Xүүхэдтэй боллоо гээд хамт амьдрах албагүй биз дээ Л.Баяржаргал Зөвлөгөө, Захидал 2013/10/04 2013-10-04 19:08:15 2024-11-23 08:45:53 Сайн байцгаана уу? Бүгдэд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Би одоо их сургуулийн оюутан. Уул нь бол 2 жилийн дараа төгсөөд нутаг буцах байлаа. Харин саяхан эмнэлэгт үзүүлээд жирэмсэн болсноо мэдсэн. Төгсөх хугацаа маань жилээр уртсаж байх шиг байна даа. Одоохондоо манай найз залуу бид 2 л мэдэж байгаа. Бид үерхээд тийм ч удаагүй. Тийм удаагүй мөртлөө хүүхэдтэй болчдог хариуцлагагүй энэ тэр гэх байх. Гэхдээ би бол баяртай байгаа. Харин найз залуудаа би эргэлзээд байна. Цаашид насан тушдаа хамт байх хүн маань мөн үү гээл. Хамгийн гол нь тэр надад сайн байдгаас илүүтэйгээр би тэрэнд сайн юм шиг үргэлж санагддаг. Тэрний үйлдэл бүр нь сэтгэл гаргахгүй дандаа урам хугалж байдаг. Тэр муу залуу биш болохоороо хамт амьдрая гэрлэе л гэх байх, (ойрд тиймэрхүү юм цухуйлгах болсон). Харин би хүүхдээрээ түрий бариад суулаа гэхэд аз жаргалгүй гэр бүлийн тоог нэгээр нэмчих вий гэж айж байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хүүхэдтэй боллоо гээд заавал хамт амьдарч гэрлэх албагүй биз дээ? Гэр бүлийн хоёр хайраараа нийлсэн бол хамгийн жаргалтай байх тийм үү? Би эсвэл мелодрама хэтэрхий их үзчихээд ингэж бодоод байна уу. Мэдээж амиа бодоод нялх амьтныг өнчрүүлэх гэж байж магадгүй. Гэхдээ намайг гэсэн хүүхдээ гэсэн чин сэтгэл байхгүй бол би заавал хамт байх гэж зүтгэхгүй гэж бодож байна. Ганц бие чадалтай эхчүүд зөндөө байдаг ш дээ. Миний зөв үү? Би өөрөө яахаа мэдэхгүй эргэлзээд байгаа болохоор та бүхний санал, зөвлөгөөг уншиж ухаарлыг олох гэсэндээ энэ захидлаа бичлээ. Уншиж чин сэтгэлээсээ хариу бичвэл их баярлах болно.