Чойжилсүрэнгийн үг, Сэргэлэнгийн үйлдэл буюу Төр, Гандан хоёрын ялгааг тэдэнд яаж ойлгуулах вэ?
2016/09/07
Үгүй байлгүй дээ гэмээр мэдээ уржигдраас хэвлэлүүдээр цацагдаад эхлэв. Яав гэтэл “...Хүнс, хөдөө аж, ахуйн сайд П.Сэргэлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт тариаланч, малчиддаа зориулж, мөн лус аргадаж 1500 гаруй ламаар Гандантэгчинлэн хийдэд ном хуруулсан байна” гэсэн мэдээ тууж явна.
Тэрээр багагүй шүтлэгтэй гэнэ. Бас лусыг аргадаж ном уншуулаад ургац арвин авна хэмээн итгэж буй гэнэ. Хөөрхий сайдыг шоглочихжээ гэтэл үгүй юмаа. Газар тариалан холбоо гэдэг Төрийн бус байгууллагын цахим хуудсаар “..Өнөөдөр ХХААХҮЯ, Төв гандан хамтарч, Монголын нийт тариаланч, малчдад ном хуруулж байна. Баярлалаа” гээд дурайж байх юм. Үнэн болоод явчихлаа.
Уг нь П.Сэргэлэн сайд уяач хүн л дээ. Уяачид наадамд уях морьдоо зуны дунд сарын бар юмуу нохой өдрийн аль нэгэнд бариад шашны зан үйл хийдэг номтой. Морьдоо барьчихаад арц, хүж бусад тансаг үнэртнээр уяагаа нар зөв гурвантаа эргэж ариусгах зан үйлийг хийчихээд, идээ будааныхаа дээжийг эцэг тэнгэр, эх газар шороо тахин шүтдэг уул овоо, бурхан сахиусандаа өргөнө.
Дараа нь Найман гэгээн, Дашзэвэг, Дашдондов болон хариулгын таван ном Банзрагч, Дамдингийн түй зэрэг уншлага уншуулж морины хийморийн сан тавьж, шавдаг өргөх зан үйлийг ёсчлон гүйцэтгэвээс сайн болно гэж өвгөн ноён Пүрэвжавын айлдсаныг өнөөгийн уяачид дагадаг. Сайд ч ингэдэг байж таарна. Энэ бол түүний амьдралаас авсан туршлага ч байж мэднэ. Тиймээс л хөөрхий минь, салбарынхаа үйл хэргийг урагштайхан явуулж, өөдтэйхэн тариа будаа хураачих санаатай хур гуйж, лус аргадсан байх гэж зарим нь өмөөрч сууна.
Гэвч Монгол төрийн алба, төрийн үйл хэрэг гэдэг тусдаа зүйл. Бүр шал ондоо. Цагаан сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Гандантэгчинлэн хийдэд очдог. Тэр бас л өөр асуудал.
Энэ мэдээнд итгэж ядаж байтал өчигдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэн айхтар марзан мэдэгдлээр төсвийн хэмнэлтээ хамгаалж байх юм. Байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгосноор төсөвт хичнээн төгрөгийн хэмнэлт гарна гэж тооцож байна вэ” гэж асууж л дээ. Сангийн сайд Б.Чойжилсүрэн хариуд нь “...Ойролцоогоор 53-60 орчим тэрбум төгрөг хэмнэх байх. Ер нь Хамтын тэтгэврийн тухай хууль маань их шүүмжлэл дагуулаад байгаа. Бас монголчууд маань ихээхэн сүсэг бишрэлтэй. Талийгаач болсон хөгшнийхөө нэрийн өмнөөс би тэтгэвэр авмааргүй байна гэсэн саналыг Сангийн яаманд ихээр ирүүлсэн. Тийм учраас хүчингүй болгоё гэсэн санал оруулж ирсэн” гээд аваад хаячихжээ.
Б.Чойжилсүрэн сайдын хариултыг яаж ч хичээгээд “гоёор” ойлгож чадсангүй. Түүнийхээр бол Увсын Наранбулаг, Хэнтийн Дадал, Өмнөговийн Номгон, Хөвсгөлийн Арбулаг, за тэгээд Дамбадаржаа, Долоон буудал, Нисэх, Яармаг, Улиастайгаас баахан эмээ, өвөө Сангийн яаманд хандан “Хамтын тэтгэвэр авмааргүй байна” хэмээн саналаа явуулсан болж таарах нь. Үнэн болов уу?
Эндээс нэг л зүйл бодогдож байна. Сүмд биш төрд ажиллаж байгаа шүү гэдгийг энэ хоёр сайдад яаж ойлгуулъя даа гэж. Нөгөө талаар ингэж олны доог, хэл амны бай болж суухаар байшин барьж, морь уяад сэтгэл амар явж байвал хичнээн сайхан.
Дээрээс нь төсөв мөнгө хомсдоод хэмнэлт бууралт ярьж байхад Ганданд ном уншуулж төсөв үрж суух хэрэг П.Сэргэлэн сайдад байв уу. Үнэн хэрэгтээ Төв Ганданд очиж ном уншуулж суухаар тэнгэр буудуулж бороо оруулах нь л төрийн хийх ажил юм шүү дээ. Манай Гандан хийдийнхэн хэзээнээсээ ном буяныг зүгээр хурж өгнө гэж үгүй. 1500 ламаар ном уншуулна гэдэг багагүй зардал гарна гэсэн үг. 20 ламтай жижигхэн хийдэд ном дааж хуруулахад 20 хоногийн цалин нь хүрэхтэй үгүйтэй байдгийг монголчууд мэднэ дээ. Нэг жишээ хэлье. Дашчойлин хийд 80 гаруй ламтай. 80 ламын “цагаан цав” бэлтгэхэд цагаан будаа 10-15 кг, үзэм, элсэн чихэр, шар тос тус бүр гурван кг ордог байна.
Гандантэгчинлэн хийдэд 300 гаруй ном хурахад ойролцоогоор 120-130 кг ястай мах, 50 кг гурилаар “бор цав” гэж нэрлэдэг махтай хоолыг бэлтгэдэг гэсэн. Энэ тоог таваар үржүүлээд бодоход хангалттай.
Бас дээрээс нь ном уншсаны дараа лам нарт өгдөг зэд буюу дээрхээс өөр хоол гэж бий. Одоо бол хоол биш гарын бэлэг л өгдөг болсон. Ингээд бодвол ХХААХҮ-ийн сайдын мэдлийн төсвөөс багагүй мөнгө Гандан руу “явсан” байна.
Өөр бас нэг бодол. МАН-ын Мэргэжлийн Засгийн газрын сураг сонгуулиар олны саналыг зулгаахад мөн ч их хэрэг болсон доо. Өдгөө байгуулсан хойноо ч МАН-ынхан “Манай Мэргэжлийн Засгийн газар” гээд л гүрийгээд байгаа. Гэтэл Гандан руу гүйсэн, сүсэг бишрэл ярьсан нэг тиймэрхүү сайд нар дараалаад ил болоод байх юм. Маргааш бас нэг сайд нь аль нэг хийдэд ном уншиж, адис хүртээгээд сууж байна гэвэл гайхах зүйл алга. Угтаа дээрх дараалсан үйл явдлуудаар МАН-ын Засгийн газар Төрийг жинхэнэ утгаар нь самарч байна.
Б.Баяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2016/09/07
Энэ дуулиантай зэрэгцээд Ерөнхий сайд маань Хамтын тэтгэвэрийн хуулийг баталснаар хөгшчүүл илүү тэтгэвэр авахын тулд насаараа ханилсан ханиа "алчихымсан" гэсэн нүдээр хараад байна гэсэн мэдэгдэл хийсэн дээ. Юу л болоод байна даа зус гэж
k · 2016/09/07
uxej baiwal taarcan luiwarchid odoo xogiin yum ih cednee ene jil caixan zun bolcon uuniig ashiglaad taria nogoo caixan urgasan bolxoor bi nom unshuulaad tariaa saixan urgalaa geed xutsah bxda muu yum ix cedwel tseerlel xvleedeg bichigdeegvi xuuli bdag yum shuu