УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн  хуралдаанаар  Монгол улсаас зарим оронд суух Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах асуудлыг хэлэлцлээ.
 
Улмаар
-Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашийн Билэгдорж,
-Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Зоригтын Чинтүшиг
-Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ганхуурайн Баттунгалаг
-Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Равдангийн Болд,
-Бельгийн Вант Улсад суух бөгөөд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Одын Оч,
-Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямаагийн Наранбат,
-Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашжамцын Батсайхан нарыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнхи нь дэмжсэн юм. 
 Санал хураалтын өмнө УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авав.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
 
"Ерөнхий сайд нараар ажиллаж байсан хоёр хүн буюу С.Баяр, М.Энхсайхан нарыг  Элчин сайдаар томилохыг дэмжихгүй.  Дэлхийд нөөцөөрөө тэргүүлж байгаа  Оюу Толгойн орд яагаад Монголд ашиг өгөхгүй байна.
Гэрээ хийгдэх үед С.Баярыг яаж байсныг маш сайн санаж байна. Энэ гэрээг хий гээд  АН-ынхныг загнаад “Би хар толгойгоороо хариуцна” гэж байсан. Таныг дэмжиж чадахгүй. 8 жилийн өмнө буюу 2008 онд УИХ-ын  сонгуулийн маргаанаас болоод 5 хүний амь үрэгдсэн. Үүнд тухайн үеийн төр засгийн удирдлагууд буруутай. Та бохь зажлаад, гараа зөрүүлээд барьцан их пээдгэр байна.
 
Бас Ерөнхий сайд асан М.Энхсайханыг дэмжиж чадахгүй. Та бол Монголын аж үйлдвэрийг нураасан хүн. Импортын татварыг та тэглэсэн. Монголын аж үйлдвэр, үндэсний үйлдвэрлэгчид элгээрээ хэвтэнэ шүү гээд С.Зориг гуай хэлээд таныг дийлээгүй шүү. Тэр үед би үйлдвэрлэгч байсан. Энэ 20 жилийн хугацаанд Монгол улс үйлдвэрлэгч биш хэрэглэгч улс болон хувирсан гэлээ.Таны балгаар" гэв.