Зам, тээвэр санхүүгийн хүндрэлд орж эрсдэл үүрэх боломжгүй цаашлаад зогсонго байдалд ороод байгаа. Үүнээс гарах арга замын талаар Зам тээврийн хөгжлийн төвийн захирал асан Б.Наранбаттай ярилцлаа.

- Зам тээврийн хөгжилд юу чухал байв?

- Салбарын үе үеийн ахмад хүмүүсээс мэдээлэл цуглуулах, санал санаачлага авах уулзалт, зөвлөгөөн зохион байгуулж уулзсан. Үүнээс нэгдүгээрт зам тээврийн хөгжлийн нэр хүндийг өсгөх нь чухал байлаа. Үүн дээр анхаарч ажиллаж үйл ажиллагаа явагдаж эхэлсэн гэдэг мессэж хүргэх. Хоёрдугаарт санхүүгийн баталгаатай тогтвортой эх үүсвэртэй байх ёстой. Гуравдугаарт өнөөдөр явагдаж байгаа арга барилыг 100 хувь өөрчлөх ёстой юм байна гэж бодсон. Зам, тээврийн хөгжил гэдэг байгууллага нь замын бүх сүлжээ газруудтай ямар нэгэн ажлаар холбогдож ажиллах ёстой байна. Ингэснээр салбарын бүх өнцөг, булан бүрт хүрч ажиллаж чадвал нэр хүнд сэргэж, хэвийн үйл ажиллагаанд орох байлаа.

- Авто зам хэчнээн байгууллагуудтай хамтарч үйл ажиллагаа нь явагддаг вэ?

- Авто зам 6-7 сектэрт хуваагддаг. Хамгийн том масс нь авто зам барьдаг компаниуд. Дараагийн масс нь авто зам барьсны дараа засдаг, засвар арчилтын аж ахуйн төрийн өмчит болон хувийн хэвшлийн аж ахуйн нийлсэн байгууллагууд байдаг. Гуравт бол зөвлөх, зөвлөгөө үзүүлдэг компаниуд байдаг. Мөн авто зам, барилгын ажил хянадаг материал шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд байдаг. Эдгээр том масс компаниудад бид аль ч хэсэгт нь хүрч чаддаггүй байлаа. Энэ нь ажлын уялдаа, холбоо үүсэх, цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдэг нь харагдсан. Ингээд сувгуудыг нээж өгөх, яаж холбогдох вэ гэсэн асуулт гарч ирнэ. Барилгын салбартай зайлшгүй холбогдох шаардлагагүй гэдэг нь харагдсан.

Гол нь зөвлөх, зам засварын арчлалтын компанитай харьцах байгаа нь төвийн нэр хүнд унах гол шалтгаан гэж ойлгосон.

Засвар, арчлалт гэдэг нөгөө иргэдийн яриад байгаа зам, засвар хийж хөдөлгөөний аюулгүй байдал хангахгүй зам засахгүй байж мөнгө хураагаад байна гэсэн шүүмжлэл дагуулах гол оршин тогтнох үндэс, суурь.

- Юуг өөрчлөх вэ?

- Тогтолцоо нь өөрөө буруу. Ахмад буурлуудын өмнө гаргаж ирсэн тогтолцоог бий болгох. Энэ нь иргэд зам ашигласны төлбөр машины дунд, том овроос хамаарч мөнгө хураалгадаг. Үүнийг төрийн сан авдаг. Олон хүн мөнгө хураалгахдаа бухимддаг замаа засахгүй байж гэдэг. Төлбөр хураах цэгийн бодлогыг өөр төвшинд оруулах гэж оролдож бодлого, санал санаачлага гаргаж нилээд ажлыг хийсэн байгаа. Олон жил нэг хэсэг нь төлбөр өгсөн болж, нөгөө хэсэг нь авсан болоод байсан авсан мөнгөний зарцуулалт хуулийн дагуу явж байсан боловч эцсийн үр дүн эргэлзээтэй зарцуулагдаж байсан гэдгийг хэлмээр байна. Тодруулбал: Төлбөр төлнө тэрхүү мөнгийг хуулиараа төрийн санд орсныг салбарын сайд тушаал шийдвэрээрээ замын салбартай холбоотой 7-8 чиглэлд зам засвар хийлгэх зорилгоор өгөгддөг ч тухайн компаниуд дахин улсаас төсөв авах, ажилтай байх зэргээ бодож дутуу дулимаг ажил хийдэг. Үүнийг л би өөрчлөхийн тулд төлбөр хураадаг цэгүүдийг маш боловсронгуй болгох бодлого гаргасан юм. Технологийн хувьд ч хүмүүс төлбөр өгөхдөө ч бухимдахгүй өгөхөөс аргагүй дээ гэсэн нийтлэг бодолтой болгох өөр сэтгэхүйтэй өөр төвшинд байлгах үүднээс зорьсон. Цэгүүдээс орж ирсэн мөнгийг төлбөр хураадаг цэгт оруулах бодлого. Орлого оруулж ирдэг боловч тухайн цэгүүдэд мөнгө хөрөнгө ордоггүй дандаа бусад зам ашиглалтын компаниудад зарцуулагдаж явснаар олон жил үргэлжилсээр үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон байгаа юм. Бүх хөрөнгө оруулалтыг буцаагаад цэгүүдэд оруулснаар тухайн мөнгөөр эвдэрсэн зам, арчлалтад зарцуулах юм. Ингэхдээ төлбөр хураамжийн цэгүүдийг ойр ойрхон болгож 150-200 км-т нэмэгдүүлэх. Ингэснээр зам засварт мөнгө орно, мөн таны тав тух, машины эвдрэл, цаг хугацаа болон замын эвдрэлгүй болох мөн хурдан засагдах чанартай болох зэрэг нь нэмэгдээд ирэх тогтолцоо. Үүний тулд иргэн 2000 төгрөг төлнө ердөө 1000 төгрөг нэмэгдэнэ. Энэхүү стандартыг бий болгоход 45 цэг нэмж барих шаардлагатай. Тухайн үед надад байсан боломжит хөрөнгөндөө тааруулаад дөрвөн төлбөр хураах цэгүүдийг шинээр бариад ашиглалтад оруулсан юм. Сүүлийн 10 жилд нэмэгдээгүйг хэлмээр байна. Цаашид барихдаа орчин үеийн шинэ технологи ашигласан, камержуулах цэгүүд барих нь чухал. Төлбөр хураагдаад жилдээ 15 тэрбум төгрөг цугларах боломжтой гэсэн тооцоо, судалгаа гаргасан.

- Зам яагаад муу баригдаж, амархан гэмтээд байна вэ?

- Улсын төсвөөс мөнгө тавьж өгдөг тиймээс улсын төсөв боломжтой, боломжгүйгээс хамаараад хөрөнгө, төсөв оруулдаг. Улсын төсвөөс хараат бус болсноор улсын төсөв буурах, эдийн засгийн хямрал гэж зүйл огт хамааралгүй болох юм. Зам засвар, арчлалтын компаниудад зам засах мөнгө, төсөв өгөхдөө замын эвдрэлийг харж өгдөг. Замчид бол “нүх тоолох” гэж ярьдаг. Ингээд хэр их эвдрэлтэй түүнээс хамаараад улсаас мөнгө өгнө. Гол нь арчлалтын компаниудад замын эвдрэлийг харж хөрөнгө өгдөг нь маш буруу бодлого, тогтолцоо. Яагаад гэвэл тухайн компани ажлаа үргэлжлүүлэхийг хүснэ, улсын төсвөөс мөнгө авахаа бодох учраас хатуухан хэлэхэд зам эвдрээсэй гэж бодож анхнаасаа муу зам тавина. Ингэж байж улсын төсвөөс тэнд гэмтэл гарсан гэж мөнгө гаргуулж авдаг. Ингээд улсын төсөв мөнгө багатай бол бага хувиарлаж янзалсан болоод дахин эвдрэхдээ маш амархан юм хийгдээд байгаа юм. Тэгэхээр зам арчлалтын компаниуд улсын төсвөөс хараат бус болж байж шинэ зам хүлээн авах, засварлан, шинэчлэхдээ иргэдээс орж ирсэн зам ашигласны төлбөрийн мөнгөөр засварлаад явах юм. Ингэж чадвал чанартай, удаан ашиглах зам баригдана гэсэн үг юм. Тиймээс энэ санхүүжилтийн асуудал тогтолцоо, бодлогыг өөрчилж байж зам “хулихдах” гэдэг асуудал хаягдах юм.

- Авто замын хөгжлийг хэрхэн харж байна?

- Хүнд нөхцөлд байгаа олон аж ахуй нэгж байгууллагууд ихэнх нь зогсчихлоо. Хэд хэдэн асуудлаас болоод байна. Салбарын чиглэлийн судалгаа, шинжилгээ орхигдуулсан хөрөнгө оруулалтад хэд хэдэн бодлогын чанартай томоохон алдаанууд гарсан. Тэр нь салбарыг хүндрэлд оруулах шалтгаан болсон гэж харж байгаа.

Өнгөрсөн 2,3 хан жилийн дотор энэ салбарын хөрөнгө оруулалтыг 4 – 5 дахин нэмээд, буцаагаад 6-7 дахин багасгачихлаа. Зах зээл нь огцом тэлээд, огцом агшихаар тэр салбарт байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдлох нь мэдээж, ажлын байрууд тогтворгүй болох нь мэдээж, өрийн сүлжээ үүсэх нь мэдээж. Товчхондоо хэт их улс төржсөн, 4- хөн жилийн цикл харж хөрөнгө оруулалтын хэмжээг савлуулснаас болж салбар хүнд байдалд орсон гэж харж байгаа.

Дараагийнх нь авто зам барих хөрөнгө нь ямар эх үүсвэртэй байх ёстой вэ? гэдгийг бид маш сайн бодох ёстой байсан. Яагаад гэхээр Монгол улсад авто зам барих чухал уу гэвэл чухал, гэхдээ санхүүгийн ямар эх үүсвэрээр барих вэ гэдэг нь түүнээс ч дутуугүй чухал. Гэтэл бид богино хугацаатай, өндөр хүүтэй бондын мөнгөөр багагүй хэмжээний зам барьчихлаа. Манайхаас өөр ийм хөрөнгийн эх үүсвэрээр зам барьдаг улс байхгүй л болов уу.

Авто замын салбарыг зөвхөн зам барихаар төсөөлж, ойлгодог байдлаасаа салах цаг болсон. Авто замыг бүхэл бүтэн бие даасан систем талаас нь харж, энэ салбарт барих бодлогоо тодорхойлдог болох цаг ирчхээд байгаа юм. Энд бүхэл бүтэн 3 их наядаар үнэлэгдэх дэд бүтэц бий болчхоод байна. Энэ оны төгсгөлд бараг 4 их наяд орчим болох байх. Тиймээс асуудлыг цогцоор нь харах хэрэгтэй. Зам барих бол энэ цогц асуудлын зөвхөн нэг л хэсэг нь. Авто замын ашиглалт, хяналт, судалгаатай холбоотой, мөн энэ салбарын аж ахуйн нэгжүүдтэй холбоотой.

Би залуу хүмүүст хандаж хэлэхэд ахмад буурлуудынхаа үгийг сонсож, санал санаачлага, зөвлөмжийг сонсож байгаарай гэж олон дахин хэлмээр байна. Маш зөв, хамгийн оновчтой байдаг. Үе үеийн ахмад хүмүүс тухайн салбарт ажиллаж байсан хүмүүс хамгийн сайн зам чиглүүлэгч байдаг юм шүү гэдгийг хэлэх зүйтэй байна.

М.Буяжаргал

www.Cityinfo.mn