Батлан хамгаалах салбарын цогц хуулийг батлав
2016/09/02
З.Энхболдыг УИХ-ын дарга байхад хэлэлцэж байсан, дуусгаагүй зарим асуудлыг энэ удаагийн парламент эцсийн байдлаар баталж байна. Үүний нэг нь Батлан хамгаалах салбарын цогц хууль юм. Тодруулбал УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Eрөнхийлөгчөөс 2016 оны хоёрдугаар сард өргөн мэдүүлсэн Батлан хамгаалах салбарын багц хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Эхлээд Монгол Улсын Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн/; эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг тус байнгын хорооны дарга Ж.Энхбаяр гишүүдэд танилцуулав.
Энэхүү хуулийн төслийг хэлэлцэх үеэр асуух асуулттай гишүүн байсангүй. Иймд зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, гишүүдийн 83 хувийн саналаар хуулийн төслийг батлав.
Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Энэхүү хуулийн төслийг хэлэлцэх үеэр асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслийг батлагдав.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл цэргийн албан хаагчийн нийгмийн халамж, цол, онцгой байдлын нэмэгдэл, цэргийн байгууллагад ажиллаж буй энгийн алба хаагчдийн асуудалд анхаарах ёстойг сануулсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж өөр саналтай гишүүн байгаагүй тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол, найруулгын санал тус бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, баталлаа.
Мөн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24.24.5 дахь хэсгийг үндэслэн 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/, төслийн хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг батлах саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг 70.8 хувийн саналаар дэмжигдлээ.
Үүний дараа Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг цаг сунган хуралдуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хийв.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат шинээр хууль батлан гарахтай холбогдсон зардлын асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар асууж, тодруулсан. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр эдгээр хуулиудыг батлан гаргахад ямарваа нэгэн нэмэлт санхүүгийн зардал үүсэхгүй болохыг хэлснээр гишүүд асуулт асууж, санал хэлж дууссан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, гишүүдийн 81.2 хувийн саналаар тогтоолын төслийг баталлаа.
Хуулийн төслүүд батлагдсантай холбогдуулан УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Батлан хамгаалах салбарын бодлогын үндэс, барим бичиг болон батлан хамгаалах салбарын багц хуулийн шинэчилсэн хувилбарыг ихээхэн хэмжээний хүч хөдөлмөр, оюун ухаан заран гурван удаагийн УИХ, мөн нилээдгүй тооны Засгийн газрыг дамнуулан байж шинэчлэн баталж чадлаа. Хэдийгээр багагүй урт хугацаанд үргэлжилсэн ч эцсийн дүндээ манай улс төрийн хүчнүүд эх орныхоо язгуур эрх ашгийн үүднээс санаа бодлоо нэгтгэж чаддагийг харуулсан. Монголын төрт ёсны бодлого үргэлжилсээр байгааг тод илэрхийлсэн чухал үйл явдал боллоо гэж үзэж байна. Өнгөрсөн онд батлагдсан Батлан хамгаалах салбарын бодлогын үндэс болон өнөөдөр бидний эцэслэн баталсан багц хуулийн гол ач холбогдол нь энэ хууль салбарын эрх зүйн орчны шинэчлэлд нэгэн шинэ үеийг нээж байгаа юм. Монгол Улсын цэргийн байгуулал нэгдмэл байх тухай олон жил үргэлжилсэн улс төрийн маргаан, үзэл бодлын зөрчилдөөнийг нэг мөр болгон шийдвэрлэж чадсанд оршиж байна. Үүний тулд бид төрийн цэргийн байгуулал гэдэг манай улсын эрх зүйн хэм хэмжээний хувьд шинэ ойлголтыг маш тодорхой томьёолон үүндээ зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага багтаан анх удаа хуульчлан баталлаа. Ингээд Монголын Батлан хамгаалах салбарын бодлогын үндэс баримт бичиг болон батлан хамгаалах салбарын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн. Эдгээрийг батлуулахын төлөө чин сэтгэлийн зүтгэл гаргаж дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдоржид талархал илэрхийлье. Эдгээр баримт бичиг, багц хуулийн төслүүдийг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийн төлөө санаа нэгдэн ажилласан өмнөх УИХ-ын ажлын хэсгийн гишүүд, өнөөдөр энэ танхимд хүрэлцэн ирж, энэ хуулийн төслүүдийг эцэслэн баталсан болон Анхдугаар чуулганаараа батлан хамгаалах салбарын бодлогыг онцгойлон үзэж Батлан хамгаалах яамыг үндсэн чиг үүргийн яам болгохыг дэмжиж хуульчлан баталгаажуулсан эрхэм гишүүд Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн ажлын хэсэгт орж ажилласан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар болон бусад байгууллагын эрдэмтэд, мэргэжилтнүүддээ талархаж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол цэргийн сүр сүлд үүрд мөнх бадран мандах болтугай” хэмээв.