Нийслэлд нийт 94 их дээд сургуулийн 140,000 гаруй  оюутан суралцаж байгаа гэсэн тооцоо байдаг. Үүний тал хувь нь хөдөө орон нутгаас ирж  суралцаж байгаа оюутнууд бөгөөд  тэдний хувьд  дотуур байрны хүрэлцээ асар муу байдаг.  Тэгвэл энэ асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэхийн тулд  оюутны хотхонд  1000 оюутны байрыг барьж байгаа билээ.  Xоёр корпус бүхий уг байрыг 2011 оны тавдугаар сараас эхлэн барьж, өнгөрсөн оны наймдугаар сард ашиглалтад өгөх ёстой байсан. Өнөөдрйиг хүртэл ашиглалтад оруулаагүй л байна.  Улсын  төсвөөс  4.5 тэрбум төгрөгийн  өртөгөөр боссон байр А, Б хэсгийн барилгын ажлыг “Хан хөхий”, “Хөвсгөл геологи” компани  тус  тусдаа  гүйтэтгэж  байгаа.  “Мянган оюутны байр”-ны “Хөвсгөл геологи”  компанийн хариуцсан  Б  байр  ашиглалтад  ороход бэлэн болсон байна. Тиймээс ирэх долоо хоногт Улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байгаа  ажээ. Өөрөөр хэлбэл энэ  байрны ус, дулааны асуудал бүрэн шийдэгдсэн байна. Харин нөгөө байрны барилгын ажил дууссан ч дулааны болон бохирын асуудлыг шийдвэрлээгүй тул ирэх оноос өмнө ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй юм байна. Тодруулбал А  байр  нь  дотоод  засал  чимэглэл,  монтажаа  хийж  байгаа бөгөөд   дулаан,  цахилгаан,  цэвэр  усыг  нь  холбож  өгөхгүй  байгаа гэнэ.  Тиймээс  ойрын  хугацаанд ашиглалтад оруулах  боломжгүй  юм.  Учир нь тус байрны  дулаан,  цахилгааныг  нь  холбож  болох  ч  цэвэр  усанд  холбоход  шугам  сүлжээ  нь ачааллаа  дийлэхгүй  ажээ.    Өмнө  нь   цэвэр  усанд  холбосон  ч  хоолой  нь удаа дараа хагарч байсан юм байна. 

Харин энэ мэдээллийг МОХ-оос үгүйсгэж, БШУЯ-аас төсвийг нь шийдвэрлэж өгөөгүй хэмээн тайлбарлаж байсан юм.  Тодруулбал МОХ-ны  олон  нийттэй  харилцах  мэргэжилтэн   Э.Батжаргал: “Барилга  гүйцэтгэгч  компани  болон  МОХ-ноос  хариуцан хийх ёстой бүх ажлаа  үүргийнхээ дагуу хийчихсэн байгаа.  Харин  БШУЯ-ны  Барилга  захиалагчийн  албанаас  улсын  комисс  оруулж өгөхгүй  байна.  Тэд  цахилгаан,  дулаан,  усанд  холбогдох  мөнгө  төгрөгийг  нь  төлөөгүй  юм  билээ” хэмээн тайлбарласан.  Өөрөөр хэлбэл  БШУЯ-аас л мөнгийг нь шийдээд өгчихбөл  цөөн оюутан  байрандаа орох боломжой болоод байгаа юм.

Хэрвээ энэхүү байр ашиглалтад орбол  оюутнууд тохилог, дулаан, стандартад нийцсэн дотуур байранд амьдрах юм.Нэг өрөөнд дунджаар гурваас дөрвөн оюутан амьдрах боломжтой. Энэ дотуур байрны өрөө бүр угаалгын өрөөтэй байх бөгөөд дөрвөн хүүхэд амьдрах боломжтой том өрөө нь тусдаа гал тогоотой байх аж. “1000 оюутны байр”- нд улсын болон хувийн хэвшлийн аль ч сургуулийн оюутан амьдрах боломжтой ажээ. Байрны төлбөрийн хувьд бусад оюутны байраас  өндөр өртөгтэй ба  оюутнуудын төлбөрөөр сан бүрдүүлэн дараагийн оюутны байрыг барихад зарцуулахаар төлөвлөөд байгаа юм байна. 1000 оюутны байранд амьдарч байгаа оюутан цахилгаан, дулааныхаа төлбөрийг өөрсдөө төлөх юм.

Э.Мөнгөн