Ард түмэн нь цахим орчинд юу ярилцаж байгааг хянадаг хоёр сая цагдаа Хятадын төрд ажилладаг гэнэ. Тэд бол тусгай бэлтгэгдсэн хүмүүс. Хятадын нууц таг­нуулын алба болон Суртал ухуулгын яаманд нь харьяа­лагдан ажилладаг тухай “Beijing News” хэмээх сонинд мэдээлжээ. Цахим цагдаа нарын хийх ажил нь энгийн. Тэд “Sina Weibo” мэтийн хэрэг­лэгч ихтэй жижиг блог болон олон нийтийн сүлжээ сайтууд дахь хэдэн сая сэт­гэгдлийг хянадаг байна. Тэгээд цуглуулсан мэдээлэл дээрээ үндэслэн анализ хийж, томчууддаа танилцуулах үүрэг­тэй. Хятадын ард иргэд Засгийн газрынхаа бодлогыг шүүмжлэх нь жил ирэх тусам ихэсч байгаа. Үүнээс болж олон нийтийн дунд эмх зам­бараагүй байдал үүсэх вий гэх болгоомжлол Хятадын эрх баригчдад байгаа болол­той. Дарангуйлагч дэглэм бүхий Арабын орнуудад гар­сан төрийн эргэлтийг анх “Facebook”, “Twitter” мэтийн олон нийтийн сүлжээ сай­туу­дыг ашиглан эхлүүлж бай­сан. Тэр ч байтугай Хятадад хүртэл гартаа мэлрэг цэцэг барьж, төрийн бодлогоо шүүм­жилсэн хүмүүсийн жаг­саа­лыг интернэт ашиглан зо-хион байгуулж байсан түүх саяхных.

Хамгийн сүүлд л гэхэд Хятадын улстөрч Бо Силайн шүүх хурлыг нээлттэй, шударга явуулахыг хүс­сэн 500 мянган хүн цахим орчинд санал гомдлоо илэрхийлсэн юм. Тэдний хүсэлтийг төр засаг нь хүлээж авахаас өөр аргагүй байлаа. Нөгөөтэйгүүр энэ бүгд нь цахим орчин дахь иргэдийнхээ байр суурь, хандлагыг нухацтай анхаарахыг сануулсан дохио болсон бололтой.

Гэхдээ “Хоёр сая гэдэг бол 1.3 тэрбум хүнтэй харьцуулахад бага тоо” хэмээн Хонконгийн их сургуулийн захирал Дэвид Бэн­дурски хэлсэн байна. Үнэхээр тийм байж болох ч Хятадын Батлан хам­гаалах яамнаас гаргасан албан ёсны мэдээлэлд цахим цагдаа нарын тоо 1.5 сая байгаа хэмээн мэдээлж байсан юм. Гэхдээ энэ тоо жил ирэх тусам өсөж байгаа. Учир нь тус улсын интернэт хэрэглэгчдийн тоо өсөж байгаа. Хятадын твиттер гэгддэг “Sina Weibo” сайт 2009 онд байгуулагдсан ба 2011 оны гуравдугаар сар гэхэд хэрэглэгчдийнх нь тоо 100 саяд хүрчээ. Харин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард энэ тоо 500 саяд хүрсэн юм. Энэ сайтыг ашиглан хүмүүс өдөрт дунджаар 100 сая мессеж солилцдог гэж байгаа. Тэгэхээр ийнхүү хурдацтайгаар нэмэгдэж буй интернэт хэрэглэгч, тэр дундаа сошиал сайт ашигладаг хүмүүсээс болж Хятадын төр цахим ертөнц дэх цагдаа нарынхаа тоог ч нэмжээ.

“The Beijing News” сонинд мөнөөх цахим цагдаа нарын нэг болох Тан Сяотаогийн тухай бич­жээ. Тэрбээр Засгийн газрын томоохон төсөлд харьяалагддаг нэгэн компанид таван сар гаруй хугацаанд ажилласан байна. Тан Сяотао ойролцоогоор гурван сая юань буюу 490 мянган ам.долларын үнэтэй программ ашиглаж ажлаа хийдэг аж. Ингэхдээ тусгай түлхүүр үгний тусламжтайгаар компанийн үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл дундаас мэдээлэл хайж, олсон мэдээлэл нь сөрөг утгатай бол цааш мэдээлнэ. Мөнөөх программын үүрэг ингээд дуусахгүй. Үүний тусламжтайгаар олон нийтийн дунд хамгийн их яригдаж байгаа сэдвийг олж мэдэх боломжтой гэнэ. Тухайн нэг сэдвийн хүрээнд их яригдаж буй мэдээлэлд цар хүрээнээс нь  хамаараад 100 хүртэлх оноо өгдөг бөгөөд дөнгөж 40 хүрсэн тохиолдолд аюулын дохио өгдөг аж. “Гэхдээ болж буй үйл явдлын хүрээнд ямар арга хэмжээ авахыг тусгай албан хаагчид шийддэг” хэмээн Тан Сяотао ярьжээ. Тэр нийт зургаан сар ажилласныхаа дараа тусгай мэргэжилтэн болж, сертификат авах юм. Тэгээд албан ёсоор “Олон нийтийн санаа бодлыг шинжигч” хэмээн нэрлэгддэг байна. Өөрөөр хэлбэл, цахим цагдаа гэсэн үг юм.

Хятадын интернэт хэрэглэгчдийн дунд хамгийн түгээмэл ашиглагддаг сайт болох “Sina Weibo” дээр цуурхлын шинжтэй мэдээлэл их гардаг байна. Анхандаа энэ нь урлагийн аль нэг алдартны тухай байдаг байсан бол сүүлдээ авлига авж, ёс суртахууны гажуудал гар­гасан улстөрчийн тухай байх нь элбэг болжээ. “Sina Weibo”-гийн хэрэглэгчдийн бичсэн мэдээллийн дагуу Хятадын эрх баригчид олон хүнд шийтгэл ногдуулсан юм. Тухайлбал, Хятадын Шаанси мужийн Аюулгүй байдлын тов­чооны тэргүүн Ян Дакай гэж нэг нөхрийн зургийг интернэтэд тавьчихжээ. Гэтэл олон нийтийн сүлжээ сайтын хэрэглэгчид түүнийг гартаа таван сая юанийн үнэтэй цаг зүүснийг анзаарч орхисон юм. Улмаар энэ тухай шуугиан дэгдэж, цуурхал тарж, эцэст нь хууль сахиулагчид Ян Дакайг шалгасан байна. Мөнөөх нь энэ хэргийг тайлбарлаж чадаагүйгээс үүдээд түүнийг Шанси мужид болсон ослуудын буруутнаар тодруулжээ. Түүнийг хээл хахууль авсныг ч тогтоосон байна. Эцэст нь түүнд 14 жил хорих ял оноосон юм. Мөн Венжоу дахь галт тэрэгний ослыг нуун дарагдуулсан мужийн захирагч нарыг нь Хятадын интернэт хэрэглэгчид хүчтэй шүүмжилснээс үүдэж энэ хэрэг шүүхийн танхимд шилжиж байв. Энэ мэтчилэн Хятадын цахим ертөнцөд шуугиан тарьсан маш олон улстөрч албан тушаалаасаа бууж байгаа билээ. Гэхдээ Хятадын хууль сахиулагчид зөвхөн тэднийг шалгасангүй. Олон нийтийг үймээн самуунд өдөөн турхирсан гэх үндэслэлээр цахим сайтын хэрэглэгчдийг хянаж, цаг­дан хорьж байна. 

Америк, Хятад гаралтай биз­несмэн Чарльз Шүэ бол идэвхтэй блогчдын нэг. Гэвч түүнийг саяхан Бээжинд байхад нь баривчилсан юм. Тэрбээр “Sina Weibo” дэх өөрийн хуудсан дээр голдуу авлигын хэрэг болон Хятадын улс төрийн шинэчлэлийн тухай бичдэг байжээ. Түүний хуудсанд 12 сая хүн холбогддог байна. Өөрөөр хэлбэл, Чарльз Шүэгийн хэлсэн үгийг маш олон хүн анхаарч үздэг гэсэн үг. Харин Хятадын Засгийн газар дампуурч байна хэмээн бичсэнийх нь дараа Чарльз Шүэг баривчилжээ. Энэ бол анхны тохиолдол биш. Түүнтэй адил олон блогчийг Хятадын хууль сахиулагчид баривчилсан юм.

Блогчдыг баривчлахдаа тодор­хой шаардлага тавьдаг. Тухайлбал худал мэдээлэл цацаж, түүнийг нь 5000-гаас олон удаа уншсан юм уу, аль эсвэл 500-гаас дээш хүн өөрийн цахим хуудсан дээр хуулбарлан тавьсан тохиолдолд энэ нь эрүүгийн хэрэг үүсгэх шалтгаан болдог байна. Хятадын Гүтгэлгийн тухай хуульд энэхүү зүйл заалтыг оруулж өгсөн тухай “Синьхуа” агентлаг мэдээлж байв. Үүнтэй хол­богдуулан өнгөрсөн сард л гэхэд Хятадын хууль сахиулагчид Бээжин дэх интернэтийн маркетингийн нэгэн компанийг хааж, дөрвөн ажилтныг нь баривчилжээ. Тэднийг одоогоос 40 гаруй жилийн өмнө нас барсан Ардын чөлөөлөх армийн оффицерийг сурталчилгаандаа ашигласан хэмээн буруутгасан юм. Мөн Хятадын Үйлдвэр, ху-дал­даа хариуцсан захиргааны дэд тэргүүн Ма Женкиг цахим хуудсаар дамжуулан гүтгэсэн гэх шалтгаанаар нэгэн сэтгүүлчийг баривчилжээ.

Ийнхүү цахим орчны хяналт ихэссэн шалтгаан нь Хятадын эдийн засгийн өсөлт саарч байгаатай холбоотой хэмээн зарим шинжээч тайлбарладаг. Учир нь Хятад бол эрх баригчдынх нь бодлого шийдвэр таалагдахгүй бол сонгуулиар уна­гаачихдаг ардчилсан орон биш. Тиймээс Коммунист намын дарга нарын бодлого эдийн засагт нь үр өгөөжөө өгч байгааг бүгд харж, хүлээн зөвшөөрч байж гэмээнэ тогтвортой байж чадна. Тэгэхээр эдийн засгийн өсөлт саарч буй энэ үйл явцыг иргэддээ буруугаар ойлгуулахгүйн тулд элдэв янзын цуурхлыг аль болох хурдан дарах шаардлага байдаг бололтой.

Т.Элиса