Монгол Улсын Ерөнхий сайдын суудал хүчтэй ганхаж эхэллээ. Энэ суудлыг иргэд нуруун дээрээ үүрч явдаг тул үнэ нэмэгдэхэд ихэнхийнх нь өвдөг нугарч, өнөө маргаашгүй цалин нэмнэ гэж харуулдсаар цөхрөнгөө барсны илрэл энэ юм.

Өчигдөр УИХ-ын танхимд аливаа асуудлыг дүйвүүлж, урд өмнөх Засгийн газар руугаа түлхэж, хэрэг бишдээд ирвэл маасайтал маазарч, хэрэгтэй үедээ хариуцлага гээд хоосон үг дуугарчихдаг Ерөнхий сайдыг хэд хэдэн гишүүд ширүүн үгээр шилэмдээд авлаа.

Батзандан гишүүн ийм Ерөнхий сайдтай байхад Монгол улс элгээрээ мөлхөхөөс өөр аргагүй гэдгийг хэлсэн. Харин Р.Амаржаргал гишүүний үг бүр дотор арзасхийлгэв.

Энгийн түмэн энэ дээгүүр юу болоод, өөр дээр нь төр засгийнхан хичнээн их өр нэмээд, өөрсдөө хэдэн триллионийг ашиггүй үрээд явааг мэдэхгүй болохоор нэг бодлын сүх далайтал үхэр амар гэгчийн үлгэрээр амьдрах гэж зүтгэсээр яваа. Харин Р.Амаржаргал гишүүн 1.4 триллионоор тоглочихоод одоо маасайтал инээж суугаа сайд руу дайраад дайраад нэмэргүйг ойлгосон уу, УИХ-ын гишүүдийг унхиагүй ажлынхаа төлөө өөрсдөө иргэний зориг гаргаж огцрохыг уриалаад амжлаа. Гэвч түүнийг дэмжсэн нэг ч гишүүн гарсангүй. Аливаа юм бүр тартагтаа тулж, ард түмнийхээ нүүрийг харж чадахгүй болох үед л аргагүйн эрхэнд Р.Амаржаргал гишүүн өөрөө ч огцроход бэлэн байгаагаа хэлсэн нь энэ.

Харин Р.Амаржаргал гишүүний айхавтар энэ үгээ хэлж байхад С.Баярцогт гишүүн таг дуугүй доошоо тонгойн сууна.  Сая ам.долларын данстай явсан эрхэм маань Р.Амаржаргалын үгийг анзаарсан ч шинжгүй харагдсан.

Цаахна нь Г.Баярсайхан гишүүн бохь юмуу ямар нэгэн зүйлийг зажилж харагдана.  Энэ мэтээр УИХ-ын чуулган хуралдаж, зарим нь ичих булчирхайгаа ажиллуулж өөрсдөө огцроё гэж хэлж суухад зарим нь эрүү амаараа элдвийн юм зажлаад завгүйхэн өнгөрөөлөө.

Ямартай ч өчигдрийн УИХ-ын чуулган дээр Батзандан шиг шулуухан үгтэй, Р.Амаржаргал шиг огцроё гээд хэлчихэж чаддаг хоншоортой нь байсангүй.

Ард түмний урагш алхах хөл бүрэн сөхөрч, улсын хөгжил хөсөр унахад эрхэм Ерөнхий сайдын эрхэмсэг суудал инээд хөөртэйгээ оршсоор байх юм болов уу.

 

Р.Гэгээ