Ахмад настан, алдар цолтнуудад нэмэгдэл, хөнгөлөлөлт олгоно
2016/10/26
Ахмад настны тухай болон алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
Эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, мэдлэг, ур чадвараа өвлүүлэн үлдээх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжийг нь нэмэгдүүлэх үүднээс хуулийн төслүүдийг боловсруулжээ.
Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрт Ач санах хууль баталж, азай буурлууддаа “Насны хишиг” олгох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгасан. Энэ дагуу 65 ба түүнээс дээш насны ахмадууддаа жилд хоёр удаа 100-300 мянган төгрөг олгохоор ирэх оны төсвийн төсөлд тусгаад байгаа юм.
Ахмад настны тухай хуулийн төсөл нь ахмад настны амьжиргаа, хөгжил, оролцоог дэмжих, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх зорилготой бөгөөд 4 бүлэг, 17 зүйлтэй. Ахмадуудад лавлагаа, мэдээллийн зөвлөгөө өгөх, сургах, хөгжүүлэх явуулын үйлчилгээ үзүүлэх, хэрэгцээтэй дэмжлэг, туслалцаа, үйлчилгээний талаарх мэдээллийг утсаар болон онлайн хэлбэрээр хүргэх зэрэг шинэлэг хэлбэрийн ажлыг хэрэгжүүлэхэд 750 сая төгрөг зарцуулахаар төлөвлөв.