-Том бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэх, хөрөнгө оруулалтыг босгох чиг үүрэгтэй Хөгжлийн банкийг татан буулгахгүй юм гэхэд түр хугацаанд цомхотгох төлөвлөгөөг Засгийн газар боловсруулж буй бололтой-


Монгол Улсын байгалийн баялаг хөрөнгө оруулагчдын шохоорхлыг татаж, төмөр зам, Сайншанд, Тавантолгой, Оюутолгой гээд нэр нь хүртэл шүлэг шиг сонсогдох томоохон бүтээн байгуулалтууд олон хүний сэтгэлийг цэлмээж байсан тээр жил Хөгжлийн банк хэмээх шинэ бүтцийг Засгийн газрын шийдвэрээр 2010 оны долоодугаар сард байгуулж байв. Үүнээс хагас жилийн дараа УИХ-аар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг баталж, хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй, ашгийн төлөө, төрийн өмчит хуулийн этгээд байхаар хуульчилсан юм.
Монгол Улсын хөгжилд үлэмж нөлөөтэй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг арилжааны банкуудын зээлээр санхүүжүүлэх боломжгүй байгаа учраас өндөр үнийн дүн бүхий хөрөнгө оруулалтын зээлийг урт хугацаатай, бага хүүтэйгээр Хөгжийн банкнаас санхүүжүүлэн явах ёстой гэсэн үзэл баримтлал дээр тус банкийг байгуулж байлаа. Албан ёсны нээлтээ 2011 оны тавдугаар сард хийж, ёслолын туузаа хайчилсан тус банк 2012 онд Чингис, Самурай бонд босгоход амжилттай ажиллаж, уг эх үүсвэрээс төсөл, хөтөлбөрүүдэд санхүүжилт олгох ажлыг зохион байгуулж ирсэн юм. Хэдийгээр ямар төсөл, бүтээн байгуулалтад хэдий хэмжээний санхүүжилт олгохыг УИХ, Засгийн газар буюу тухайн үеийн эрх баригчид шийдвэрлэж, тэр дагуу нь эх үүсвэрийг Хөгжлийн банк хуваарилж байсан ч өдгөө хуучин удирдлагууд нь хуулийн байгууллагад шалгагдаж эхлээд буй.
Улсын төсвөөс гадуур дахиад нэг том төсөвтэй болчихлоо гэсэн шүүмжлэлийг тухайн үеийн сөрөг хүчин МАН эрх баригчдад хаяглаж байсан бол өдгөө тус нам эрх баригч болчихоод байна. Өмнөх парламентад сөрөг хүчин байх үедээ Хөгжлийн банкинд ажлын хэсэг оруулж, өөрсдөө түүнийгээ ахлан ажиллаж байсан МАН-ын гишүүд өдгөө ч шалгалтаа үргэлжлүүлсээр байгаа.
Өнгөрсөн дөрвөн жил төрийн эрх барьсан Ардчилсан намын хийсэн ажил, хэрэгжүүлсэн бодлогуудаас цөөнгүйг нь өнөөдөр МАН-ын олонх бүхий УИХ-ын түвшинд хэлэлцэн унагаж, эс бөгөөс хойшлуулан гацааж байгааг цэвэр улс төрийн өрсөлдөөнтэй холбон тайлбарлах хүмүүс олон байна. Нэг үгээр бол Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Мөнхбатыг баривчлан хорьж байгаа, Эдийн засгийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн асан Н.Батбаярыг мөн байцааж байгааг ч улс төр хэмээн үзэж буй. Үүнээс үүдээд Хөгжлийн банкны үйл ажиллагааг шинэ Засгийн газар цаашид чухам ямар байдлаар удирдан авч явах бол гэсэн хүлээлт тодорхой хүрээнд үүсээд байгаа юм.
Тусгай чиг үүрэгтэй, өөрийн гэсэн тусгайлсан хуультай тус банкны үйл ажиллагаа өнгөрсөн жилүүдэд бүхэлдээ буруу, хууль бус байсан мэт ойлголт нийгэмд бий болчихоод байгаа энэ үед тус банкинд бүтэц, орон тооны цомхотгол хийж, 60 орчим хүний ажлын байрыг цомхотгоно гэсэн сураг сонсогдож эхэллээ.
Мега төслүүдийг санхүүжүүлэх нь бүү хэл, төсвийн алдагдлаа нөхөх хуримтлалгүй болчихоод байгаа эдийн засгийн нөхцөл байдлыг тооцоолж үзвэл орон тоо цомхотгох байтугай татан буулгах шаардлага үүссэн байхыг үгүйсгэхгүй. Эдийн засаг хөөсөрч, өндөр өсөлттэй нисч явах үед тухайн улс орон мега төслийн мөрөөдөлд автдагийг Ерөнхий сайд асан М.Энхсайхан хэлж байсан. Үнэхээр хөөрөлт, нисэлтээс хямрал руу газардчихаад байгаа энэ үед мега төслүүд ч бас гацчихаад байгаа нь үнэн. Тэглээ гээд тэдгээр том бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэх, хөрөнгө оруулалтыг босгох чиг үүрэгтэй Хөгжлийн банкийг татан буулгахгүй юм гэхэд түр хугацаанд цомхотгох төлөвлөгөөг Засгийн газар боловсруулж буй бололтой.

Эх сурвалж: