Нийгмийн даатгалын бодлого, чиглэл, үйлчилгээ, үйл ажиллагааны үр дүнг иргэд, даатгуулагчдад таниулах зорилгоор “Засгийн газар 100 хоног” арга хэмжээг нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүд зохион байгуулж байна.

Өчигдөр Нарантуул зах, Алтжин бөмбөгөр, Содон бөмбөгөр, “BSB” худалааны төвийн урд талбай, “Саруул худалдааны төв”, “Бэлх Плаза” худалдааны төв, “Буян налайх” худалдааны төв, Өлзийт хороолол зэрэг нийт 40 гаруй байршилд Нийгмийн даатгалын байцаагчид ажиллаж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын ач холбогдол, хууль тогтоомжинд орсон өөрчлөлтийн талаар нийт 3900 гаруй иргэнд мэдээ мэдээллийг өгч ажилласан байна.

Баянгол дүүргийн хэлтсийн хувьд найман хэсэг дээр зохион байгуулж байгаа бөгөөд Нийслэлийн эрүүл мэнд нийгмийн даатгалын газрын дарга Г.Болорсүх болон Захиргааны хэлтсийн дарга О.Байгалмаа нар ЭХЭМҮТ, П.Н Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Номин их дэлгүүрт очиж, ажлын явцтай нь танилцлаа.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн хэлтсийн хувьд Талх чихэр ХХК, Тесо ХХК-ний нийт 435 ажилтан, албан хаагчдад сургалт зохион байгуулсан бөгөөд нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах орлого, тэтгэвэр тэтгэмжийн тухай зөвлөгөө, мэдээлэл өгч сонирхсон асуултанд нь хариу өгснөөс гадна гарын авлага, сурталчилгааны материал тарааж ажиллажээ.

Сүхбаатар дүүргийн хэлтсийн хувьд “Улаанбаатар Их Сургууль“, “Их Засаг Их Сургууль“-ийн байранд зохион байгуулж, 30 гаруй оюутныг эрүүл мэндийн даатгалд хамруулан 150 гаруй оюутанд мэдээлэл, зөвлөгөө өгчээ.

Сурталчилгааны үеэр өрхийн эмч нар иргэд, даатгуулагчид болон худалдаа эрхлэгч, түрээслэгчдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж хөнгөлттэй эмийн жороор эмийг газар дээр нь олгож үйлчиллээ.

Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн талаар болон шимтгэл төлөлт, хөдөлмөрийн дэвтэр баталгаажуулалт, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл, тэтгэвэр тэтгэмж тогтооход баримт бичгээ хэрхэн бүрдүүлэх зэрэг асуудлаар сонирхсон асуултанд хариулт тайлбар, зөвлөгөө өгч ажилласан юм.

Түүнчлэн эрүүл мэндийн дэвтрийн баталгаажуулалт ,сайн дур болон нийгмийн даатгалын шимтгэлийн баталгаажуулалтыг газар дээр нь хийж үйлчилсэнд иргэд даатгуулагчид баяртай байна.

 

Энэхүү арга хэмжээ гурван өдөр үргэлжлэх бөгөөд иргэд та бүхэн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ, мэдээлэл, зөвлөгөөг авах боломжтой гэж Нийслэлийн эрүүл мэнд нийгмийн даатгалын газраас мэдээллээ.