Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ дагуу ээлжит нэгэн хоригоо тавилаа. Ээлжит гэдэг нь, энэ нь түүний бүрэн эрхийн хугацаан дахь найм, сүүлийн гурван жилд тавьж байгаа гурав дахь хориг юм.

Тэрбээр УИХ-ын дэд дарга асан Р.Гончигдорж нарын гишүүд 2013 онд Үндэсний их баяр наадмын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-д өргөн барьж, түүнийг нь батлахад хориг тавьж байв. Хориг тавьсан хуулийн өөрчлөлтөөр наадамд 1024 бөх зодогаосон тохиолдолд арслан цолтой бөх ес давбал үзүүр түрүүний барилдааны өмнө уг бөхөд аварга цол, 10 давж түрүүлбэл даян аварга цол олгохоор хуульчилж байлаа. Мөн гурван удаа найм давж үзүүрлэсэн бөхөд арслан, хэрэв арслан цолтой бөх хоёр удаа найм давж үзүүрлэсэн бол аварга цол олгохоор тусгасан байдаг. Гэвч УИХ-ын гишүүдийг нутаг усаар нь талцуулж, хэсэгтээ хэрүүлийн алим өнхрүүлсэн дээрх хуулийн төсөлд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг парламент хүлээж авснаар тэгсхийгээд намжсан.

Удаах нь анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг өнгөрсөн оны наймдугаар сарын 11-нд УИХ-аас батлахад тус хуулийн 4.1, долдугаар зүйлд мөн хэсэгчлэн хориг тавьж байв. Шалтгаан нь, Өршөөлийн хуульд гурав ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн, санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял эдэлж байсан, ялгүйд тооцох хугацаа болоогүй байхад гэмт хэрэг санаатай үйлдэж, дахин хорих ял шийтгүүлсэн, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан боловч дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн, Ерөнхийлөгчийн зарлигаар уучлагдан хорих ялаас чөлөөлөгдсөний дараа дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн ялтныг хамруулахаар заасан бдйдаг.

Мөн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байсан 40 гаруй эрүүгийн хэрэг, прокурор, шүүхийн шатанд яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлэн хянаж байгаа болон түдгэлзүүлсэн нэр бүхий 32 гаруй тэрбум төгрөгийн хохирлын асуудал замхарна гэж үзсэн учраас хориг тавьснаа төрийн тэргүүн учирлаж байлаа.

“Транспаренси Интернэшнл” олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг авлигын индексийн урагшлалт, Авлигатай тэмцэх газарт шалгаж буй албан тушаалын томоохон хэргийг хэрэгсэхгүй болгох зүйлчлэлээс харахад Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг мэдээж зөв үйлдэл байв. Өршөөлийн хуультай холбоотой нийгмийн чиг хандлага, хамтарч эрх барьж байгаад хачирхалтай гэмээр тайлбараар “хөөгдсөн” тухайн үеийн сөрөг хүчин МАН-ын гол акц өрнүүлэх, улс төрийн тулах цэг нь Ерөнхийлөгчийн хориг байсан болохоор хөшигний ард МАХН-ын даргатай гар барьсан АН-ын “төлөвлөгөө” бүтэлгүйтэж, хэсэгчлэн тавьсан хоригийг УИХ сар гаруйн дараа хүлээн авч байв.

Гэхдээ ачир дээрээ авлига, албан тушаалын хэргүүд замхарна хэмээсэн ч Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн ард улс төрийн маш том шалтгаан, тэр нь МАХН-ын дарга Н.Энхбаяр байсан юм. Өршөөлийн хуулийг баталсан өдрийн өглөө Сөүлээс Улаанбаатарт газардсан МАХН-ын даргын үйлдэл, прокурорын байгууллагын ойд оролцохдоо хэлсэн Ерөнхийлөгчийн үг үүний энгийн жишээ. Удаах жил нь сонгууль болох байсан болоод ч тэр үү Н.Энхбаяр хэмээх өрсөлдөгчийг улс төрийн дэвжээн дээр гаргаж, өөрсөдөдөө давхар ачаа үүрүүлэхгүй байх сонирхол эрх баригч АН, сөрөг хүчин МАН-д ч байсан болохоор эцэстээ Ерөнхийлөгчийн хориг биелэлээ олсон билээ.

Үндсэн хуульд зааснаар УИХ-аас баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт хориг тавих эрх Ерөнхийлөгчид бий. Энэ тохиоддолд УИХ-аар хэлэлцээд чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэх заалт Үндсэн хуульд мөн байгаа. Тэгэхээр өнгөрсөн сарын 30-нд баталж, 31-нд ёсчлон Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Хууль сахиулах ажиллагааны, Прокурорын байгууллагын, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай зэрэг процессийн таван хуулийг буцаах тухай УИХ-ын 26 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан төрийн тэргүүний хоригийг хүлээж авах эсэх энэ парламентаас шууд хамаарах юм. Нэг үгээр хэлбэл, хоригийг хүлээж авах, эс бөгөөс гаргасан шийдвэрээ хамгаалж үлдэх эцсийн шийдвэрийг энэ УИХ-аас гаргах ч Ерөнхийлөгчийн энэ удаагийн үйлдлийн цаана ямар нэгэн шалтгаан байгаа нь мэдээж юм.

Жишээ нь, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг дагалдах процессийн таван хуулийг буцаах тогтоол гарсны дараа нийгэм төдийгүй улстерчдийн хамгийн их эсэргүүцэлтэй тулгарсан нэг зүйл нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль байв. Учир нь, 12 жилийн дараа анх удаа гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үзсэн дээрх хуулийн хэрэгжилт тэр хэрээрээ хүлээлт үүсгэсэн юм. Гэвч Засгийн газраас ёсчлоогүй, бэлтгэл ажлыг нь хангаагүй хуулийг хэрэгжүүлэх нь учир дутагдалтай гэж үзэн хойшлуулах санал гаргасныг УИХ хүлээн авч, ёсчилсон нь ердөө тав хоногийн өмнөхөн. Гагцхүү нийгэмд үүссэн эсэргүүцэл, шүүмжлэл, улстөрчдийн оноо авах хэрэглүүр болоод буй тэрхүү сэдэлд төрийн тэргүүний зүгээс хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу ажлын тав хоногийн сүүлчийн өдөр нь ийн хориг тавилаа.

Нийгмийн хамгийн их эсэргүүцэлтэй тулгарч буй асуудалд ач холбогдол өгөх, түүнээс оноо цуглуулах нь улстөрчдийн толгойд гэм биш зан болглоо суусан идеал. Үүгээр бол Ерөнхийлөгч мэдрэмжтэй байна. Тэр цаг үеэ мэдэрч, “үүрэг”-ээ сайн биелүүллээ. Гэхдээ нийгмийн, улстөрчдийн эсэргүүцэл, шүүмжлэлийн аль алиныг нь дагуулаад буй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дахин боловсруулж, УИХ-д яаралтай өргөн барихыг салбарын сайдад нь үүрэг болгосон атал 26 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн цаана асуудлын зангилаа оршиж байна.

Дээрх хуулийн төслийг эс тооцвол бусад дөрвөн хуулийг хэрэгжүүлэх боломжгүй, бэлтгэл ажлыг нь хангаагүй гэдгийг холбогдох байгууллагаас нь хэлж буй. Хуулийг хэрэгжүүлэх цаг хугацааны хувьд ирэх оны дөрөвдүгээр сарын 1 эсвэл долдугаар сарын 1 гэсэн зөрүүтэй тайлбарыг ярьж байгаа ч бэлтгэл ажлыг нь хангахгүйгээр шууд мөрдөх нь мэдээж учир дутагдалтай. Үүнийг Ерөнхийлөгч мэдэхгүйдээ хориг тавиагүй байх. Харин өөрийнх нь санаачилгаар, өмнөх УИХ-ын үед батлуулсан хууль (Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай)-ийг энэ парламент буцаасанд тэрбээр хориг тавьсан байж болох талтай. Нөгөө талаар Өршөөлийн хуулийн зүйлчлэлтэй холбогдуулж, илүү тодорсон Ерөнхийлөгчийн байр суурь өдгөө өөрчлөгдчихөөгүй л юм бол Эрүүгийн хуулийн хэрэгжилтийг ирэх оны долдугаар сарын 1-нийг хүртэл хойшлуулах улстөрчдийн сонирхол түүнд бий. Магадгүй өдрөөс өдөрт дуусгавар болж буй бүрэн хугацаанд МАН-ын бодлого шийдвэрийг хазаарлах замаар намдаа буцах нүүртэй очих Ерөнхийлөгчийн холыг харсан нүүдэл нь ч энэ байж болох.

АН-ынхан олуулаа байхдаа авлига, албан тушаалын хэрэгтнүүдэд боломж олгох Өршөөлийн хуулийг баталж, тэр хэмжээгээрээ нийгэмд муухай харагдаж байсан удаатай. Үүн дээр нь сөрөг хүчин МАН-ынхан ч бишгүй тоглолт хийсэн. Харин 13 жилийн дараа Эрүүгийн хуулиа шинэчилж, тэр хэрээрээ хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн олон улсын жишгийг нэвтрүүлэх байсан ч ёсчлолгүй орхисны уршгаар хойшлуулахдаа тулсан дээрх хуулийн төслүүд алх цохьсон өдрөөсөө л МАН-ыг муухай харагдуулж буй. Гагцхүү улс төрийн эгзэгтэй энэ цаг үед Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавьснаар МАН-д гэхээсээ АН-д боломж олгочихлоо. Учир нь, эрх мэдлийн үнэмлэхүй олонхийн хуваарилалт Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байх нь алга урвуулах төдий амархан ч ирэх онд болох сонгуулиа бодвол ийм үйлдэл хийх нь МАН-д хасах оноо болж бууна. АН-ынхан ч хангалттай тоглолт хийсээр Ерөнхийлөгчийн сонгуультай золгоно. Тэгэхээр УИХ-ын 26 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийпөгчийн хоригийн цаана улс төрийн томоохон шалтгаан байсныг үгүйсгэх аргагүй юм. Тийм биш байлаа ч өнгөрсөн 26 жилийн хугацаан дахь хуулийн салбарт хийсэн томоохон шинэчлэлээс ухарсан тодотголыг зүүх болсон эрх баригчдад Ерөнхийлөгчийн хориг “зөөлөн боорцог” байхгүй нь тодорхой харагдаж байна.

 

 

С.ГАНДӨЛ

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/