Эдийн засгийн хөгжлийн яамны уур амьсгалд асуудал үүсээд байгаа бололтой. Ажил үүргийн хуваарь нь ч тодор­хой бус болж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр төсвийг хэлэлцэхэд “Сангийн сайд эзгүй тул”  гэсэн шалтгаанаар Эдийн зас­гийн хөгжлийн сайд, дэд сайд нар “асуугдах” жишээтэй.

Яаман дотроо бол сайдын болон дэд сайдын эв түнжингийн асуудал амгалан тайван ажиллахад нь саад тотгор учруулж “дажин” үүс­гээд байна.

Юуны өмнө тус яамны дэд сайд О.Чулуунбат салба­рын сайд Н.Батбаяр нар санал зөрөлдсөн хэвээр бай­гаа аж. Ажил хийж байгаа хүмүүсийн хувьд энэ нь хэвийн үзэгдэл мэт боловч өм­нөх дөрвөн жилд АН, МАН гэсэн “гал, ус” мэт хоёр хүчин хэрхэн “эвийн цавуу­гаар наасан мэт” албан тушаалдаа тогтоод байсантай харьцуулбал сонирхолтой л юм.

Эх сурвалжийн мэдээлснээр дэд сайд О.Чулуунбат өөрийн үзэл бодол дээр хатуу зогсож “Ажлаа өгсөн ч бэлэн” гэдгээ мэдэгдээд байгаа гэдэг нь анхаарал татаж байна.

“Чингис бонд”-оос болж “чихээ халууцуулах”-аа мэдсээр байж нэг завинд хамт суусан хоёр намын сайд дээр, дороо орохоос шалтгаалж тус яаманд ажиллаж буй хамт олон нь түгшүүр зарлаж эхэлжээ. Төсөв яаж батлагдах бол, энэ нь мөрөөдөж буй төслөөс хэрхэн танагдах, “Чингис бонд”-ын зарцуулалтын талаарх “танин мэдэхүйн” чанартай асуултад хэн хариулахаас эхлээд энэ яамныхны ажил үүргийн хуваарь тун сонирхолтой.

Уг нь гоё нэртэй энэ яамыг анхнаасаа “зохиохдоо” л сайн бодоогүй нь анзаарагддаг. Тэр тусмаа Засгийн газрын бүтцийг чадварлаг, цомхон болгоно хэмээн уриалж байснаасаа ухарч олон шинэ яам, агентлаг “зохиосон” нь ч мөн л өөр намынхантай “бялуу” хуваасантай холбоотой. Харин “бялуун дээрх лаа” унтарч амжаагүй байхад шахам хоорондоо толхилцоод эхэллээ. Энэ тохиолдолд Ерөнхий сайд ямар нэг тохироо хийх хэрэгтэй. Хэнтэй, хаана, хэзээ вэ гэдэг нь түүний асуудал. Ямар ч байсан Засгийн газраа, барьсан “өндөг”-өө базуулчихалгүй аврах үүрэг түүнд буй. Эдийн засгийн нөхцөл байдал тэртэй тэргүй сөрөг хүчнийхний “зууш” болчихоод байна. Гэтэл Үндэсний хөгжил шинэтгэлийн хороог яам болгож өөрчлөөд хоёр сайд “зүүчихээр” эдийн засаг сайжирчихгүй шүү дээ.

Нөгөөтэйгүүр Эдийн засгийн хөгжлийн яамныхан Монголбанк хөгжлийг онилсон мөнгөний бод­лого оруулж ирж байгаад сэт­гэл дундуур байгаа нь бүр ч сонирхолтой байгаа биз. Энэ юу зөгнөөд байна вэ. АН-ынхныг “Шу­дарга ёс” эвслийнхэнтэй холиод яам руу чихчихээр ийм нөхцөл байдал үүсэв үү. Эсвэл үнэнээсээ нөхцөл байдалд ийм дүгнэлт өгөөд байна уу гэдэг сонин. Түүнчлэн дэд сайд “Монголбанк алт цуглуулах үүрэгтэй” гэдгийг хэвлэл бүрт шахам ярих болов. Мартаагүй бол тэрбээр өөрөө Монголбанкны ерөн­хийлөгчөөр ажиллаж үзсэн. Алт цуглуулах амаргүй гэдгийг ч мэд­дэг баймаар. Хэрэв эдүгээгийн сайд “Фортуна” Батбаяр түүнд саад болоогүй бол 25 тонн байтугай алт цуглуулах байсан. Гэтэл жаргал, зовлонг мэдэх хүний хувиар биш, хөндлөнгөөс шүүмжлэх хандлагатай болсон нь “Хэрэв би Эдийн засгийн хөгжлийн яамнаас хөөгдвөл...” гэх үүднээс байсан юм биш биз гэх хардлагыг ч төрүүлсэн юм.

Хамгийн сонирхолтой нь Эдийн засгийн хөгжлийн яаман дахь эв найрамдалд “цөв” суучи­хаад байгааг Ерөнхий сайд эртнээс анзаараагүй гэж үү. Ядаж туршлагатай улстөрчийн хувиар мэдэрсэн л баймаар юм. Гэтэл өнгөрсөн пүрэв гарагт хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр бүх зүйл “зуун задгай” байгаа нь анзаарагдаж эрхэм гишүүдийг  төдийгүй иргэдийг бухимдууллаа. Ямартай ч ийм “эмоци”-оор олон удаа хуралдваас энэ яамаа эхэлж цэгцлэх хэрэгтэй болох нь. Эс­вээс Ерөнхий сайд Н.Батбаяр, О.Чулуунбат нарын “хар, хайр”-ын асуудалтай “биечлэн” танилцах хэрэгтэй бололтой. Тус яаманд хоёрхон хүн ажилладаггүй учраас хамт олон нь “маргаашийн тухай” бодох дургүй болсныг ч бодолцох нь зүйтэй биз ээ.

 

У.Оргилмаа