STAND BY-тай ирэх өдрүүд...
2016/08/23
ОУВС-гаас ядуу, буурай орнуудад зориулан гаргадаг зээлийн нэг төрөл бол STAND BY буюу заавал мөрдөх санхүүгийн нөхцөлтэй хөтөлбөр юм.
Монгол Улс өмнө нь таван ч удаа энэ хөтөлбөрт хамрагдаж байв. Тиймээс өнөөгийн эрх баригчид энэ хөтөлбөрт нэн тааламжтай “нэгдэн орохоор” шийдэж буй ажээ. Гэвч энэ удаа эдийн засгийн нөхцөл байдал өмнөх буюу хамгийн сүүлд тусламж хүртсэн 2009 оны үеийнхээс хамаагүй хүнд байгаа юм. Тухайн үед хөтөлбөр хэрэгжсэний дараа олон улсын зах дээр ашигт малтмалын үнэ нэмэгдэж, таатай нөхцөл байдал бий болсон нь үр дүнгээ хурдан хугацаанд өгөхөд нөлөөлсөн байдаг.
Харин өнөөдөр байдал өөр. Дээрх шиг таатай нөхцөл огт харагдахгүй байгаа. Дээрээс нь бондуудыг төлж эхэлнэ.
Уг нь STAND BY-д хамрагдах урьдач нөхцөл аль 2013 оны сүүлчээс бий болж, 2015 оны эхэн гэхэд бүх “шаардлага”-ыг хангасан байдаг. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн Ерөнхий сайдыг ганцхан жилийн өмнө Сангийн сайдаар ажиллаж байхад Монгол Улс STAND BY-д хамрагдахаас аргагүй байдалд хүрээд байжээ. Гэтэл тухайн үед засаг барьж байсан АН, хамтарч байсан МАН эдийн засаг хэвийн байгаа гэх нь холгүй гүрийсээр өнөөдрийн байдалд хүрсэн нь энэ. Учир нь тухайн үед намууд 2016 оны сонгуулийг л харж байв.
Сонгуулийн өмнө “...Эдийн засаг хүндэрсэн” гэдэг сэтгэлзүйг нийгэмд түгээх нь эрх баригчдад сайнгүй. Харин өнгөрсөн сонгуулийн хугацаанд сөрөг хүчин байсан, завсарт нь хэдхэн сар засагт хамтарсан МАН тэр үед ямар нэг арга хэмжээ аваагүй, ядаж “...Болохоо байжээ” мэдэгдэл хийчихээгүй нь хачирхалтай. Тэгэх нь байтугай өнөөгийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сангийн сайд байхдаа “...Ер нь STAND BY хөтөлбөрийг хэрэгжүүлвэл эдийн засгийг нэлээд хэмжээнд агшаах шаардлага гарна. Төсөв мөнгөний бодлогыг хумина. Ингэснээр нэлээд хугацааны дараа энэ хөтөлбөрийн ард иргэдийн амьдрал эерэгээр нөлөөлнө гэж үздэг. Гэхдээ тэр хугацаанд нь ард иргэд тэсэх үү, үгүй юү гэдэг асуудал бий” гэж ярьж байв. Харин өнөөдөр эдийн засгаа зээлээр биш хөрөнгө оруулалтаар сэргээнэ гэх онцгой сайхан мэдэгдлийг хийж буй. Даанч STAND BY-д хамрагдаж, амь голтой ирэх өдрүүдийг өнгөрөөх гэж байгаа Монгол Улс руу хөрөнгө оруулалт бүү хэл, зээл ч орж ирэхгүй гэдгийг ард түмэнд хэлэх цаг нь болсон.
Бусад улс орнууд эдийн засгаа элгээр нь хэвтэхэд л STAND BY-д ханддаг. Тэгвэл Монголын эдийн засаг тэр үед элгээрээ хэвтдэг үе нь өнгөрөөд өнөөдөр амаараа шороо үмхээд байна.
Нөгөө талаар STAND BY-д орохын нэг сул тал бол манайд хэрэгжүүлэх хөтөлбөр нь ард түмний нуруун дээр тун хүнд ачаа болж бууна. Харин зээл өгч буй талынхан улсын төсвийн орлогоо ингэж нэмэгдүүл, үүний тулд эдгээр татвараа нэм, зардлаа ингэж хас гэж тулгадаг. Энэ үүднээсээ STAND BY хөтөлбөр тийм ч оновчтой сонголт биш. Гагцхүү аргагүйдсэн, энгийнээр бол усанд живж яваа Монголыг эрэг рүү татах ганцхан бургас нь STAND BY гэдэгтэй улстөрчид ч, эдийн засагчид ч санал нийлээд эхэлж байх шиг байна.
Зочин · 2016/08/23
FALLOUT 4 laaj baina shd
Зочин · 2016/08/23
nice
зочин · 2016/08/23
Ардчилсан намынхныг шоронд хий идэж уусан мөнгийг нь гаргаж ир батзандан ер зөв яриад байна гадагшаа мөнгө гаргахыг нь болиул