Хүчгүй засаг
2016/09/08
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өчигдөр Засгийн газрын татвар нэмэх багц саналыг буцаан татаж байгаагаа мэдэгдлээ. Энэ шийдвэрээ тэрээр МАН-ын бүлгийн гаргасан улс төрийн шийдвэр гэж тодотгов. Тийм ээ, энэ үнэхээр орон нутгийн сонгуулийн өмнө МАН-ын гаргасан улс төрийн шийдвэр байлаа.
Тэд УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй төсвийн тодотголд улс орны эдийн засгаас илүүтэй удахгүй болох орон нутгийн сонгуульд ямар үр дүнд хүрэхээ бодож улс төрийн тоглолт хийж байна. Энэ санаа нь ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын “Засгийн газар анхнаасаа нийгмээ, иргэдээ сонсч ажиллаж байгаа. Тийм учраас УИХ-д 65 суудалтай гэхгүйгээр энэ удаа ч бас нийгмээ сонсч улс төрийн шийдвэрийг хүндэтгэж байна” гэсэн гоё үгнээс илт цухалзана.
Хэдхэн хоногийн өмнө улс орны эдийн засаг хэр хүнд байгаа тухай Сангийн сайд, Ерөнхий сайд ээлж дараалсан мэдэгдэл хийж, олон нийтийн сэтгэлзүйг бэлтгэсний дараа Засгийн газар хэд хэдэн татварыг нэмж орлого нэмэх, цалин тэтгэмж хасч зарлагаа танах саналыг төсвийн тодотголд оруулж ирсэн.
Үнэндээ Засгийн газрын оруулж ирсэн саналаас Хүн амын орлогын албан татвар, Алтны татвар, Тэтгэврийн даатгалын хувь хэмжээг нэмэгдүүлэх гэсэн гурван заалтад л олон нийт тухайлан таагүй хандаж байгаагаа илэрхийлсэн. Алтны татварыг урьдынх шигээ бодлогогүйгээр нэмбэл эргээд салбараа татаж унагаж, далд хэлбэрт оруулдаг өнгөрсөн сургамжаа санавал Засгийн газрын оруулж ирсэн санал анхнаасаа буруу байсан. Хүн амын орлогын албан татварын тухайд ч өндөр орлоготой иргэдээсээ татвар авна гэсэн санаа боловч тэдний дунд бусдаас илүү ажиллаж хөдөлмөрлөдөг уурхайчдаас эхлээд хүнд хортой нөхцөлд ажил эрхэлдэг нийгмийн нэг хэсэг байгаа гэдгийг тооцоогүй гээд шүүмжлэл хүлээх зүйл байсан. Бусдаар бол төсвийн зардлаа бууруулах хэрэгтэй, бүсээ чангалж, улс орныхоо эдийн засгийг бодохгүй бол болохгүй гэдэг мессэжийг хүн бүр ойлгож хүлээн авсан.
Гэвч цөөн хэдэн заалтыг эсэргүүцсэн гэдэг шалтгаар МАН төрийн өндөр албан тушаалтны цалинг бууруулах, татвар нэмэх асуудлыг нэг мөр татаж орхилоо. Ингэснээр Ж.Эрдэнэбатын Засгийн газар тийм ч хүчтэй засаг байж чадахгүйгээ ийн харууллаа. Тэд хамгийн анхны шийдмэг алхамдаа ийнхүү намынхаа бүлгээрээ чагт тавиулчихаад байгаа нь нэгдүгээрт эрх баригч нам доторх зөрчлийг, хоёрдугаарт ерөөсөө энэ нам улс орны эдийн засгаас илүүтэй улс төрийн ашиг хонжоогоо эрхэмлэж байгааг л харууллаа. Харин улс төрийн энэ хүчийг давж, хатуу ч гэсэн зөв, шийдмэг алхам хийх хүч зориг Засгийн газарт алга.
Намын бүлгийнхээ татварын асуудлыг буцаах шийдвэрийн дараа Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэвлэлд ярихдаа “Энэ бол бүлгийн шийдвэр. Эцсийн шийдвэрийг УИХ-ын чуулганаар гаргана. Гэхдээ Монгол Улсын төсөв онц хүнд байдалд орчихсон байгаа. Тодорхой түвшний албан тушаалтны цалинг бууруулж, татвар нэмэх хууль оруулж ирсэн нь ард түмэнд таалагдахгүй байгаа ч аргагүйн эрхэнд байгаа эх үүсвэрийнхээ хүрээнд ийм санал оруулж ирсэн. Хэмнэж олсон 500 тэрбум төгрөг нь ирэх 2017 оны төсвийн тэнцэлд тодорхой хэмжээний дэмжлэг болох учиртай байсан” гэж хэлсэн.
Тийм ээ, төсөв хүнд байгаа. Үүнийг хүн бүхэн мэдэж байгаа. Бүх хүний сэтгэл зүй бэлтгэгдсэн ийм үед л Засгийн газар оруулж ирсэн зарим санал дээрээ бат зогсох ёстой байсан юм. Тухайлбал, төрийн өндөр албан тушаалтны цалинг бууруулах, тансаг зэрэглэлийн орон сууцны татвар, хадгаламжийн орлогын татвар гэх мэт хэрэгжүүлбэл зохих бодлогоо тэд хадгалж хамгаалж үлдэх ёстой байв. 150 метр квадратаас дээш талбайтай орон сууцтай иргэдээс шинээр татвар авах, 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах тухай хууль зэрэг тансаг хэрэглээг чиглэсэн өөрчлөлт бол эцсийн дүндээ төр орлогоо дахин хуваарилах үндсэн үүргээ л төр гүйцэтгэх гэсэн зөв чиг хандлага байсан. Тансаг хэрэглээнд өндөр татвар ногдуулах нь баян ядуугийн ялгаа улам ихсээд байна гэж халагладаг манай нийгэмд баялгийн тэгш хуваарилалт бий болгох гэсэн эхний алхам болох байлаа. Үнэндээ татварын хоёр шатлалтай улс орнууд хүн амын өндөр орлоготой хэсгээсээ их хэмжээний татвар авснаараа нийгэм дэх баялгийн тэгш хуваарилалтыг хангаж байдаг. АНУ, Франц гээд барууны орнууд хэр өндөр татвар авдаг тухай мэдээ өдөр бүр л гарч байдаг шүү дээ.
Гагцхүү ингэж нийгмийн өндөр орлоготой хэсгээс татвар ахиу авах шийдвэрийг гаргахад улс төрийн зориг хэрэгтэй. Учир нь, энэ татварт өртөх эрсдэлтэй хүмүүс шийдвэр гаргах түвшинд хамгийн ойр, өөрсдөө эрх мэдэлтнүүд байдаг учраас манайд өдий хүртэл татварыг шатлан авах энэ туршлага хэрэгжиж байсангүй.
Хэрэв энэ шийдвэрийг бидэн шиг жирийн иргэд эсэргүүцэж байгаа бол ёстой төрийн төлөө оготно гэдэг шиг баячуудын өмнөөс бархирсан болж таарна. Учир нь, 150 ам.метрээс дээш байртай гэр бүл манай дундаж гэх орлоготой айл өрхүүд дунд бий юу. Үнэндээ Зайсан, Нүхт, Гачуурт гээд зэрэглэл өндөртэй газар амьдарч байгаа хэсгийнхэн л энэ татварыг төлнө. Гэтэл өөрсдөө 80-100, их л сайндаа 150 ам метрийн байртай атлаа бусдын өмнөөс татвар нэмүүлэхгүй гээд сууж байдаг нь мэдлэг мэдээлэл дулимагийнх. Хадгаламжийн хүүгээс татвар тооцох тухайд ч 100 саяас дээш хадгаламжтай дундаж өрх хэр олон бол гээд энгийн ухаанаар бодоод үз. Өнөөдрийн дундаж өрх бол банкны зээлээ цалингаас цалингийн хооронд арай ядаж төлж яваа. Тэдэнд амьдралаасаа илүү гаргаад хэдэн зуун саяар нь хадгалах бэл бэнчин байхгүй. Харин нийгмийн хамгийн хөрөнгөлөг цөөн хэсэг хэдэн зуун сая, тэрбумаар нь хадгалж, өндөр хүүгээс ашиг хүртээд түүнээсээ огтхон ч татвар төлөхгүй явж ирсэн олон улсаас гажсан жишиг л бий. Гэтэл тодорхой хэмжээнд санхүү нь тогтож, тэр хэмжээгээр улсынхаа өмнө хариуцлага хүлээх чадвартай тэр хэсгийг өмнөөс дундаж давхаргынхан өөрсдөө татвар өгөх гэж байгаа мэтээр эсэргүүцэн тэмцэх нь эцэстээ өөрсдийнхөө нийгмийн тэгш хөгжлийн эсрэг чангааж байгаа үйлдэл гэдгийг ухаарах цаг нь болсон. Үгүй бол төрийн байгаа царай, иргэдийн хүлээн авч байгаа байдал ч урагшгүй ноёнд ухаангүй албат гэдэг л болоод байна.
Б.Энх
newscom.mn