Буудуулсан залуу “атаман” Мөөнөөгийн хүү, буудсан нь бизнесмений хүү
2013/10/20
Налайх дүүргийн II хороо, “Mustang” баарны гадна энэ сарын 18-нд Баянгол дүүргийн иргэн Э машиндаа зургаан удаа буудуулж амиа алдсан ноцтой хэрэг гарсан билээ. Энэ талаар олны танил хүн Налайхад зургаа буудуулж нас барлаа гэсэн мэдээлэл амралтын хоёр өдөр цацагдсан. Гэвч энэ хэрэгт олны танилуудын үр хүүхдүүд холбоотой болох нь тогтоогджээ.
Сүүлийн үед шинэ монголчуудын “даварсан” гэж хэлж болохоор хүүхдүүд буруу өсч бухын ширнээс хатуу “тоглоцгоож” нэгнийхээ аминд хүрч байгааг “Сод Монгол”-ын Анандбазарын хүүгийн ёс бус үхэл зэргээс харж байгаа билээ. Энэ удаагийн хэрэг ч түүнтэй төстэй үйл явдал байж магадгүй гэнэ. Энэ сарын 17-оос 18-нд шилжих шөнө Налайхад гарсан хүн амины хэргийн холбогдогч буудуулсан, буудсан хоёр хоёулаа 1986 оны залуучууд. Талийгаач Э нь цагтаа “Яармагийн гурван бүдүүн” гэдгээрээ алдартай байсан ах дүү гуран “атаман”-ы Мөөнөөгийнх нь хүү юм байна. Харин энэ хэргийн сэжигтэн А.Мэндбаяр бол хороололд ажилладаг байсан “Sun town” баарны эзний хүү аж.
Сэжигтэн А.Мэндбаярын аав нь банкны О.Чулуунбаттай нэлээд ойр нөхөрлөдөг нэгэн. А. М-нь Бээжин, Гонгконг, Сингапур зэрэг газарт очиж хулгай хийдэг нөхөр байсан гэж мэдэх нэг нь ярьж байгаа юм. Түүнийг цагдаагийнхан нотлох баримтаар хөдөлгөөнгүй тогтоож, шуурхай ажиллан баривчилжээ. Бидний авсан мэдээллээр А.Мэндбаяр гэмт хэрэг хийх үедээ хэрэглэсэн буугаа, маш олон тооны сумны хамтаар Төмөр замын вокзалын тээш хадгалах газарт хийж хадгалсан байжээ. Тэрбээр Чингис хаан нисэх онгоцны буудлаас нисэх гэж байгаад баригджээ.
Х.Даваа