Анхны болзоо гэдэг нь бие биенээ сайн мэддэггүй хүмүүс анх удаа уулзаж, эрэгтэй эмэгтэй хүнийхээ үүднээс хоорондоо танилцаж, танин мэдэхийг хэлж байгаа юм шүү. Түүнээс биш аль хэдийнэ дотно болчихсон хүмүүсийн албан ёсны анхны болзооны талаар энд яригдахгүй. Тэгэхээр бие биенээ анхлан мэдэж байгаа үед үнэтэй газар уулзах нь яагаад дэмий вэ гэвэл:

 

Анхны болзоог үнэтэй газарт хийхийн 5 сул тал

 

1. Тэнд байгаа хүн жинхэнэ чи биш байх магадлал өндөр
Хэрвээ чи өдөр бүр үнэтэй ресторанд оройн хоол идэж, тансаг дэлгүүрүүдээр байнга хэсдэг нэгэн биш бол шүү дээ. Чи тэр болзоонд зориулж хамгийн дажгүй гэж бодсон даашинз эсвэл тийм нэг хувцаслалтаа сонгож, хэчнээн минутаар толины өмнө сууж нүүрээ будаад очно. Мэдээж анхны сэтгэгдэл учир сайхан байлгахыг хичээж эелдэг зан гаргана, үг үйлдлээ цэгнэнэ. Энэ нь өөрийн мэдэлгүй чамайг жинхэнэ чи-ээс чинь бүр хол авааччих магадлал өндөр.

2. Анхны уулзалтаар үүсгэсэн тэр дүр төрхөө байнга хадгалах хэрэгтэй болно
2 дахь, 3 дахь ... 10 дахь уулзалтын үеэр ч чи өнөөх анх дүр төрхөө хадгалах хэрэгтэй болно. Энгийн өдрүүдэд кет, жийнс өмсөж, нүүрээ бараг будалгүй хөнгөхөн алхах дуртай бол энэ нь чамд бүр ч хэцүү санагдана. Магадгүй болзоо бүр дээр нөгөө хүнээ таньж мэдэхээс илүү юу өмсөх, хэрхэн харагдах талаараа л боддог болчихож мэдэх юм.

3. Огт өөр дүр төрхийг түүний сэтгэлд бий болгосноор өөртөө итгэлгүй болох магадлал өндөр
Та хоёрын болзоо амжилттай өрнөж, тэр чамд соронз мэт татагдаж байна. Гэхдээ түүний үг дунд “Чи биеэ үнэхээр сайхан авч явдаг, үзэсгэлэнтэй, хөөрхөн бүсгүй” гэх мэт үгс байх л юм бол чи түүний дэргэд жинхэнэ өөрөөрөө байх бараг л боломжгүй болж байна гэдгээ ойлгоно. Ялангуяа тэр ч чамд таалагдаж байгаа бол чи түүнийг алдахгүйн тулд “жүжиг” –ээ өдөр бүр давтах хэрэгтэй болох нь гарцаагүй. Эцэст нь жинхэнэ өөрөөсөө ичиж эхэлнэ.

4. Энэ залуугаас хойш ч эрчүүдэд чи таалагдахыг хүсдэг болчихно
Муухайгаар төсөөлөөд үзье л дээ. Тэр чиний үнэн дүр төрхийг харснаар ахин чамд татагдахаа больчихлоо гэж бодьё. Энэ үед чи хэнийг, юуг буруутгах вэ? Мэдээж өөрийн байгаа байдлыг л түрүүлж буруутгана. Эсвэл яагаад заавал ийм үед таарчихдаг байна аа гэж бурхан, амьдралыг зүхнэ. Цаад утгаараа “Би энэ байгаагаараа хэзээ ч эрчүүдэд таалагдахгүй юм байна” гэсэн бодол төрж, түүндээ итгэнэ. Гэтэл яг үнэндээ энэ хэний ч буруу биш. Зүгээр л тэр залуу чамд биш чиний хиймлээр бий болгосон гадаад төрхөд татагдаж байсан байна. Эсвэл чамайг огт өөр нэгэн байсныг мэдээд уурласан ч байж болох юм.

5. Дээрх 4 сул тал түүнд ч мөн адил үйлчилж магадгүй
Ер нь эрчүүд чинь бидэнтэй л ижилхэн хүн. Өөртөө итгэнэ, өөртөө гутарна, намайг тоохгүй болов уу гэж айна, сайхан залуу байхыг хүснэ, болзсон бүсгүйдээ таалагдахыг хүснэ. Тиймээс дээрх 4 сул талууд түүнд ч тохиолдож болно. Чамайг гайхалтай бүсгүй байна гээд харчихвал бүр ч өөртөө итгэх итгэл нь уначихаж мэднэ.

Тиймээс анхны болзоогоо хэт үнэтэй газарт хийх хэрэггүй. Хаана хийвэл зүгээр вэ гэж үү? Миний туршлагаас бол гудамжинд хийх нь зүгээр. Зүгээр л хамт суугаад юм ярьж болох цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн, парк гээд л... Тэгээд уулзахдаа чи өдөр тутамдаа ямар байдаг яг тэр хэв маягаараа л оч. Тэр хэв маягаараа л ярь. Анхнаасаа өөрийнхөөрөө байчихвал харилцаа чинь илүү энгийн бас ойлголцоход хялбар байх болно. Бие биенээ таних цаг хугацааг ч дөтөлчихнө.

Харин бүр дараа нь албан ёсны болзоот үдшээр ганган, үзэсгэлэнтэй болж очин, гайхалтай бүсгүй дэргэд нь байгааг ойлгуулангаа түүнийг өөртөө нэг мөсөн дурлуулаад ав.

 

Эх сурвалж: www.Goolingoo.mn