Танилц: Ногоон гэрлээр агентлагийн дарга болж буй эрхмүүдийн хэн нь хэн бэ
2016/10/17
Төрийн албаны зөвлөл өнгөрсөн долоо хоногт тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн дарга нарыг сонгон шалгаруулах шалгалтыг явуулж, уг шалгаруулалтад тэнцсэн гэх хүмүүсийн нэрийг Засгийн газарт хүргүүлсэн байна. Тодруулбал Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалтад орж тэнцсэн иргэдийн дүнг хүн тус бүрээр хэлэлцээд, тухайн ажлын байрандаа хамгийн өндөр оноо авсан Д.Мөрөнг Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар, Л.Зоригийг Татварын ерөнхий газрын даргаар, Р.Содхүүг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар, Ц.Ням-Осорыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар, Б.Нямдавааг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар, О.Алтансүхийг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар Б.Чинбатыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар, Ц.Шаравжамцыг Биеийн тамир, спортын газрын даргаар, Л.Бямбасүрэнг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар томилуулахаар нэр дэвшүүлж, саналаа Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэсэн аж.
Гэвч эдгээр эрхмүүд нь хэдийнэ үүрэг гүйцэтгэгчээр томилогдож тус албаныг "аваад" байсан ч ийнхүүТАЗ шалгаруулалт явуулж тэднийг тэнцүүлсэн нь олны анхаарлыг татав. Төрийн албаны зөвлөл нь тухайн албанд орохыг хүссэн хүмүүсээс хуулийн дагуу шалгалт авч, улмаар зохих байгууллагад нь саналаа хүргүүлэх ёстой. Гэтэл ийнхүү нэгэнт томилогдсон хүмүүсийг тоо ёсоор нь шалгалтад тэнцүүлж, Засгийн газарт хүргүүлж байгаа нь ёстой утсан хүүхэлдэйний үүргийг гүйцэтгэж байна гэлтэй.
Ямартай Засгийн газар үүрэг гүйцэтгэгчээр томилсон журмын нөхдөө ТАЗ-ийн шалгаруулалтаар оруулсан нэр зүүж энэ долоо хоногт хуралдах хуралдаанаараа баталгаажуулах нь. Тэгвэл ногоон гэрлээр агентлагийн дарга болж буй эрхмүүдийн хэн нь хэн бэ гэдгийг хүргэж байна.
Архангай аймгийн Хотонт суманд төрсөн. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Эрдэнэт хотын арван жилийн дунд сургуулийг 1977 онд, Хөдөө аж ахуйн дээд сургуулийг 1982 онд, ОХУ-ын Удирдлагын академийг 1988 онд, ШУТИС-ийг 1993 онд төгссөн. Инженер эдийн засагч мэргэжилтэй. 1982-1988 онд Сэлэнгэ аймгийн “Дулаан хаан” авто завсарын газарт инженер, 1985-1990 онд Хялганатын модны үйлдвэрт ерөнхий инженер, дарга, 1990-1992 онд Хялганат хорооны АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, 1992-1995 онд “Хан Уулс” компанийн захирал, 1995-2000 онд Сэлэнгэ зочид буудлын ерөнхий захирал, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2007 онд “Хос-Эрдэнэ” ХХК-ийн захирал, “Сэлэнгэ Эрдэнэт” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, 2007-2008 онд “Орон сууц” корпорацийн ерөнхий захирал, 2009-2012 онд Жижиг дунд үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байсан. Мөн Хялганатын намын хорооны нарийн бичгийн дарга, Эрдэнэт хотын намын хорооны тэргүүлэгч, Хүнд үйлдвэрийн яамны болон Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн гишүүн, Монголын хөрөнгийн биржийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Төрийн албанд 21 жил ажиллаж байна.
Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн. Эхнэрийн хамт амьдардаг. Нийслэлийн тавдугаар дунд сургуулийг 1975 онд, ОХУ-ын Эрхүү хотын их сургуулийн бэлтгэл анги 1976 онд, Донецькийн Улсын их сургуулийг 1981 онд,МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг 2000 онд төгссөн. АНУ-ын Мериландын их сургуульд Засгийн газрын төсөв, татварын бодлого, Тайландын үндэсний хөгжлийн институтад хөгжлийн бодлого төлөвлөлт, Вашингтон хотын Олон улсын валютын сангийн институтад санхүүгийн програмчлалын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Л.Зориг нь 1981-1988 онд Үнэ, стандартын улсын хороонд мэргэжилтэн, секторын эрхлэгч, хэлтсийн дарга, 1988-1989 онд Төлөвлөгөө, эдийн засгийн улсын хороонд хэлтсийн дарга, 1989-1990 онд Сайд нарын Зөвлөлийн Орлогч даргын туслах, 1990-1991 онд Нийгэм, эдийн засгийн улсын хороо, Үндэсний хөгжлийн яаманд газрын орлогч дарга, 1991-1992 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Эдийн засгийн бодлогын зөвлөлд референт, 1992-1996 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын албанд зөвлөх, ахлах зөвлөх, 1996-1998 онд “Монполь” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 1998-1999 онд Сэргээн босголт банк, Шинэчлэл банкинд эдийн засагч, хэлтсийн дарга, 2000-2008 онд Үндэсний татварын ерөнхий газрын дарга, 2009-2012 онд Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны дэд дарга, 2013-2016 онд Улсын Их Хурлын Дэд даргын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Төрийн албанд 30 жил ажиллаж байна.
Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1998 онд Ховд аймгийн Жаргалант сумын 10 жилийн 4 дүгээр дунд сургууль, 2002 онд Их Засаг их сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. АНУ-ын Колорадогийн техникийн их сургуульд төслийн удирдлагаар магистрийн зэрэг хамгаалсан. Англи хэлний мэдлэгтэй. 2002-2004 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Улсын Их Хурлын гишүүний туслах, 2005-2006 онд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд зохион байгуулагч, 2008-2009 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дэд дарга, 2009-2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга бөгөөд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын хэлтсийн дарга, 2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын зөвлөх, 2012-2013 онд “Монголын алт” ХХК-ийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Төрийн албанд 10 жил ажиллаж байна.
ЗГХЭГ-ын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Бямбасүрэн нь Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Итали Улсын Бокконийн их сургуулийг тус тус төгсчээ. Тэрээр БНСУ, Их Британид менежментийн чиглэлээр, Малайз Улсад даатгал, Тайванд хөгжлийн бодлогын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Багш мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй аж. 1994-1997 онд “Монгол даатгал” ТӨУҮГ мэргэжилтэн, менежер, 1999-2004 онд “Монгол даатгал” ХХК-д ерөнхий менежер, 2004-2007 онд Хүнс, хөдөө аж ахуйн яаманд сайдын зөвлөх, 2007-2010 онд Монголын ардчилсан социалист Залуучуудын холбоонд ерөнхий нарийн бичгийн дарга, 2010-2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2012-2015 онд “Миг даатгал” компанид зөвлөх, ТУЗ-ын даргаар ажиллаж байсан. 2015 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж байсан. Төрийн албанд 12 жил ажилласан туршлагатай аж.
Хурандаа Д.Мөрөн нь Нийгмийн аюулаас хамгаалах яамны Цэргийн тусгай сургууль болон ЗХУ-ын Дотоод явдлын яамны академийг төгссөн. Хуульч мэргэжилтэй юм байна. 1980-1983 онд Төв аймгийн Цагдан сэргийлэх ангид хэсгийн төлөөлөгч, 1988-1990 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Эрүүгийн хэргийн эрэн сурвалжлах хэлтэст төлөөлөгч, ахлах төлөөлөгч, 1990-1994 онд Цагдаагийн ерөнхий газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах төлөөлөгч, чиглэлийн ахлах ажилтан, 1994-1997 онд Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, 1997-1998 онд Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, 1998-1999 онд Цагдаагийн ерөнхий газрын дарга, 2000-2004 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанд ахлах референт, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2006-2007 онд Монгол Улсын сайдын зөвлөх, 2007-2012 онд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн газрын даргаар ажиллаж байгаад 2015 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн Хууль, эрхзүйн бодлогын газрын даргаар ажиллаж эхэлсэн байна. Тэрээр төрийн албанд 25 жил ажиллаж байгаа аж.
Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн байна. Тэрээр ШУТИС-ийн Холбоо мэдээллийн технологийн сургуульд мэдээллийн технологийн инженер мэргэжил эзэмшжээ. 1999-2002 онд Гаалийн ерөнхий газрын Статистик мэдээллийн төвд программист, 2003-2004 онд Япон улсын “Yamamoto” компанид программист, 2004-2008 онд “Бьютик Монгол” компанид программист, 2008-2009 онд Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, 2009-2013 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын даргаар тус тус ажиллаж байсан. 2013 оноос “Монгол Солонгосын мэдээлэл технологийн хөгжлийн холбоо” төрийн бус байгууллагад зөвлөхөөр ажилласан. Төрийн албан найман жил ажиллаж байна.
Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төржээ. О.Алтансүх МУИС-ийн Нийгмийн ухааны факультет болон Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг тус тус дүүргэжээ. Тэрээр улс төр судлаач, нийгэм судлалын багш мэргэжилтэй аж. 2000 онд “Зууны мэдээ” сонинд сэтгүүлч, 2003-2004 онд Ховд аймгийн МАХН-ын хороонд улс төрийн ажилтан, 2004-2005 онд Нийслэлийн хүүхэд залуучуудын ерөнхий газарт менежер, 2005-2008 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын холбоонд нарийн бичгийн дарга, 2008 онд УИХ-ын Тамгын газрын Бодлогын шинжилгээний хүрээлэнд референт, 2008-2009 онд УИХ-ын гишүүний шадар туслах, 2009-2012 онд НАМЗХ-нд ерөнхий нарийн бичгийн дарга, 2012 онд МАН Хэрэг эрхлэх газар Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2015 онд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын Ачаа, шуудан терминалын газрын дарга, Монголын залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Төрийн албанд найман жил ажилласан туршлагатай аж.
Сүхбаатар аймгийн Баруун Урт суманд төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1991 онд Эрдэнэт хотын 10 жилийн дунд сургууль, 1997 онд Эрдэнэт хотын Гадаад хэлний дээд сургууль, 2002 онд “Отгонтэнгэр” их сургууль, 2014 онд “Чингис хаан” дээд сургуулийг төгссөн. Орчуулагч, түүхч, эрх зүйч мэргэжилтэй. Түүхийн ухааны магистр зэрэгтэй. Орос, англи, словак хэлний мэдлэгтэй. 1993-2001 онд Сагсан бөмбөгийн “1+11” клубд тамирчин, 2005-2007 онд “Цаст” дунд сургуульд маркетингийн менежер, 2008-2010 онд “Кингс кидс” дунд сургуульд багш, 2010-2012 онд Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга, 2012-2014 онд “Шаравжамц старс” сагсан бөмбөгийн клубийн захирлаар ажиллаж байсан. 2015 оноос Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирлын зөвлөхөөр ажиллаж байна. Төрийн албанд зургаан жил ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн. Эхнэрийн хамт амьдардаг. 1971 онд Сэлэнгэ аймгийн 10 жилийн сургуулийг, 1977 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг, 1990 онд Намын дээд сургуулийг төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Магистр зэрэгтэй. 1971-1973 онд Сэлэнгэ аймгийн Орхон сумын дунд сургуульд багш, 1976-1978 онд Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газарт байцаагч, 1978-1982 онд Сэлэнгэ аймгийн Баянхараатын сангийн аж ахуйд ерөнхий санхүүч, 1982-1988 онд мөн аймгийн Орхоны сангийн аж ахуйд ерөнхий санхүүч, 1990-1991 онд Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг дарга, 1991-1992 онд Сэлэнгэ аймгийн Ардын депутатын хурлын газрын гүйцэтгэх захиргаанд Санхүүгийн хэлтсийн дарга, 1992-1995 онд Сэлэнгэ аймгийн 1 дүгээр орлогч дарга, 1995-1996 онд Үнэт цаасны хороонд хэлтсийн дарга, 1996-2004 онд Улсын Их Хурлын гишүүн, 2004-2011 онд Хөрөнгийн биржийн захирал, 2011-2012 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, 2015 онд Үндэсний статистикийн хорооны дэд даргаар ажиллаж байсан. Төрийн албанд 37 жил ажиллаж байна.
24tsag.mn