Хэрэг болсон "Станцын цэнхэр" хороолол

Саяхан Дорнод аймагт аймшигт аллага гарч олон нийтийг цочроогоод буй. Тус аллагын золиос нь долоон настай бяцхан хүү юм. Түүнийг амиа хорлосон хэмээн анх мэдээлэл цацагдаж байсан бол гадны нөлөөтэй амиа алдсан болохыг цагдаагийн байгууллага нотлоод байна. Уг хэргийн мөрөөр нэхэн сурвалжлалаа. Хэрэг энэ сарын 6-нд гарчээ. Дорнод аймгийн төв Хэрлэн сумын нутаг дэвсгэр “Станцын цэнхэр” гэдэг газар иргэн Цэдэвийн гэрт хэрэг үйлдэгджээ. Тухайн өдөр гэрийн эзэн Цэдэвдорж эзгүй байсан учир эхнэр Мөнхзаяа хүүтэйгээ хоёулхнаа гэртээ байжээ. Хүүг сургуулиасаа ирснээс хойш хоёр цаг гаруйн дараа буюу 16.00 цагийн орчимд ээж нь дэлгүүр орохоор гарч хүү гэртээ ганцаараа үлдсэн байна. Мөнхзаяа хоёр гудамын цаана байрлах дэлгүүр ороод 20 минут орчим болоод гэртээ иртэл хүү нь гар утасны цэнэглэгчний утсаар өөрийгөө боомилсон байдалтай хэвтэж байжээ. Ингэхдээ цэнэглэгч тогонд залгаатай байсан аж.

Талийгаач хүүгийн хамгийн сүүлд хийсэн гэрийн даалгавар

Мөнхзаяа гэрээсээ гарахдаа гар утсаа цэнэглэхээр тогонд залгаад орхисон байж. Тиймээс хүүгээ гар утсаар нь тоглож байгаад тогонд цохиулсан гэж бодсон байна. Ингээд түргэн тусламж дууджээ. Түргэний машинтай эмч нар ирж хүүг эмнэлэг рүү аваад явсан байна. Хүүд ээж нь ч тэр, эмч нар ч тэр тогонд цохиулсан гэдэг анхан шатны онош тавьжээ. Учир нь хүү эмнэлэгт ухаангүй ирсэн бөгөөд хараахан амьсгал хураагаагүй байсан байна. Тиймээс эмч нар хүүг үзээд тогонд цохиулж, тархинд нь шууд нөлөөлсөн учраас клиник үхэл явагдаж байна. Амьсгалж байгаа боловч ямар ч амьдрах найдваргүй, аажмаар үхэж байна гэж хэлсэн байна. Энэ хооронд Дорнод аймгийн цагдаагийнхан ч ирж. Ингээд бяцхан хүү шөнөдөө амьсгал хураасан байна.

ТАЛИЙГААЧ ХҮҮ МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛД СОНИРХОЛТОЙ БАЙЖЭЭ

Талийгаач хүүг Тэмүүжин гэдэг. Тэрээр Дорнод аймгийн тэргүүний нэгдүгээр арван жилийн сургуулийн Л.Одцэцэг багштай 2в ангид сурдаг байжээ. Ангийн багшийн хэлснээр бол хүү их цовоо сэргэлэн, давхраатай том алаг нүдтэй царайлаг хүү байсан байна. Үеийнхэнтэйгээ хичээл сурлагаараа ана мана өрсөлддөг сэргэлэн хүү байсан бололтой. Талийгаач хүүг ээж нь дандаа хичээлээс нь ирж авдаг байж. Хүү дээрээ нэг эгчтэй. Эгч нь гадаадад сургуульд сурдаг байна. Тэмүүжин хүү олон жилийн дараа эцэг, эхдээ заяасан айлын ганц хүү юм байна. Ихэнхдээ ээжтэйгээ хамт өдрийг өнгөрөөдөг байсан гэнэ.

Эндээс зүүн урагш яваад "Станцын цэнхэр" хороолол бий...

Үеийн найзууд нь ч түүнийг ихэд санаж байгаагаа дурсав. Ангийнхантайгаа их нийцтэй төдийгүй сурлага сайтай хүүхэд байсан тухай найзууд нь ярьж байна. Ялангуяа математикийн хичээлдээ толгой цохидог нэгэн байж. Ангийн багш Л.Одцэцэг “Манай шавь их сэргэлэн хүү байсан. Өнгөрсөн жил би нэгдүгээр анги авсан. Жил гаран энэ хүүхдүүдтэйгээ хамт байсан болохоор талийгаачийн талаар ангийнхандаа дуулгахад бэрх байсан” гээд хоолой нь зангирч байв. Ангийнх нь хүүхдүүд талийгаач хүүд зориулж мөнгө цуглуулж, ар гэрийнхэнд нь хандивласан бөгөөд буяны ажилд нь оролцоцгоожээ. Тухайн үед хүүг тогонд цохиулж зуурдаар амиа алдсан гэдэгт бүгд итгэсэн байж.

Энд талийгаач хүү суудаг байжээ

ХҮҮГ ЗУУРДААР БУС ГАДНЫ НӨЛӨӨТЭЙГӨӨР АМИА АЛДСАН БОЛОХЫГ ЦАГДАА НАР ИЛРҮҮЛЖЭЭ

Аймгийн нэгдсэн эмнэлэг болон ар гэрийнхэн хүүгийн үхлийн гол шалтгаан нь тогонд цохиулснаас болсон гэдэгт бараг л итгэж, буяны ажлыг нь зохион байгуулах ухааны юм бодож байсан бололтой. Харин цагдаагийнхан хэргийг арай өөр өнцгөөс харжээ. Түүнийг гадны нөлөөтэйгөөр амиа алдсан болохыг сэжиглэх хэд хэдэн шалтгаан байсан байна. Хүүг эмнэлэгт авчрахад хоолойн тус газар нь боосон мөр ажиглагдсан бөгөөд долоон настай хүү юугаар хэрхэн тоглох, тоглож болохгүй гэдгийг ялгаж салгах нас гэдэг нь гол зангилаа байв. Тиймээс хүүг хэрхэн амиа алдсаныг аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэхээр ажилласан байна. Хүүг гадны нөлөөтэй өнгөрсөн эсэхийг шалгахын тулд хамгийн түрүүнд эцгийг нь хардаж шалгасан бололтой. Тухайн өдөр хүүгийн эцэг Цэдэвдорж гэртээ эзгүй байсан бөгөөд Дорнод аймгийн Матад суманд байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Цэдэвдорж элдэв хэрэг төвөгт орооцолдож, өмнө нь ял эдэлж байсан авир муутай нэгэн учир ийн хардах шалтгаан болсон бололтой. Ямартай ч тэрээр эзгүй байсан нь тогтоогдсон учир өөр хэн нэгэн хүүгийн аминд хүрсэн байх магадлалтай хэмээн үзэж дахин шалгалтыг лавшруулан ээж Мөнхзаяагаас байцаалт авсан аж. Үүний үр дүнд нөхөр Цэдэвдоржийнх нь гэр бүлээс гадуурх харилцаа ил болсон байна.

 

Дорнод аймгийн цагдаагийн газар

АЙМАГТАА АЛДАРТАЙ “ХАР” ЦЭДЭВИЙГ ЯАГААД ЦАГДАА НАР ХАРДАХ БОЛОВ

Талийгаач хүүгийн эцэг аймагтаа нэлээд зартай нэгэн аж. Түүнийг нутгийнхан “Хар” Цэдэв гэдгээр нь андахгүй. Хүүхэд байхаасаа л хэрэг төвөгт орооцолддог байсан бөгөөд хэд хэдэн удаа шоронд ял эдэлж байжээ. Авир, ааш муутай гэдгээр нь ойр хавийн хүмүүс андахгүй гэнэ. Ялангуяа эхнэр Мөнхзаяаг нэлээд зовоож зодож, нүддэг байж. Бүр хэдэн жилийн өмнө өрөөсөн нүдийг нь хүртэл үзүүртэй зүйлээр сохолж байсан удаатай. Хамгийн сүүлд энэ хэргээс болж найман жил ял эдэлжээ. Улмаар шоронгоос суллагдан гарч ирээд эхнэртэйгээ эргэн нийлсэн байна. Зарим хүмүүсийн яриагаар бол эхнэрээ дарамталж байгаад буцааж авч суусан гэх. Тэрээр өдгөө 40 гаруй насны эр бөгөөд урд хөршөөс мотоцикль оруулж ирэн Матад суманд борлуулдаг юм байна. Ингэж овоо хэдэн төгрөгийн ашиг гаргаж адуу мал худалдаж авдаг болжээ. Одоо хувьдаа нэлээд мал хуйтай төдийгүй фермерийн аж ахуй ч эрхэлдэг байна. Ашиг хонжоо, худалдаа наймаанд гаршиж, амьдрал ахуйгаа дээшлүүлсэн ч ганзага нийлдэг нөхдийгөө залилах нь цөөнгүй. Тэгсэн атлаа өөрөө их заргач, хүн муутай нөхөр гэх яриа нутгийн иргэдийн дунд түгээмэл аж. Түүнчлэн эхнэрээ байнга дарамталж, хүчирхийлдэг гэдгийг захын хүмүүс хэлэх. Тиймээс цагдаагийнхны шалгах үндэслэл болсон бололтой. Харин эхнэр нь тусдаа амьдардаг ээжээсээ өөр ойр дотнын хүнгүй бололтой. Эхнэрийн хувьд “Хан Хэрлэн” худалдааны төвд барааны лангуун дээр сууж наймаа хийгээд олон жил болжээ. Талийгаач хүү Цэдэвийг шоронгоос суллагдсанаас хойш мэндэлжээ. Цагдаагийнхан Цэдэвийг хүүгийнхээ амь насыг хөнөөгөөгүй гэдгийг цаг хугацааны хувьд нотолсон учир ойр хавийн тойрон хүрээлэгчдийг нь шалгаж эхэлсэн байна.

А.АМАР

Үргэлжлэл бий...