Эмч нар өлсгөлөн зарлавал баривчлагдаж, эрүүгийн хариуцлага хүлээнэ гэв
2013/01/22
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч нар эмнэлгийнх нь барилгын зориулалтыг өөрчлөхтэй холбогдуулан эсэргүүцэл илэрхийлээд байгаа ч шийдвэр өөрчлөгдөөгүй байгаа. Иймд эмч нар тусгаар тогтнолын талбайд өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байгаа.
Харин энэ талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг мэдээлэл хий үеэр тодруулахад, “эмч нар бол энгийн нэгэн эмч биш. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг бол цэргийн анги, энд цол зэрэгтэй албан тушаалтнууд ажилладаг. Монгол улсын хуулийн дагуу цэргийн анги нэгтгэл дотор жагсаал цуглаан хийх, үйлдвэрчний эвлэл байгуулах, өлсгөлөн болон төрийн албан тушаалтны шийдвэрийн эсрэг зогсохыг хориглодог. Өөрсдөө энэ байдлаа ойлгох байх гэж бид хэсэг харзнасан. Гэхдээ энэ байдал хүндрэх юм бол хуулийн дагуу арга хэмжээ авахаас өөр зам байхгүй. Өөрөөр хэлбэл цол зэрэгтэй хүмүүсийг өлсгөлөн зарлах юм бол шууд баривчилдаг. Жагсаал цуглаанд оролцох юм бол цолыг нь хурааж, ажлаас нь чөлөөлдөг. Үүнтэй холбоотой асуудал Жанжин штаб дээр яригдаж зарим хүмүүсийн цолыг хураах талаар хэлэлцэж байгаа. Энэ бол иргэний жирийн эмнэлэг биш. Энэ бол амиараа дэнчин тавьж байгаа 20.000-н албан хаагчийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хариуцсан тусгай эмнэлэг. Энэ эмнэлэг өнгөрсөн 14 жилийн хугацаанд албан бусаар хувьчлагдсан байсан. Би өөрийнхөө эрхийн дагуу энэ эмнэлгийн шинэчлэлийг хийхээр ажиллаж байгаа. Гэтэл энэ эмнэлгийг хувьчлаад авна гээд бодсон байсан хүмүүс эсэргүүцэж байна. Энэ бол цэргийн зохион байгуулалттай байгууллагын сахилга бат алдагдсаны томоохон илрэл болж байна. Цалингаа авах болохоор цолныхоо нэмэгдэлээ авдаг мөртлөө, ажлаа хийхдээ үүргээ умартдаг байж болохгүй. Хуулийн дагуу эмч нар өлсгөлөн зарлаад эхэлвэл баривчлах төдийгүй эрүүгийн зүйл заалт ч байгаа” гэв.
Эх сурвалж: Саак.мн