөө юм шүү дээ. Малаа хүн хариулж өсгөж, бид махыг нь идэж байна, газар тариалангаа хүн эрхэлж ашиг шимийг нь хүртээж байна, уул уурхайд хүн ажиллаж гадаадынханд зарж арилжиж байна, мөнгө олохын тулд хүн хөдөлмөрлөж байна, эрх мэдэлд хүргэх боломжийг хүн олгож байна. Гэхдээ:


 "Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй"


Сүүлийн үед "эх оронч" хүмүүс олширчээ. Гар нь огт хөдлөхгүй хэрнээ, ам нь ямагт хөдөлж "эх орон минь сүйрэн мөхөж байгаа тухай", "эх орноо аврах тухай", "эх орондоо ямар их хайртай" тухай байнга ярина. Гэсэн атлаа өөрөө юу ч хийхгүй, юу ч хийхийг хүсэхгүй. Тэдний сэтгэлд ингэж байгаад эрх мэдэлд хүрэх, эс чадвал хэн нэгнийг дарамталж байгаад ч болов хэд гурван төгрөг олж авах хүсэл бий. Харин тэгтлээ орилохгүй хэрнээ сэтгэлдээ эх орноо бахдаж, чадал боломжоороо хөдөлмөрлөж, өөрийн чадлаараа өөрийгөө хөгжүүлж яваа олон хүмүүс бий.


 "Буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс ч хатуу"


Сүүлийн үед "зөрүүд" хүмүүс олширчээ. Хогийн сав байсаар атал хогоо гудамжинд хаядаг, ууж согтохоороо гудамжинд "морь харж" орхидог, урдуур нь зөрж өнгөрсөн нэгнийг заамдаж аваад балбадаг, уур нь хүрэхээрээ хэнийг ч хамаагүй "дүрж" орхидог, учирч тааралдсан бүсгүй хүнийг айлгаж ичээдэг хүмүүс цөөнгүй. Багад нь эцэг эх нь зандарч зэмлэж, зааж сургаагүйгээс "буруу өссөн" тэд, хууль нь хэрэгждэггүй алагчилалтай энэ нийгэмд "бухын хүзүүнээс ч хатуу"-гаар авирлаж байна.


 "Шунал ихэдвэл шулам болно"


Сүүлийн үед "шуналтай" хүмүүс олширчээ. Мөнгө л олж байвал өөрийн бие, үнэт зүйл, тэр ч бүү хэл хүн чанар, эх орноо ч худалдахад бэлэн хүмүүс олширчээ. Удам залгасан "хөрөнгөтөн" байгаагүй монгол оронд, газар эзэмших эрхийг авилгалаар олж авч, гадныханд "дамлан" худалддаг бүлэг хүмүүс, газрын баялгаа харийнханд хямд үнээр арилжихдаа дундаас нь "авилгал" авч баяждаг эрх мэдэлтнүүдийн олигархи бүлэглэлүүд бий болжээ.  Хязгааргүй шунал нь тэднийг "шулам" болгон хувиргаж буй.

 


 "Эрдмийг хичээлээр, эрлийг сургаар олдог"


Сүүлийн үед эрдэм мэдлэгтэй хүмүүс олширчээ. Монголдоо төдийгүй гадаадын өндөр хөгжилтэй орнуудад эрдэм мэдлэг эзэмшиж, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сургууль, компани, бизнесийн байгууллагуудад суралцаж, ажиллаж байгаа олон монгол залуус бий. Тэд өөрсдийн зардлаар, өөрсдийн боломжоор өөрийгөө хөгжүүлж байна. Тэдний сэтгэлийн угт Монгол эх орон нь бий. "Биеэ засаад гэрээ засч, гэрээ засаад төрөө засах" алсын зорилго тэдэнд бий. Эрдэм мэдлэгээс гадна хуулийн хүрээнд ажиллаж амьдрах ухаан, багаар ажиллах чадвар, сүүлийн үеийн технологи, мэдээллээр өөрсдийгөө "цэнэглэж" байна.
"Хөгжсөн хүн л Монголын баялаг"


Эх орны хөгжилд "чанга орилсон" нь биш, эрх мэдэл, мөнгөөр бусдад гайхуулан тэнэглэгсэд биш, өөрийн боломжоороо өөрийгөө хөгжүүлж чадаж байгаа хүмүүс л хэрэгтэй юм гэдгийг олон монголчууд ухаарч ойлгож байна. Эх орны хөгжил гэдэг хогийн саванд хогоо хийхээс л эхэлдэг, хуулиа дагаж мөрдөхөөс л эхэлдэг, өмнөх ажлаа чин сэтгэлээсээ хийж чадахаас л эхэлдэг, бие биедээ "уучлаарай", "баярлалаа" гэж хэлэхээс л эхэлдэг. Заавал мөнгөтэй болж, эсвэл эрх мэдэлтэй болж байж эх орноо хөгжүүлдэг юм биш, "эзэн нь хичээж" байж хөгжил нь ирдэг гэдгийг өнөөгийн залуус ойлгож, өөрсдөө хичээх болжээ. Энэ бол сайн эхлэл.


                                                      Ийм нэртэй ТВ нэвтрүүлэг


"Монголчууд Америкт" нэртэй номоо бүтээсний дараа надад цөөнгүй хүмүүс хандсан. Харин өнгөрсөн хавар, Монголдоо уран бүтээлээ хийдэг "I sity media"  групп надад хандаж "Монгол хүн-Монголын баялаг" нэртэй ТВ нэвтрүүлэг хамтран хийхээр санал тавьсан л даа. Бид багагүй хугацаанд  ярилцсаны эцэст 9 сард АНУ-д эхний нэвтрүүлгүүдийнхээ зураг авалтыг хийлээ. Энэ нэвтрүүлгээр бид:


1. Монголын өсч өндийж байгаа залуу үеийнхэнд хандаж "Чи энэ залуу насан дээрээ өмнөө зорилго тавьж уйгагүй, шантралгүй, хичээн зүтгээрэй. Дэлхийн даяаршиж байгаа өнөө цагт чиний өмнө асар их боломж оршиж байна. Хэрэв чи ингэж зүтгэж чадах аваас сурч мэдсэн болгон тань чиний баялаг болон хувирч,  хожмын үед өөрийн дуртай ажлаа хийж, сэтгэл хангалуун амьдарч чадах болно" гэж хэлэхийг хүсч байгаа юм. Тэдэнд жишээ болгон АНУ-д төдийгүй, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад амжилттай суралцаж, ажиллаж байгаа монгол залуусын амьдралын замнал, хүсэл мөрөөдөл, хичээл зүтгэлийн талаар үзүүлэх болно.


2.Монголын Төрийн эрх мэдлийг барьж байгаа эрхмүүдэд хандаж "Өнөөгийн монгол залуус өөрсдийн эрдэм мэдлэг, авьяас чадвар, хичээл зүтгэлээрээ дэлхийн хэмжээнд үнэлэгдэж эхэлжээ. Тэд өмнөө зорилго тавин, өөрсдийгөө хөгжүүлж чадсан залуус. Тэдний эрдэм мэдлэг, авьяас чадвар, хичээл зүтгэлийг Монгол орны хөгжилд ашиглах цаг нь нэгэнт иржээ. Тэдэнд боломж бологон ашиглах аваас Монгол орны хөгжил өнөөгийн бидний төсөөлж байгаагаас хэд дахин хурдацтай байж чадах болно" гэж ойлгуулахыг хүсч байгаа юм. Тэдэнд жишээ болгон эдгээр залуусын мэргэжлийн чадвар,  хийж бүтээж байгаа бүхнийх нь үнэлгээг бодитоор харуулах болно.


3.Монголдоо төдийгүй дэлхийгээр тархан суугаа монголчууддаа хандаж "Монголчууд бид үнэхээр мундаг хүмүүс шүү дээ. 20 гаруйхан жилийн дотор бид дэлхийн хэмжээнд үнэлэгдэн сайшаагдаж, монгол хүний нэр төр, үнэ цэнийг нотолж чадаж байна. Хүсвэл бид бүгдээрээ л ийм мундаг байж чадна. Харин үүний тулд бид дор бүрнээ хичээж өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй байна. Ингэж чадвал бид өөрсдөө "баялаг" болон хувирч, Монгол орныхоо хөгжилд бодит нэмэр болж чадах болно" гэж ухааруулахыг хүсч байгаа юм. Тэдэнд жишээ болгож, тэдгээр залуусын шантралгүйгээр зүтгэсэн он жилүүдийн тухай, дотоод сэтгэлийн тэвчээрийн тухай өгүүлэх болно.
Энэ нэвтрүүлгийг хийх гэж надтай нэгэн баг болж АНУ-ын Вашингтон ДС, Чикаго, Сиэтл, Лос-Анжелос, Лас-Вегас, Сан-Франциско хотуудаар сар шахам хугацаанд хамтдаа аялж, хичээж ажилласан найруулагч Ч.Хоролдорж, зураглаач Түвшинтөгс, дизайнер зураач Н.Отгонбат, эвлүүлэгч Г. Мөнхтулга нартаа их баярлалаа. Бас энэ зураг авалтад оролцож, дэмжиж тусалж ажилласан олон хүмүүстээ ч талархаж байна. Энэ нэвтрүүлэг маань олон хүмүүст "Монгол хүн Монголын баялаг" гэдгийг, хүн болгон хичээж өөрсдийгөө хөгжүүлэх аваас заавал амжилтад хүрдэг гэдгийг, бидний эв нэгдэл хамтын ажиллагаа олон зүйлийг өөрчилж чадна гэдгийг бага ч болов ойлгуулах байхаа.


                                                                           Төгсгөл

 


Өвөг дээдсийн үеэс өдийг болтол, түүхийн их нугачаанд тусгаар үлдсэн "МОНГОЛ" хэмээх аугаа нутагт төрж өссөн монголчууд бид ав адилхан хувь заяатай. Эхийн хэвлийгээс энэ ертөнцөд ирснээ уйлж чарлан зарлахдаа энэ л хөрс шороон дээр унасан бид. Бид энэ хөрс шороон дээр хөл нүцгэн гүйж, энэ л урсгал усан дунд шумбан тоглож, энэ л байгаль дунд "айл гэр" болон тоглож байв. Ээж аавдаа үглүүлэн зэмлүүлэхдээ болох болохгүйн хязгаарыг ойлгож, идэр насандаа хэн нэгэнд сэтгэл алдран дурлаж байхдаа ичингүйрэн догдолж, энэ л амьдралын жаргал зовлонгийн дэнсийг ухаарахдаа монголчууд бид хамтдаа л байдаг. Бид бүгдээрээ л энэ нутгийн эзэд.


Тэгээд бид юугаа булаацалдаж, юугаа бие биенээсээ харамлаж муудалцана вэ? Юуны төлөө ингэж тэрсэлдэнэ вэ? Юуны учир бие биенээ үзэн ядаж харааж зүхнэ вэ? Бидэнд нэгэн том эрх ашиг бий. Энэ бол бидэнд өвлөж ирсэн Монголын газар нутаг, тусгаар тогтнол. Бид өөрсдийн хойч үедээ өвлүүлж үлдээх үүрэгтэй. Бид энэ газар шороон дээр ирээд буцахдаа энэ л газар шороондоо шингэж үлдэнэ. Биднээс хойш тасралтгүй үргэлжлэх үр хүүхдүүд минь бидний л хувь заяаг давтана. Өөр хаачих гэж?


Хатуу ширүүн амьсгалтай энэ нутагт хүн болж төрсөн нь бидний л тавилан. Хүн байх гэдэг аугаа хувь заяа. Үүрээд буцахгүйгээс хойш тэр их хөрөнгөөр яана, үлдээгээд жаргахгүйгээс хойш тэр их шуналаар яана, үйлээ даахгүйгүйгээс хойш тэр их алдраар яана. Хувь тавилангийн эрхэм нь "ХҮН" байхад л оршдог гэнэ. Сайн байхын тулд өөрөө л хичээх болдог. Хичээл зүтгэл болгон амжилт заавал авч ирдэг. Тэр болгон нь нэгдэж нийлсээр энэ ч булааж боломгүй эрхэм чанар болно. Хичээгээд л байх юм бол тийм ч хэцүү зүйл биш л дээ. Та чаднаа.


"ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ" гэдэг сайхан үг бий.  "ХҮН байхаас эрхэм сайхан нь юу билээ"
 
                                        Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах