Цагдаагийн албаны тухай хуулийг УИХ-ын чуулганаар энэ оны долдугаар сарын 5-нд баталсан юм. Энэ хуулийн талаар ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Л.Нямдаваатай ярилцлаа.

-УИХ-ын нэгдсэн чуулганаар “Цагдаагийн албаны тухай хууль” батласан. Энэ хууль нь өмнөх хуулиасаа ямар ялгаатай вэ?

-Монгол улсын цагдаагийн байгууллагын тухай хууль 1993 оны 12 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш хорь шахам жил өнгөрч байна. Энэ хууль цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг төлөвшүүлэн жигдэлж, материал техникийн хувьд бэхжүүлэн, цагдаагийн албыг хөгжихөд чухал хувь нэмрээ оруулсан. Энэ хуульд процессын шинжтэй хэм хэмжээнүүд тусгагдаагүй байгаа, учир нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны тогтолцоог тодорхойлж байгаа тул одоогийн хуульд байгаа Галт зэвсэг, тусгай хэрэгсэл, биеийн хүч хэрэглэх үндэслэл, журам, хойшлуулшгүй ажиллагаа явуулах зэрэг цагдаагийн үйл ажиллагааны талаар Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийн төсөлд тусгагдаж байгаа.

-Энэ хуульд иргэний зөвлөлийг оруулж өгсөн. Энэ талаар?

-Цагдаагийн албаны тухай хуульд Иргэний зөвлөлийг оруулж өгсөн. Иргэний зөвлөл нь нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын төсвийн зарцуулалт, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэх, сургалт, үйл ажиллагаандаа орчин үеийн технологи нэвтрүүлэх бодлогын хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй юм. Энэ нь тус хуульд заасан “хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ил тод, нээлттэй байх, олон нийтийн итгэлийн хүлээж, иргэний дэмжлэгийг авах” үйл ажиллагааны зарчмыг хэрэгжүүлэх чухал зүйл болно.

Мөн Цагдаагийн албаны тухай хуульд цагдаагийн албаны үйл ажиллагааны зарчмыг “иргэний дэмжлэгийг авах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй харилцан хамтран ажиллах” гэж тодорхойлсон. Үүний дагуу олон нийтэд түшиглэсэн цагдаагийн үйл ажиллагаа гэсэн бүлгийг нэмж тусгасан. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг хамгаалах үүрэг бүхий олон нийтийн цагдаагийн ажилтныг гэрээ байгуулан ажиллуулах, түүнд олгох урамшил, холбооны болон тусгай хэрэгслээр хангах, сургах зардлыг хариуцна. Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Иргэний зөвлөл, цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн тухайн жилдээ ажиллуулах Олон нийтийн цагдаагийн ажилтны тоог тогтоох зэрэг шинэлэг зүйлүүдийг хуульчилсан.

-Олон нийт цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд оролцох талаар зохицуулалт орсон энэ талаар?

-Манай улсад ер нь бол олон нийтэд түшиглэсэн цагдаагийн үйл ажиллагааг хөгжүүлэх талаар хэд хэдэн удаагийн төсөл хэрэгжиж тодорхой үр дүнгээ үзүүлсэн. Тухайлбал, 1990-д оны үед урамшилтай эргүүл, цалинтай эргүүл, гэрээт эргүүл гэж ажиллуулсан байдаг. Мөн Засгийн газраас Олон нийт-цагдаагийн ажилтны хамтын ажиллагааны хөтөлбөрийг 2011 онд баталж, хэрэгжүүлээд явж байгаа бөгөөд энэ нь товчхондоо бол хүний аюулгүй байдлыг хангахын тулд иргэдийн өөрсдийнхөн идэвхи санаачлалыг дэмжиж ажиллах арга юм. Цагдаагийн албаны тухай хуульд заасан Олон нийтийн цагдаагийн ажилтан маань эргүүлийн үүрэг гүйцэтгэх, тухайн орчинд гэмт хэрэг гарч болзошгүй нөхцөл үүссэн бол зохих газарт нь мэдэгдэж, шаардлага тавих эрх эдлэхээр тусгасан байгаа. Жишээлбэл, энгийн үгээр хэлэхэд гэрэлтүүлэг муутай газар болзошгүй дээрэм, булаалт, хулгайн гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл үүслээ гэхэд энэ талаар холбогдох байгууллага мэдэгдэж, тэр зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна гэсэн үг юм.

-Цагдаагийн алба хаагч удирдлагаасаа өгсөн хууль бус тушаалыг биелүүлэхгүй байхаар зохицуулсан гэсэн?

-Одоогийн хүчин төгөлдөр Эрүүгийн хуульд заавал биелүүлэх тушаал, захирамжийг биелүүлсэн бол гэмт хэрэгт тооцохгүй бөгөөд харин хууль бус тушаал, захирамж өгсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Энэ зарчмыг уг хуульд алба хаагч удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг, даалгаврыг биелүүлэхдээ хуульд заасны дагуу биелүүлэх ёстой, харин хууль бус үүрэг, даалгаврыг биелүүлэхээс татгалзах үүрэгтэй байхаар хуульчилсан нь хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, хуулийг чанд сахих баталгаа болсон төдийгүй алба хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан чухал зохицуулалт болсон. Хэрвээ удирдах даргынхаа хууль бус үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзах үүрэгтэй байсаар байтал биелүүлсэн тохиолдолд удирдах дарга, түүнийг биелүүлсэн алба хаагч нар адилхан хуулийн хариуцлага хүлээнэ.

-Цагдаагийн алба хаагчийн нийгмийн баталгаанд өөрчлөлт орж байгаа юу?

-Цагдаагийн алба хаагчийн ажиллах нөхцөл баталгаатай холбоотой нийтлэг асуудлыг Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд тусгаж, харин Цагдаагийн албаны тухай хуулиар зарим онцлог зохицуулалтыг тусгасан.

Одоогийн байдлаар манай улсын хэмжээнд 330 гаруй суманд 21-30 насны залуучууд цагдаагийн алба хаагчаар ажиллаж байна. Тэднийг тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд аймгийн төвөөс бусад суманд ажиллаж байгаа алба хаагчид 5 жил тутам 30 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг олгоно. Одоогийн хуулиар албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн тохиолдолд 5 жилийн цалинг олгоод орхидог, өөрөөр тусалж дэмжих бололцоогүй болдог байсан бол шинэ хуулиар 10 жилийн турш тухайн ажилтны авч байсан цалинг ар гэрт нь олгохоор заасан. Цагдаагийн алба хаагчийн ажиллах нөхцөл баталгааг хангах нэг чухал зүйл бол алба хаагчийн агсамжийн талаарх заалт юм. Цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэхдээ заавал биедээ авч явах зүйлийн жагсаалтыг хуулиар тодорхойлсон. Тухайлбал, гав, бороохой, гар чийдэн, дүрс, дуу бичлэгийн хэрэгсэл гэх зэрэг. Мөн алба хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, үүрэг гүйцэтгэх чадавхийг дээшлүүлэх зорилгоор Хөгжлийн сан хэмээх шинэ зүйлийг хуульчилсан байгаа.
-Цагдаа нарт үүргээ  биелүүлэхэд хангалттай юу?

-Агсамжийг бүрэн олгох асуудлыг мэдээж улс хариуцах бөгөөд харин алба хаагч нь албан үүргээ гүйцэтгэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэнэ.

-Цагдаагийн цолонд өөрчлөлт орсон уу. Орсон бол ямар өөрчлөлт оров?

-Цагдаагийн цолыг дээд буюу тэргүүн комиссар, тэргүүн дэд комиссар, дэд комиссар, туслах комиссар цолыг шинээр бий болгосон. Цагдаанийн бусад цол болох ахлах, дунд, бага цол хэвээрээ байгаа. Зарчмын өөрчлөлт гэвэл цагдаагийн цолыг албан тушаалыг харгалзан олгоно. Цагдаагийн дээд, ахлах цолыг ямар албан тушаалтанд олгох талаар хуульд тодорхой заасан. Ингэснээр алба хаагч нь цол авахын төлөө бус жинхэнэ мэргэжил, ур чадвартаа тохирсон албан тушаалын цолыг хэрэглэнэ гэсэн үг.

Х.Даваа