Өрөвдүүлэх тактик уу, айлгах төлөвлөгөө юу
2016/09/29
-Нэг ёсондоо “Мэргэжлийн” гэж өөрсдийгөө өргөмжилсөн Засгийн газар маань үйл ажиллагаагаа эхэлснээс хойш дотооддоо ч гадааддаа ч муу амлаж айлгасаар иржээ-
Засгийн газарт дүн тавих 100 хоногийг олон нийт хүлээж байна. Гэтэл юун 100 хоног, тэрнээс ч өмнө ард түмэн, долларын ханшийн хөөрөгдөлт нийлээд дүнгээ тавьчихлаа даа. Саяхан Их хурлаар оруулж ногоон гэрлээр батлуулсан 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт өмнөх Засгийн үед хөдөлгөхөөр, барьж бүтээхээр төлөвлөж эхлүүлж байсан бүхий л төслүүдээс нэг ч үсэг тусгагдаагүй байгаа юм.
Ч.Сайханбилэгийн үед ямар ч байсан эдийн засгаа аврах гэж, янз бүрийн төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөх гэж их зүтгэж, чармайж байсан нь одоо харагдаж байгаа юм.
Тэгвэл парламентад үнэмлэхүй олонх болсон Ардын намын Засгийн газрын үед байдал улам дордов. Заавал 100 болгож ажилд нь үнэлэлт дүгнэлт өгдөг жамтай хэмээн цэцэрхэж байх зуур Засгийн газар юу хийв. Татвар нэмэхээр, цалин хасахаар зүтгэж, халамжийг зогсоож, нийгэмд хэрэгтэй хуулийн төслүүдийг буцааж, олон нийтийг мөн ч их хямраав.
Харин ард түмнийхээ аж амьдралыг өөд нь татах, эдийн засгийг хямралаас гаргах тал дээр нүдэнд харагдаж, гарт баригдах юу ч хийсэнгүй өнөөг хүрэв. Өнгөрсөн нийгмийн бэлгэдэл болсон удирдагчаа санан дурсаж, бас л тэр нийгмээ санагалзсан мэт алхмуудыг шат дараатай хэрэгжүүлсээр. Хийж чадаж байгаа ганц ажил нь төрийн албан хаагчдыг улайран сольж байгаа явдал. Хамаатан садан, найз нөхөд, тойрон хүрээлэгчдээ чадвар, чадавх, боловсролыг үл харгалзан төрд шургалуулж Монгол төрийн аппаратыг шунхан улаанаар будаж байх шиг. Томилгоондоо анхаарсаар байтал 100 хоног нь ч тулав. Засгийн газрын мөрийн хөтөлбөр нь батлагдсан ч за тэндээс л нэг сайн юм гарах нь дээ гэмээр төсөл хөтөлбөрүүд ч алга. Тэглээ гээд төрийн ой санамжаа бодож хуучны төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлж байгаа ч юм байхгүй, харин ч орвонгоор нь эргүүлж чадсан. Аргаа барсан УИХ дахь зарим МАН-ын гишүүд том төслүүдээ хөдөлгөхгүйгээр эдийн засгаа аварч чадахгүй гэж ярьж, хэлж эхэлж байх шиг. Харин Засгийн газар дүлий дүмбэ оргисоор.
Өнөөх алдарт “Женко” Х.Баттулгын үлгэр ч юм шиг, төсөл ч юм шиг байж, хэрүүл уруулын гол бай болж ирсэн төмөр замын төслүүд, Сайншандын аж үйлдвэрийн паркаас сураг чимээ тасрав. “Дархан, Сэлэнгийн бүсэд хар төмөрлөгийн цогцолбор байгуулах нөхцөлийг бүрдүүлнэ”, “Үйлдвэржилтийн 21:100 хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэж заасан боловч ямар мөнгөөрөө 21 аймагт үйлдвэр барих нь ч бүрхэг.
Ядаж л З.Энхболдын бүтэх үгүй нь мэдэгдэхгүй ч “10000 бор цэргээр төмөр замаа барьчихна” гэх мэтээр наанатай цаанатай ярьж байсан шиг юм ч сонсогдохгүй. Лав л дотоодын цэргээрээ төмөр замаа барих, Сайншандын аж үйлдвэрийн парк, Шинэ төмөр зам төслүүд Зи дарга, Женко, Таван толгойг гацаасандаа гуяа алгадан баярлаж, гавьяагаа гайхуулдаг Л.Эрдэнэчимэг нартайгаа хамт замхран алга болж байх шиг. Тэндээс авахыг нь аваад хаяхыг нь хаях санаа эрх баригчдад лав алга. Тэгээд цаана нь өөрсдөд нь ч ямар төлөвлөгөө байгаа нь үл мэдэгдэнэ. Лав л байгуулагдсан цагаасаа эхлэн муу амлаж улс орон дампуурч байгаа тухай гадаад, дотоодгүй зарласан, үр дүнд нь хөрөнгө оруулагчид үргэж, долларын ханш тэнгэрт гарч байна. Ерөнхий сайдын үгийг эргэн сануулбал “Манай улсын хувьд бэлэн болсон ТЭЗҮ-тэй бүтээн байгуулалтын ажил нэг ч алга байна. Жишээ нь Монгол Улс төмөр замын бодлогоо тодорхойлсон ч төмөр замаа барья гээд явчих төсөл алга. Тэгэхээр цаашид тодорхой хэмжээний эх үүсвэр олж, эхний ээлжинд хийх ажлаа тодорхойлон түүндээ ТЭЗҮ боловсруулах ажлыг Засгийн газар хийнэ” гээд л сайхан амласан. Харамсалтай нь Монгол Улсад ТЭЗҮ нь батлагдсан ямар ч төсөл байдаггүй юм байна гэсэн эргэлзээтэй ойлголтоор гадныхныг үргээчихсэн.
Засгийн газрын гишүүд өдөр алгасахгүй шахам гадаад, дотоодын төлөөлөгчид, Элчин сайдуудыг хүлээн авч уулзаж байгаа ч нааштай мэдээ үл сонсогдох. Жишээ татвал Ерөнхий сайд Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон, Олон улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч Туен Нгеуен тэргүүтэй албаны хүмүүстэй уулзсан байгаа юм. Чингэхдээ бас л өнөөх үгээ хэлж. “Өнөөдрийн байдлаар боловсруулах үйлдвэрлэлээр байгаль орчинд болон нийгмийн чиглэлийн үнэлгээ нь эерэг гарсан, эдийн засгийн хувьд үр ашигтай нь ТЭЗҮ-ээр батлагдсан томоохон бэлэн төслүүд алга” гэж. Өрөвдүүлэх тактик уу, айлгах төлөвлөгөө юм уу бүү мэд. Нэг ёсондоо “Мэргэжлийн” гэж өөрсдийгөө өргөмжилсөн Засгийн газар маань үйл ажиллагаагаа эхэлснээс хойш дотооддоо ч гадааддаа ч муу амлаж айлгасаар ирсэн. Одоо нийгмийн байдлыг харахад нээрээ л аймшигтай байна. Цаашид айлгаад байх ч шаардлага байна уу даа.
Зочин · 2016/09/30
Ene AN uls ornig samarch haychaad odoo bid bosgoson geed ulain tsaim yarih yum. Ard tumen ali hedinee songuuliar dvngee tawichaad bhad l zvtgeed bh yum. Baahan huuli hvchingvi bolgoson geed sensaatslaad bnlee.Ter huuliudig heregjvvlehin tuld olon terbum tugrugvvd yarigdaj bgan bnlee. Ter bolgonig hih bolomjgvi uchraas tuhain huuliudig tsutsalj bga bolow uu. Olon nit yag narin shirin zvilsig medehgvig n dalimduulj AN ih toglolt hij bnaa.
Бичээч · 2016/09/29
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. Сурсан чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай.
Зочин · 2016/09/29
nice